logo
Ерөнхий сайд С.Батболд Залуучуудын улаанзагалмайн хөдөлгөөний хүндэт гишүүн боллоо

Ерөнхий сайд С.Батболд Залуучуудын улаанзагалмайн хөдөлгөөний хүндэт гишүүн боллоо

2012/05/05
Монгол Улсын Засгийн газар Үндэсний Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовж нар гарын үсэг зурж гэрээг баталгаажууллаа. Улаанзагалмайн нийгэмлэг нь аливаа улсад ганц байх зарчимтай, тусгай эрх бүхий байгууллага юм.  
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэрээ байгуулж байгаа нь нэг байгууллагын эрх ашиг, явцуу хүрээний асуудал огт биш. Монголын төр засаг хүмүүнлэгийн чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг бий. НҮБ-д гишүүнээр элсэхдээ ч Улаан загалмайн нийгэмлэгт дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах үүрэг амлалт авсан байдаг гэдгийг энэ үеэр хэлж байлаа.
Харамсалтай нь өмнөх хугацаанд Үндэсний улаан загалмайгаа бид  эрүүл мэндийн салбар мэтээр, төрийн бус байгууллагатай адилтган харилцаж төр улаан загалмайн хамтын ажиллагааны эрх зүйн тогтолцоог бүрэн зохицуулж чадаагүй ирсэн гэдгийг ч Засгийн газрын тэргүүн С.Батболд тэмдэглэлээ. Төр засаг Улаанзагалмайтайгаа хамтран ажилладаг, төрөөсөө санхүүгийн дэмжлэг авч байж хүчирхэг хөдөлгөөн болж хөгждөг дэлхий нийтийн жишиг байдаг гэдгийг Ерөнхий сайд дурьдаад Засгийн газар хамтын ажиллагаагаа зөв тогтолцоонд оруулж шинэ шатанд гаргах, дэмжлэг үзүүлэх, чадамж чадавхийг нь  нэмэгдүүлэхийн тулд ийм гэрээ байгуулсан гэдгээ онцоллоо.
300 гаруй мянган гишүүнтэй МУЗН-ийн дэргэдэх Залуучуудын Улаан загалмайн хөдөлгөөн нь 60 гаруй мянган гишүүнтэй ажээ. Тус хөдөлгөөнийхөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг хүндэт гишүүнээрээ өргөмжиллөө.
 “Сайн санааны үзүүрт тос гэдэг. Хүүхэд залуучууд та бүхнээс эрч хүч, сайхан энерги цацарч байна. Өнөөдөр манай улсад ийм сайн сайхан сэтгэл хэрэгтэй байна гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүндэт өргөмжлөл авсныхаа дараа хэлээд ийм сайн сайхны үрийг хүүхэд залуучууд та бүхэн тарьж байгаад баяртай байна гэлээ. Мөн сайн үйлсийн эгнээндээ элсүүлсэнд талархаад хүмүүнлэгийн үйлсийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Бусдын тусын тулд бие сэтгэлээ зориулж оюун санааны амар амгалан, энэрэл нигүүлслийг хайрлаж, хүмүүсийг ёс суртахууны шинэ хандлагад уриалан дуудсан хүмүүнлэгийн баатруудыг энэхүү арга хэмжээний үеэр мөн танилцуулж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нигүүлсэнгүй үйлстнүүдийн шагналыг гардуулж баяр хүргэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш