Данийн зохион бүтээгчид тээвэрлэж зөөвөрлөхөд амар хялбар, угсархад амархан байшин бүтээсэн байна. Байшинг нийслэл Копенгагенаас хойш 60 км-т хот суурин, хүний хөдөлгөөнөөс хол газар барьсан байна. Энэ байшингийн онцлог нь кран болон бусад барилгын машин техник ашиглах шаардлагагүй. Харин компьютер болон том принтер байхад л болох юм байна. 1:1 АРКИТЕКТУР компанийн дизайнер Николас Бёорндалын ярьж байгаагаар тэд эхлээд байшингийнхаа зураг төсөл, загвар, архитектурыг гаргаад дараа нь 3 хэмжээст технологи ашиглан мэдээллийг компьютерт оруулан автоматаар модон хавтан фанеруудыг хэрчиж, өрөмдөн угсархад бэлэн болгоно. Өрөм болон хөрөө мөн компьютержсэн байдаг байна. Өөрөөр хэлбэл яг л принтер буюу хэвлэх машинтай адил процесс юм байна. Мэдээллээ компьютэрт оруулаад команд өгөхөд угсархад бэлэн болсон фанер хавтан болгон үйлдвэрлэгдэнэ гэсэн үг юм. Түүхий эдээ Финляндын нөхөн сэргээж, зөв зохистой, ашигласан ой модны үйлдвэрээс авчирна. Дараа нь фанер болгон хөрөөдөж боловсруулна. Захиалга өгснөөс хойш яг нэг сарын дараа байшин болгон угсархад бэлэн болсон хавтангууд бэлэн болно. Николас Бёорндалтай хамт ажилладаг Фередерик Агрупийн ярьснаар тэд хямд төсөр аргаар байшин барих, цаашлаад байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Модонд хэмнэлттэй байхын тулд ийм төрлийн угсардаг байшин зохион бүтээжээ. Тэд тоосго эсвэл цемент ашгладаггүй зөвхөн мод ашиглаж байгаа. Хүмүүс зун, өвлийн байшин барих болвол тэдний угсардаг байшинг худалдан авч болох юм байна. Хананы завсар бага зэрэг нимгэн ган байрлуулж өгснөөр нарны эрчим хүчээр байшинг халаах боломжтой болж байна. Данийн Технологийн Институт тэдний бүтээлийг өндрөөр үнэлж, хэлбэр хийц, дизайн гээд ер нь л барилгын салбарт хувьсгал хийсэн ажил болсон байна гэж дүгнэсэн байна. Угсардаг хялбар хийцтэй байшин зохион бүтээгчид Норвеги, Хятад зэрэг улсуудын зах зээлд гаргахаар бэлтгэж байна. Тэдэнд өөр улсад үйлдвэрлэлээ явуулах боломжтой. Тэдэнд зөвхөн түүхий эд, компьютер, програм, принтер байхад л болох юм байна.
Shuum.mn
Shuum.mn