-Цөмийн аюулын эсрэг дуу хоолойгоо өргөхөөр "Бүү март! Бүү давт!" жагсаалыг бид зохион байгуулж байна. Өнөөдөр Чернобылийн ослын 26 жилийн ойн өдөр. Хүн төрөлхтөн цөмийн аюул, хор хөнөөлийг яс махандаа тултал мэдэрсэн харамсал гашуудлын өдөр. 26 жилийн тэртээ Чернобылийн АЦС дээр гарсан аймшигт ослоос болж, ард иргэд, байгаль орчин, улс орны эдийн засагт хэмжээлшгүй их гарз хохирол учирсан.
Дэлхий нийт хоцрогдсон, аюултай цөмийн эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг сонирхож байна. Харин Монгол улсад л уран олборлох, АЦС байгуулах, цөмийн хог шаарыг булшлах төлөвлөгөө эрчимтэй хэрэгжиж эхэллээ. Манай АНМ бүлэг 2011 оны 6-р сард байгуулагдсан бөгөөд, Монгол улсын үндэсний аюулгүй байдал, хүн ардынхаа эрүүл мэнд, сайн сайхны төлөө зовнисон эх оронч, шударга иргэдийн холбоо гэв.
Бүлгийн гишүүн Т.Минжүүр:
-Монгол улс АЦС барьж, уран олборлож, цөмийн түлш зээлдүүлэх үйлчилгээ явуулна гэдэг бол ирээдүйгээ бодоогүй, харалган, явуургүй, Монгол улсыг мөхөөх аюултай бодлого гэж бид үзэж байна. Бид аль нэгэн нам, улстөрч, улс төрийн хүчнээс хараат бус. Бид бол та нарын ижил жирийн монгол иргэд. Гэвч бидний цээжинд зөвхөн эх орныхоо төлөө гэсэн монгол хүний халуун зүрх цохилдог юм шүү! гэв.
Бүлгийн гишүүн, сурагч Э.Ивээлсайхан:
-Өнөөдөр хүн төрөлхтөн зуу зуун мянган жилийн туршид цацрагаар хордуулдаг хаягдалтай АЦС-иас татгалзаж байна. АЦС-иас жилдээ 30 тонн үхлийн аюултай цемийн түлшний хаягдал ялгардаг. Гэтэл Монгол улсад АЦС барих гээд байна. Наанаа барихгүй гэчихээд, цаагуураа эсрэг зүйлийг хийж байна. Монгол улс хоёр дахь Чернобыль болох ёсгүй. Бидэнд цөмийн эрчим хүч хэрэггүй. Цөмийн хаягдал, олборлолт, баяжуулалт ч хэрэггүй гэв.
Энэ бүлгийнхэн 3-р сарын 11-нд "V for Vendetta" гэх, шударга тэмцэгчдийн багтай өвөрмөц содон жагсаалыг зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ удаад цөмийн хамгаалалтын комбинезон өмсч, "цөмийн хаягдлын" торхыг балбаж, таниулах материал тарааж, сонирхон цуглах хүмүүст яриа хийж, бас л өвөрмөц содон өнгө төрхтэй арга хэмжээг зохион байгуулж байлаа. Тэд Сүхбаатарын талбай хүртэл марш хийж, уриа лоозон хэлж явав.
15 цагт Сүхбаатарын талбайд Байгаль орчныг хамгаалах ТББ-уудын цуглаан болов. Ногоон намынхан самбарт үзүүлэн дэлгэж, удирдагчид нь өөрсдөө хүмүүст таниулга яриа хийж байв.
Ногоон намын нэгэн удирдагч О.Бум-Ялагч:
-Цөмийн хорт бизнес бол маш их ашиг орлоготой мэт харагддаг. Гэхдээ хожмын олон дахин давсан хор хохиролтой бизнес болж таардаг. Цөмийн хаягдал
булшлахгүй, АЦС барихгүй зэргээр төрийн томчууд хэлдэг ч, энэ нь харин ч яг хийж байгаа, хөөцөлдөж байгаа зүйлээ эсрэгээр нь булзааруулж хэлж байдаг юм байнаа гэдэг нь ойлгомжтой болж байгаа. Архаг, нууц, далд эмгэгийн хэлбэрт цөмийн хуйвалдаан шилжиж байгаа гэдэг нь ойлгомжтой. Монголчууд бид бүгдээрээ эв санаагаа нэгтгэн, шийдвэртэй тэмцэхгүй бол, цөмийн хуйвалдаан иймэрхүү байдлаар даамжирч, "эмэнд дасал болно" гэгчээр болж хүндэрч байна даа гэв.
Байгаль орчны ТББ-уудын холбооны тэргүүн Ж.Батболд:
-Цөмийн аюулыг зайлуулах талаар шаардлага тавихад "тийм юм байхгүй шүү, тайван амгалан байгаа!" гэсэн утгагүй хариу өгдөг. Тэгэхлээр бид тэмцлээ шат ахиулан үргэлжлүүлж, өргөжүүлж байна. Цөмийн холбогдолтой хуулиудыг Үндсэн хуулийн цэцэд өгнө. Тэр хуулиудыг өөрчлүүлнэ. Цөмийн энергийн газрыг татан буулгуулна.
Цөмийн хуйвалдаан больсон, зогсоогдсон, саарсан юм ерөөсөө байхгүй. Засгийн газар олон юмыг нууж хааж байна. Тэргүүн нь Фукушимагийн АЦС-ын ослын ойгоор Японд оччихоод л, харин ч тийм ослыг Монголд нүүрлүүлэх урхагтай юм ярьдаг, тохирдог. Чернобыль 26 жилийн тэртээд хол хоцорсон биш. Монголчуудын хувьд харин ч наашлаад, өнөө маргаашгүй болчихоод байна. Хэрэв АЦС Монголд баривал осол гарч болох маш олон үндэслэлүүд байгаа. Ийнхүү Чернобылийн асуудал бидний түгших асуудал болчихоод байна гэв.
...1986 оны хаврын тэр нэгэн өдөр, 43 мянган оршин суугчтай, шинэхэн сайхан Припять хотоос гурван км-ийн зайд, В.Лениний нэрэмжит, Чернобылийн АЦС-д 176 ажилтан хэмнэлт гаргах нэгэн туршилтыг хийж байлаа. Аюулгүйн системийг ажиллуулахгүй байж, эрчим хүч хэмнэнэ гэжээ. Шөнийн нэг цагт АЦС-ийн реакторт цуврал дэлбэрэлт болов. Гарсан түймрийг дарахаар тонн тонноор нь дээрээс нь ус юүлэвч, галыг юу ч унтрааж чадахгүй байв. Осол гарсан өдөр цацрагт хордсон 28 хүн нас барав.
Дэлбэрэлтээс хойш 30 цагийн дараа 1000 гаруй автобусаар хотынхныг даруй нүүлгэх ажлыг армийн хүчээр эхлүүлэв. Энэ хүмүүс Европын анхны атомын дүрвэгсэд байлаа. Припятийн бүх иргэд цөмийн хордлого авсан байв. Ослоос 48 цагийн дараа хоосорсон Припять хотод эргүүл харуулынхан, эрдэмтэд л үлдэв.
Цөмийн хорт тоосонцор салхинд хойш туугдан, Шведэд хүрч, нийслэлд нь бороотой холилдон орлоо. Энэ үед ЗХУ-ын засгийн газар осол гарсныг нууцлан үгүйсгэсээр байлаа.
Дэлбэрсэн реакторын ёроолд 3000 хэмээс дээш халуунд, 1200 тонн улайссан хайлмаг буцалж, цацраг идэвхит хий болон тоосонцор агаар мандал руу цацагдсаар байжээ.
Ослын дараах гурав дахь өдөр генерал Антошкин болон, түүний удирдах флотын 80 нисдэг тэрэг галыг унтраах даалгавартайгаар Москвагаас нисч иржээ. Генерал дэлбэрсэн реакторын дээгүүр нисэхдээ 200 метрийн өндөрт нисч байв. Гал түймрийн улмаас тэр өндөрт гэхэд л 120-180 хэм халуун байв.
Цацрагийг саармагжуулдаг элс, борын хүчлийг реактор луу тонн тонноор асгавал түймэр унтарна гэж тооцоолж байлаа. Эхний өдөр 110 нислэг үйлдэв. Дараагийн өдөр 300. Реакгор дээр агаарт саатахад орчны цацрагийн хэмжээ 3500 рентген буюу, үхлийн хэмжээнээс ес дахин их байв. Гэвч галзуурсан түймэр унтрахгүй л байв. Ийм юм болж болдгийг хүн төрөлхтөн анх удаа цочирдон мэдэрлээ. Унтардаггүй түймэр дэлхийг нөмрөн авах нь гэж айж байлаа.
Нисэгчдийн 27 нь богино хугацаанд нас барав. Цацрагт түлэгдсэн эд эс умайн харлаж, урагдан ярагдаж, залуусын яс нь ил гарч байв.
АЦС-д осол болсноос хойш зургаа хоногийн дараа, эрх баригчид цацрагад хордсон бүсийнхнийг онцгой баяр хөөртэй, өргөн дэлгэрээр Майн нэгний жагсаал хийхийг шаардав. Ингэж цөмийн хор хөнөөлийг нуун далдалж, хүн төрөлхтөнийг хуурч мэхлэхийг чармайжаа. Цэцгэн титэм өмссөн бүсгүйчүүд, баян хуур хангинуулсан эрчүүд гудамж талбайг дүүргэж, хангинатал дуулж, пижигнэтэл бүжиглэж байв. Тэр чинээгээрээ үхлийн цацрагийг залгилж, шингээж байлаа. Энэ жагсаал "үхлийн парад" гэх нэр зүүжээ. ЗХУ жагсаалын бичлэгийг устгасан аж. Учир нь кино хальсанд үхэгсдийн дүр дүүрэн байгаа аж.
Халууны нөлөөгөөр цементэн хавтанд цууралт үүсвэл аймшигтай хүчтэй дэлбэрэлт болж, Чернобылээс хэдэн зуун км-ийн зайд орших Минск зэрэг том хотууд газрын хөрснөөс арчигдаж, Европод хүн амьдрах аргагүй болох байлаа. Ийм аймшигтай түгшүүр нүүрлээд байхад ЗХУ төдийгүй, бусад улсын эрх баригчид, улс төрчид ард иргэдээ хууран мэхэлж, аргацаан тайвшруулж байв.
ЗХУ хамаг хүчээ дайчлан, 500 мянган мэргэжилтэн, цэрэг, гал команд, нисэх хүчнийхэн, сайн дурынхныг дайчлан долоон cap улайран дайрч байж, 66 метр өндөр, 170 метр урт төмөр бетон бунханд АЦС-ыг оруулж амжжээ. Үүний дараа л түймэр унтарлаа. Долоон сард 18 тэрбум долларыг зарцуулжээ.
Чернобылийн ослоос болж түгсэн цацраг идэвхийг саармагжуулах, хордсон хүмүүсийг эмчлэх, дэлбэрэх магадлал нь бүрэн арилаагүй бунханд засвар үйлчилгээ хийх зэрэгт жил бүр Украин улсын төсвийн 10-20 хувь нь зарцуулагдаж байна. Ослын дараа ажилласан хагас сая хүн цөм нас барсан буюу, хүнд өвчилсөн байдалтай байна.
Ийм л аюулыг Монголын төр засаг, хорт шунахай бизнесчид даллан ирүүлж буй билээ. Гадаад улсууд Монголыг аль болох ихээр колоничлон цөлмөх явдлыг эрчим хүчээр хангах гэж АЦС байгуулах гэж байна. Тэр л явдлыг санхүүжүүлэх гэж цөмийн хуйвалдаан хийж байна. Рио-Тинто цөмийн хуйвалдаанаас олсон мөнгөө Монголыг цөлмөх үйлсэд зарцуулах гэж байгаа бэлээхэн жишээ байна шүү дээ. Цөмийн ажлыг гадаадын компанид даатгана, ашгийнх нь хэдэн хувийг Монголын тал авна ч гэнэ вэ, нөгөө л хий хоосон, тэнэг мунхруулгаа л ярьсаар байгаа шүү дээ. Монгол орон тэр аяараа Чернобылийн бунхан болохоос өөр юуг ч цөмийн хуйвалдаан монголчуудад авчрахгүй.
Ч.Мөнхбаяр
Эх сурвалж: "Болсон явдал" сонин