logo
 Колумбын биеэ үнэлэгч Обамагийн хамгаалагч нарыг

Колумбын биеэ үнэлэгч Обамагийн хамгаалагч нарыг "тэнэгүүд" гэж хэлжээ

2012/05/07
Америкийн нууц албаныхантай холбоотой дуулиант хэрэгт нэр холбогдсон Колумб биеэ үнэлэгч болох Даниа Лондоно Суарез телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Барак Обамагийн бие хамгаалагчдыг "тэнэгүүд" гэж ярьсан байна. Үүний дараа Америкийн Конгрессийн гишүүн Петер Кин засгийн газрын мөрдөгчдөд хандан түүнээс байцаалт авахыг шаарджээ.
Өнгөрсөн сард ерөнхийлөгч Обама Колумбийн Картагена хотод айлчлах үеэр түүний бие хамгаалагчдын авч явсан бичиг баримт, төлөвлөгөөг хулгайлбал амархан байх байсан гэж Суарез хэлсэн байна. Тэрээр цааш ярихдаа "Тэд ухаангүй амьтад байсан, тэд Обамгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, би маш олон зүйл хийж болох байсан, хэрэв би хүссэн бол бүх бичиг баримт, түрийвч, цүнхийг нь онгичиж болох байсан" гэжээ.

Суарез түүнчлэн өөртэй нь шөнийг хамт өнгөрүүлсэн Америкийн тусгай албаны ажилтан бааранд танилцахдаа амласан 800 доллараа төлөхөөс татгалзсан учраас цагдаа дуудсан гэдгээ нуугаагүй байна.

Мөрдлөг шалгалт явуулснаар Обамагийн Колумбад хийсэн айлчлалын багт багтсан нууц албаны 12 ажилтны ес нь ажлаасаа халагдсан юм. Гэхдээ Суарез өөрөө дуулиант хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон ч Америкийн мөрдөгчид өөрөөс нь мэдүүлэг аваагүй гэдгийг телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.
Колумб улсад биеэ үнэлэхийг хуулиар зөвшөөрдөг бөгөөд Суарез "үйлчилгээнийхээ" хөлсийг авах бүрэн эрхтэй гэж ярьсан байна.

Э.АМАР
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш