logo
Ерөнхий сайд С.Батболд Манлайлагч оюутнуудад нэрэмжит тэтгэлгээ гардууллаа

Ерөнхий сайд С.Батболд Манлайлагч оюутнуудад нэрэмжит тэтгэлгээ гардууллаа

2012/05/07
Аливаа үе өөрийн сорилт боломжийг даван туулдаг, бидний үе шилжилтийн 20 жилийн гол ачааг нуруундаа үүрэн явж байгаа бол та  бүхний өмнө ардчилал зах зээлийн хоёр дах үе болох хөгжлийн тодорхой үеийг үүрэх хариуцлагатай цаг иржээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засгийн хөгжил 17 хувийг даван яваа хамгийн хурдтай, хамгийн өндөр боломж руу чиглэж яваа энэ үед та бүхний өмнө энэ боломжийг бодит болгох  ийм хариуцлагатай үе  ирж байна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын оюутны холбооноос зохион байгуулсан оюутнуудын чуулга уулзалтад оролцохдоо онцлон тэмдэглэлээ. Амралтын өдөр  буюу тавдугаар сарын 5-ны өдөр төрийн их танхимд  ирээдүйн боловсон хүчнүүд ийн чуулсан бөгөөд өндөр хөгжлийн энэ торгон агшинд залуучуудынхаа үгийг сонсч, Засгийн газартаа зөвлөмж өгч байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн талархаж байлаа. Монгол Улсын хөгжил дэвшлийн олон боломж нөхцөлүүдийг ажил хэрэг болгох зүйл нь өрсөлдөх чадвартай Монгол толгой өөрөө юм гэдгийг тэрбээр онцлоод, оюутнуудын өмнө тулгарч байгаа нийгмийн олон асуудлыг Засгийн газар шийдэж байгааг ч энэ үеэр дурьдлаа. Түүнчлэн төрийн оролцооны зарим чиг үүргийг Монголын оюутны холбоонд шилжүүлэх боломжтойг, мөн тэдний байрны асуудлыг  шийдэхээр болсон нь оюутнууддаа барьсан бэлэг байв.  Мөн энэ чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд 2011-2012 оны хичээлийн жилд сурлага, урлаг спортоор үеийнхнийгээ манлайлсан 46 оюутанд өөрийн нэрэмжит тэтгэлгээ гардуулсан юм. МУИС-ийн оюутан Л.Лхагва-очир, ЭМШУИС-ийн оюутан Г.Мөнхтуул, “Ач” дээд сургуулийн оюутан Ц.Булган, СЭЗДС-ийн оюутан Э.Буянхишиг, Ховд Их сургуулийн оюутан Ц.Жаргалмаа, “Мандах бүртгэл” дээд сургуулийн оюутан Г.Хандсүрэн нарын  улсын болон хувийн их сургуулийн хот хөдөөгийн салбарын оюутнууд Засгийн газрын тэргүүний нэрэмжит тэтгэлгийг хүртэж, тус бүр 800 мянган төгрөгийг гардан авлаа.
1000 оюутныг хамарсан тус чуулга уулзалт “ Манлайлал-Оролцоо- хөгжил” сэдвээр болж, Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан юм. Дөрвөн үндсэн сэдвээр салбар хуралдаанаа хийж, гарсан санал санаачилгыг нэгтгэн Монголын нийт оюутан суралцагчдад  илгээлт болон танилцуулахаас гадна  Засгийн газарт зөвлөмж болгон хамтран ажиллах ажээ. Оюутан суралцагчдын нөөц бололцоонд тулгуурлах байгаль хамгаалах үндэсний Эко аян өрнүүлэх, сургалтын төлбөр сургалтын чанар шууд хамааралтайгаар өсдөг байх тогтолцоог бүрдүүлэх, эзэмшиж буй мэргэжлийн чиглэлийн дагуу  цалинтай дадлага, цагийн ажил хийх боломж бүрдүүлэх, оюутан суралцагчдын нийгэм дэх нэр хүндийг өсгөх зорилгоор сар бүрийн нэг өдрийг “Оюутны хөдөлмөрийн өдөр” болгон зарлаж, нийгэмд тустай бүтээлч ажлыг хийх, төрийн алба эрхлэх хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг цэргийн жинхэнэ албанд бэлтгэх, уул уурхайн орлогын хуваарилалтыг боловсронгуй болгож халамжийн тогтолцоог хязгаарлан номын сан, эрдэм шинжилгээний лаборатори зэрэг оюунлаг бодит хөрөнгө оруулалт руу чиглүүлэх, оюутан суралцагчдыг  хүү багатай зээлд хамруулж бизнес хийх боломжоор хангах зэрэг санал санаачилгууд уг чуулга уулзалтаас гарсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш