logo
АНУ 2001 оноос хойш дотоодын аюулгүй байдалдаа ихээхэн анхаарчээ

АНУ 2001 оноос хойш дотоодын аюулгүй байдалдаа ихээхэн анхаарчээ

2012/05/08
2001 оны есдүгээр сарын 11-нд Америкт болсон террорист халдлага тухайн үеийн ерөнхийлөгч Жорж Бушийн баримтлах бодлогыг тэр чигт нь өөрчилсөн билээ. Үүнээс хойш 10-аад жил өнгөрсөн ч Нэгдсэн улс дотоодын аюулгүй байдалдаа ихээхэн анхаарч, хатуу хяналт шалгалт явуулсаар байгаа нь энэ улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж магадгүй гэж олон улс судлаач Фарийд Закариа үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Барак Обамагийн Афганистанд айлчлах үеэрээ хийсэн мэдэгдлээс үзэхэд сүүлийн 10 жил үргэлжилсэн хоёр сунжирсан дайнд АНУ-ын гүйцэтгэх үүрэг аажмаар багасч байгаа нь илэрхий болж байна. Нэгдсэн улс Иракаас цэргээ гаргасан. Афганистанаас удахгүй цэргээ гаргана. Америкчуудын номер нэг дайсан гэгдэж байсан Осама бин Ладен алагдсан бөгөөд түүний удирддаг байсан террорист бүлгийн хүч нөлөө сулраад байгаа. Зарим нэг аюул занал байгаа ч Америкийн тусгай хүчнийхэн болон тагнуулын албаныхан тэдгээр аюулын эсрэг ажиллана. Ийнхүү Америк Ойрхи дорнодын дайны талбараас цэргээ татаж байгаа ч нутаг дэвсгэр дээр нь алан хядах үйл ажиллагаа болбол хэр бэлтгэлтэй байгаа вэ? Маш сайн бэлтгэлтэй байгаа гэж хэлж болно.
Учир нь 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш Америкийн засгийн газар терроризмын эсрэг ажиллагаанд ямар нэг байдлаар оролцох 263 байгууллагыг байгуулжээ. Зөвхөн тагнуулын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад зориулж 33 цогцолбор барилгыг шинээр барьсан байна. Тэдгээр барилгууд нь 1.579.000 метр кв талбайг эзэлнэ. Энэ нь Конгрессийн барилгын эзлэх талбайг 22 дахин, Пентагоны нийт талбайг гурав дахин нугалсантай тэнцүү гэсэн үг юм.
230 мянга гаруй ажилтан албан хаагчтай Дотоодыг Аюулаас Хамгаалах Яам нь Батлан Хамгаалах Яам болон Ахмад дайчдын асуудал хариуцсан яамны дараа хэмжээгээрээ гуравдугаарт бичигддэг байна. Ийнхүү үндэсний аюулгүй байдлыг хамгаалах бодлого түлхүүтэй хэрэгжиж байгаа нь Америк хүн бүрийн амьдралд нөлөөлж байна. Жишээ нь зөвхөн Америкт хүмүүсийн утасны яриа, бусад харилцаа холбоог тагнаж чагнах ажлыг 30 мянган хүн хийж байгаа ажээ.
Өнгөрсөн үед Америкийн засгийн газар дайнд оролцдог байсан ч дайн тулаан өндөрлөсний дараа цэргүүдийг халж, дайны бэлэн байдлаа цуцалдаг байсан. Тэгвэл одоо терроризмын эсрэг явуулж байгаа дайн өндөрлөх шинжгүй байна. Нисэх буудлууд дээр Америк орноор аялж, мөнгөө зарцуулахаар ирж байгаа олон зуун мянган жуулчид, уран бүтээлчид, бизнесменүүдийг нарийн шалгаж, заримынх нь виз хүссэн өргөдлийг буцааж байна. Визтэй ирсэн зочдыг ч сэжиглэн нарийн шалгаж, заримыг нь буцааж байгаа юм. Ийнхүү Америкт ирж, энэ улсаас явж байгаа хүн бүрийг хянаж шалгах шинэ арга зарчмуудыг нэвтрүүлсээр байгаа нь энэ улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, бизнесийн орчныг илүү төвөг чирэгдэлтэй болгож, ирэх жуулчдын тоог ч бууруулж байж магадгүй юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш