logo
Гомбодарь бүсгүй /хошин өгүүллэг/

Гомбодарь бүсгүй /хошин өгүүллэг/

2012/05/08
Миний эгч Жуужаа Ховд аймгийн Цэцэг сумын малчин хүн. Насаараа мал дагасных бог бод нийлсэн тав, зургаан зуун малтай тов хийсэн амьдралтай нэгэн буянтай буурал билээ. Гэвч Жуужаагийн маань бие чилээрхэж сумын төвд Пүрэвдоржийн хашаанд гэр барьж өвөлжсөн юм. Тэдний хажууд сургуулийн тоо физикийн багш Нүрзэдийнх байдаг байлаа. Нэг өдөр Нүрзэд багш эхнэртэйгээ тар түр хийж, тогоо шанаганы дуу гараад явчихваа. Жуужаагийн санаа зовж энэ хоёр чинь олон жил хамт амьдрахдаа ам мурийж яваагүй юмсан юу болох нь энэ вэ? Аягүй бол барилцаж авах нь шив дээ? Болохгүй бол нагацын хувьд орохоос биш гэж бодоод чагнатал авгай нь чанга дуугаар:

-Чи тэр Гомбодариа өдөр шөнөгүй кабинетдаа тэвэрч хэвтчихээд, нялх хүүхэдтэй бид хоёрыг яана гэж бодов? Өвлийн хүйтэн болох гэж байхад энэ гэр орныхоо байж байгааг мэдэхгүй байна уу? Чи тийм л юм бол тэр Гомбодариа сугавчлаад тонилохгүй юу гэх зэргээр загнахад нөхөр нь юу ч дуугарахгүй байгааг бодоход энэ зээ багш тэр Гомбодарь гэдэг бүсгүйтэй холбогдож их л буруу хэрэг хийж дээ, ийм сайхан халамжтай эхнэр хүүхэдтэй байж яаж толгой нь хамуурч байгаа хар лүд вэ энэ чинь гэж бодоод байтал Туяа багш орж ирлээ. Жуужаа мэндийн ч зөрөөгүй:

-Танай сургуульд Гомбодарь гэж ямар бүсгүй шинээр ирсэн юм. Манай энэ хоёр тэр бүсгүйгээс болж ам мурийлаа гэхэд Туяа тас тас инээснээ:
-Жуужаа тэр компьютер гэдэг чинь бүсгүй хүн биш янз бүрийн үйлдэл, мөн тоглоом тоглодог, тооцоолон боддог машин гэх юм уу нэг тийм зүйл байхгүй юу гэж тайлбарлав.
Жуужаагийн санаа сая амарч тэгнээ тэр миний байж байгааг буруу хадуураад ээ дээ энэ хөгшрөх, хоцрох гэдэг үү гэж бодоод үгүй чи тэгээд өдөр шөнөгүй тэвэрч хэвтээд байхдаа ч яахав гэж амандаа үглэсэн гэдэг юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш