Үе үеийнхэн солигдож, олон арван жил улирч өнгөрсэн ч 1945 онд нацизмыг ялсан нь дэлхийн сая сая хүний хувьд урьдын адил түүхийн гол үйл явдал байсаар байна. НҮБ-ын шийдвэрээр 5-р сарын 8,9 өдрүүдийг дурсамж, эвлэрлийн өдөр болгов. Орос улсад 5-р сарын 9-ний Ялалтын өдөр бол үнэхээр нийт ард түмний ариун нандин дуртай баяр юм. Учир нь оросын айл өрх бүр фронтод байлдан дайтсан хамаатантай байсан, байсаар ч байна. Айл бүр тэртээх хүн төрөлхөтний түүхийн хамгийн аймшигт дайнаас эргэж ирээгүй төрөл төрегсөдээ дурсан санаж байна.
Европын олонхи орны иргэд Дэлхийн 2-р дайны баатаруудын дурсгалыг 5-р сарын 8-нд хүндэтгэн дурсдаг. Польшийн ахмадуудын байгууллагууд арга хэмжээнүүдээ мөн өдөр зохион явуулдаг. Маргааш нь Оросын элчин сайдын яам польшийн ахмадуудыг тус улсын эрх чөлөөний төлөө амь үрэгдсэн зөвлөлтийн дайчдын хөшөөнүүдэд хэлхээ цэцэг өргөх ёслолд оролцохыг урих юм.
5-р сарын 8-нд Парист Францын ерөнхийлөгч Нэр нь тодроогүй цэргийн булшанд цэцэг өргөх ёслолд оролцоно.Энд цэргийн анги ёслон жагсана. Францын улс төр судлаач Дмитрий де Кошко хэлэхдээ
«Францад 5-р сарын 8-ны өдрийг санан дурсаж байна. Мэдээжээр фашизмыг ялсныг онцлодог. Гэвч сүүлийн жилүүдэд францын оршин суугчид түүхийн үйл явдлуудыг умартаж байгаа нь харамсалтай. Жишээлбэл, 1944 оны 6-р сарын 6-нд америкийн ба английн цэрэг Нормандид буусны ачаар фашизмыг ялсан хэмээн олон хүн үзэж байна. Харин Зөвлөлтийн армийн үүргийг мартсан шиг байна. Ирэх онд Сталинградын тулаанд зөвлөлтийн цэргийн ялалт байгуулсны 70 жилийн ойгоор нацизмыг үнэн хэрэг дээр чухам хэн ялсныг францын нийт олонд сануулна гэж найдаж байна» гэв.
5-р сарын 9-нд Германид нацизмаас чөлөөлөгдсөн өдрийг тэмдэглэдэг. Мэдээжээр тус улс мөн тэр өдөр ялагдаж бууж өгснөө харгалзаж байна. Германы улс төр судлаач, сэтгүүлч Александр Рар хэлэхдээ «5-р сарын 9-нд зөвлөлтийн цэргийн маш олон хөшөөнд цэцэг өргөх юм.Оросын ба ТУХН-ийн бусад улсын элчин сайдын яам, албан байгууллагуудын төлөөлөгчид болон Берлин ба түүний дүүрэгт оршин суудаг Орос гаралтай хүмүүсийн нэг хэсэг нь баяр ёслолд оролцоно. Түүнчлэн өвөг дээдэс нь фашизмтай тэмцэж шоронд хоригдсон германы зүүний улс төрчид оролцох юм. Германид оршин суудаг зөвлөлтийн ахмад дайчдыг ОХУ-ын элчин сайдын яаманд урих нь дамжиггүй» гэв.
4-р сарын 25-нд АНУ-д гитлеризмыг ялсантай холбоотой хамгийн томоохон арга хэмжээ жил дутам болдог. 1945 оны мөн тэр өдөр гитлерийн эсрэг эвсэлд нэгдсэн холбоотон ЗСБНХУ-АНУ-ын цэргүүд германы Эльба мөрөн дээр учрасан билээ. Энэ үйл явдалд зориулсан ёслол Вашингтонд болдог. Орос ба бусад улсын элчин сайдын яамад болон америкийн тусгай газруудаас Арлингтоны оршуулгын газарт дурсгалт тэмдэгт цэцэг өргөдэг.Эльба мөрөн дээр хийсэн уулзалтад оролцсон дэлхийн 2-р дайны ахмад дайчин Дэвид Уиллет хэлэхдээ
«Бид Гитлерийг бут ниргэх зорилгоор л байлдаж дайтсан юм. Мөн зорилго биднийг ахан дүүс болгов. Оросуудын талаар миний дэргэд муу юм хэлэхийг би хэнд ч зөвшөөрөхгүй. Оросын талаас бидэнд үзүүлсэн тусламжийг хэзээ ч мартахгүй. Найрсаг харилцаа маань үргэлжилж улам ойр болж, манай хоёр орны ерөнхийлөгчид үүнийг дэмжээсэй гэж байна» гэлээ.
Нацизм хүний эрх чөлөө, үнэ цэнэт зүйл юуны түрүүнд амьдрах эрхийн гол дайсан болсон хийгээд нэгдсэн үндэстнүүд л нацизмтай хийх тэмцэлд ялах ёстой байсан гэж америкийн ахмад дайчин Дэвид Уиллет онцлов.