Түүх археологи, антропологийн тэнхим энэ чиглэлд анхаардаг. Сүүлийн жилүүдэд судалгааны дүнд ихээхэн ололттой байгаа. Түүний нэг жишээ нь, Баянхонгор аймаг руу судалгааны баг илгээж, Монголын төдийгүй дэлхийн түүхэнд ховорт тооцогдох өвөрмөц, сонирхолтой олдворыг судалж, аварч хамгаалж чадсан” хэмээн онцлов. Орон нутгийн засаг, захиргаанаас тус сургуулийн удирдлагад хандан ховор сонин дурсгал, агуйд байгааг дуулгасан гэнэ. Тэрээр цааш хэлэхдээ “Энэхүү олдвор Монголын түүхийг судалж тогтооход чухал түлхүүр болох төдийгүй дэлхийн түүхэнд нээлт болохоор байгаад бид баяртай байна. Энэ үйл явдал МУИС-ийн 70 жил, Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн ойтой давхцаж байгаад бахархаж байгаа гэв. Үүний дараа бид судалгааны багийн ахлагч, Археологи-Антропологийн тэнхимийн эрхлэгч, доктор У.Эрдэнэбаттай уулзлаа.
Тэрээр 2000 онд археологич Д.Баяр багшийнхаа хамт Өмнөговь аймгийн Цагаан ханангийн агуйгаас олдсон 14-р зууны язгууртны оршуулгыг анх судалснаас эхлээд сүүлийн арав гаруй жил Монголын эзэнт гүрний үеийн судалгаа, хадны соёлыг судалж байгаа юм. Биднийг өрөөнд нь ороход олдворуудын заримыг ширээн дээр дэлгэчихсэн, У.Эрдэнэбат багш нэлээд завгүй байгаа бололтой. Хичээл заахаас гадна Баянхонгороос авчирсан олдворуудыг сэргээн засварлах, судалгааны бусад чиглэлээр хамтарч ажиллахаар олон хүмүүстэй уулзах, ярих, ажил их байгаа гэнэ. Түүнтэй ярилцлаа.
У.Эрдэнэбат:
ТӨВ АЗИЙН НУТГААС АНХ УДАА ОЛДСОН ХОВОР ДУРСГАЛЫГ АВАРЧ ЧАДЛАА
-Баянхонгор аймгаас олдсон монгол хатан, дөнгөж төрсөн хүүхдийн хатмал шарилыг судалсан гэсэн. Хэдий үед хамаарах, түүх, соёлын ямар ач холбогдолтой дурсгал вэ?
-Тус аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга н.Идэрмөнх “Манай нутгийн агуйд эртний хүний хатаасан шарил хадгалагдаж байна. Орон нутгийн иргэд, олз ашиг хайсан хүмүүс сүйтгэчих гээд байх тул анхааралдаа аваач” гэсэн хүсэлтийг өнгөрсөн сарын эхээр манай сургуулийн захиргаанд ирүүлсэн. Сургуулийн удирдлагууд хүсэлтийг хүлээж аваад Археологи-Антропологийн тэнхимд долоо хоногийн томилолт өгсөн юм. Бид өнгөрсөн сарын 11-17-нд газар дээр нь очиж судлаад ирсэн. Нийт гурван оршуулгын дурсгалыг малтан судлалаа. Биднийг очиход аль эрт нутгийн иргэд булшийг тонож, сүйдэлсэн байна. Гэвч бид маш сонирхолтой, Монголын түүхэнд, тэр бүү хэл төв Азийн нутгаас урд өмнө олдож байгаагүй ховор сонин дурсгалуудыг аварч чадлаа. Тухайлбал, Баян-Өндөр сумын Гозгор толгой гэдэг газраас XIII-XIV зууны үеийн монгол хатныг нялх хүүхэдтэй нь хамт оршуулсан эртний булшийг олсон. Гозгор толгойн багавтар хөмөгт залуухан хатан хүүхэд төрүүлээд удалгүй эндсэн бололтой. Эх, нэхий өлгийд боосон хүүхдийг хамт тавьсан нь 800 гаруй жил хадгалагджээ.
-Гар аргаар хийсэн эсгий урлал, нэхмэл ширдэгийг судлаачид чухал олдворт тооцож байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Оршуулгын доор дэвссэн ширдэг нүүдэлчдийн соёл, иргэншлийн бүс нутагт эсгий урлалын ховор дурсгалд багтана. Энэ олдворын онцлох зүйл нь эсгий дээрх Хүннүгийн уламжлалт хээ, угалз юм. Эсгий урлалд Төв Ази тэр дотроо түрэг хэлтнүүдийн соёлын уламжлал хадгалагдсан гэж үзэж ирсэн. Гэтэл энэ олдвор нь дээрх үзэл, баримтлалыг үгүйсгэж Монголын эзэнт гүрний үед Хүннүгийн эсгий урлал, хээ угалз, зээг тавьж оёсон технологи тэр чигээрээ байсныг нотлох анхны биет болж байгаагаар чухал юм. Монголын эзэнт гүрэн, Их Монгол улс, хуучин Алтан ордны улс Ижил мөрний сав газар, Юань улсын нутагт ийм олдвор тохиолдож байгаагүй. Тэгэхээр эрдэм шинжилгээний түлхүүр олдвор гэж үзэж байна. Олдворыг урьдчилсан байдлаар XIV зууны үеийн монгол хатны оршуулга гэж баттай хэлж болно. Оршуулгын зан үйлээс чий будгаар будсан хагархай модон аяга дагалдуулсан байна. Ёроолдоо дөрвөлжин үсгээр бичсэн бичээстэй. Одоогоор тухайн аягыг хэрэглэж байсан хүний овгийн үсэг болов уу гэж үзэж байгаа. Манай сургуульд хэл бичгийн ухааны алдартай багш нар бий.
Тухайлбал, Ш.Чоймаа багш байна. Энэ талаар хамтарч судлахаар ярьж байгаа. Юуны өмнө олдворуудыг цэвэрлэх, сэргээн засварлах нь чухал. Энэ чиглэлд Соёлын өвийн төвтэй хамтарна. Хатны шарилаас богтаг малгай гарсан. XIII-XIV зууны үеийн дурсгалаас бусдад нь байдаггүй ховор зүйл бол монгол эхнэр хүний өмсдөг богтаг малгай. Богтаг малгай тухайн олдворын он цагийг тогтооход чухал ач холбогдолтой байдаг. Баян-Өндөрийн Гозгор толгойн оршуулгаас улаан торгоор бүрсэн богтаг малгай гарсан. Харамсалтай нь нутгийн иргэд малгайг эвдэж, урж хаясан байсан. Богтаг малгайн тухай бичгийн сурвалж олон бий. XIII-XIV зууны үед монголд ирсэн гадаадын жуулчид, бичгийн сурвалжтануудын бүтээл, хадны сүг зураг, монголчуудыг дүрсэлсэн агуй, сүм болон бурхны ханын зураг, перс номын зураг, хятад номын зураг, хүн чулуун хөшөө, булшнаас гарсан олдворуудад богтаг малгайн тухай тэмдэглэсэн байна. 1254 онд Монголд ирсэн Вильгельм фон Рубрукийн тэмдэглэлд “Эмэгтэйчүүд нь модны холтос хөнгөн эдээр хийсэн малгай өмсөнө. Энэ нь зүгээр л хүн гараараа урлаж болох бортаг бөгөөд нэг тохой урт, дотроо хөндий юм. Дээрх баганын дөрвөлжин оройн голд оройвч суулгаж, түүнээ өдний сурвалжаар хийсэн жижиг саваа буюу зэгс хатгадаг нь дээшээ нэг тохой урт болно. Түүний дээр тогосын өд хатгаж, хажуугаар нь зэрлэг нугасны өдийг хатгаж чимэглэдэг. Морь унаж яваа хатдыг холоос харахад дуулга өмсч жадаа гозолзуулсан баатрууд мэт харагдана гэх зэргээр олон талаас дэлгэрэнгүй мэдээлсэн байдаг.
-Булшийг хөндөж, тоносон нь судалгаанд бэрхшээл учруулж байна гэж та хэлсэн. Тухайлбал, ямар саад учирч байна?
-Баянхонгорын Гозгор толгойн олдвороос гарсан үнэт зүйлийн нэг нь маш ховор, дэлхийд ердөө хоёрхон олдсон богтаг малгайн орой дахь өд хатгадаг суурь юм. Маш уран хийцтэй. Хуш модоор зорж, хар бэхээр хээ зурж чимэглэсэн. Хэрэв энэ дурсгалыг анх олж хөндсөн хүмүүс эвдэж, сүйтгээгүй байсан бол бид Чингис хааны үеийн монгол хатдын өмсгөлийг тэр чигээр нь хад-галж үлдэх боломж байжээ.Тиймээс танай сониноор дамжуулан нийт монголчууддаа хандаж хэлэхэд ийм зүйлүүд олдвол битгий эвдэж, сүйтгээч, ШУА, МУИС, Үндэсний музей зэрэг судалгааны байгууллагуудад мэдэгдэж, өвөг дээдсийнхээ түүх, дурсгалыг хайрлаж, хамгаалаач гэж гуйж хүсмээр байна. Учир нь би түрүүнд хэлсэн нутгийн иргэд оршуулгыг удаа дараа хөндөж, сандаачсан учраас анхны байдлаа алдсан гэж. Оршуулгын зан үйлийг анхны байдлаар нь эрдэм шинжилгээний судалгаа хийж, баримтжуулж авахад түүхэн олдворын үнэ цэнэ оршиж байдаг. Тэнд хутга хийсэн байлаа гэхэд хааш нь харуулж вэ, сам байвал шүдийг нь хугалж хийсэн үү гээд бүгд учир утгатай. Энэ нь түүхийн судалгаанд үнэт мэдээллийг өгдөг. Тухайлбал, Гозгор толгойн олдвороос мөн бурхны шашны Монголд дэлгэрсэн түүхийн асуудлыг шинэ өнцгөөс харах боломж гарч байгаа. Богтаг малгайн оройд цог гэдэг чимэглэлийг баян язгууртнууд алтаар, бусад нь их төлөв сувдаар хэлхсэн галын дөл, суварга, галт шувуу, лууны дүрс хийсэн байдаг. Энэ олдворынх зэсээр хийснээрээ онцлог. Хар балгасаас олдсон хувцас захиалгын бичигт монгол хүн хувцас захиалсан байдаг. Тэр дотор ууж, гутал, богтаг малгай хийхийг даалгаад, тэр дотроо богтаг малгайд юу, юу орох, хэдийг хийх вэ гэдгийг нарийвчилж бичсэн гайхамшигтай дурсгал олдсон. Мөн ОМ гэсэн брахмн үсэг бүхий хоёр хонгио гарсан.ОМ гэсэн нь Юань гүрний үеийн төрийн бодлого дэлхийг эзэлж нэгтгэх, Юань гүрэн дэлхийн эзэн байх гэсэн утга бүхий бичээс, нөгөө талаар ОМ гэдэг нь дэлхий анх үүсэхэд гарсан чимээ гэж ярьдаг. Бурхны шашны хурал, судар ном энэ үсгээр эхэлж бас дуусдаг. Хубилай хааны үед шашин, төрийг хослон явуулах хос ёсны сургаалаар дэлхийг засах үүднээс үзэл суртлын илэрхийлэл нь хувцас, уран барилгын архитектурт хүртэл тусгалаа олж байсан.
Гозгор толгойн булшнаас танаар хийсэн чимэглэл хоёр олдсон нь мөн урд өмнө тохиолдож байгаагүй хэлбэр юм. Зүүлт чимэглэл, эсвэл ээмэг маягаар хэрэглэж байсан аль нь болох хараахан тогтоогдоогүй. Мөн эмэгтэйчүүдийн гоо сайхны хэрэгсэл болох толь олдсон. Шороон булшинд хийхэд хүрлээр хийсэн толь зэвэрч мэдэгдэхгүй болдог. Гэтэл энэ толь гялалзсан, бараг нүүр харагдахаар их сайхан хадгалагдсан. Булшнаас гарсан бас нэг ховор дурсгал нь дэлхийд анх удаа олдож буй богтаг малгайн шанаавчны сүйх юм /ширэн дээр сувдаар хэлхэж оёсон ромбо хэлбэртэй сүйх бараг бүтнээрээ байгааг харуулав/. Шороон булшнаас олдоход их төлөв ялзарч муудсан байдаг бол энэ тохиолдолд бараг хэвээрээ шахам байлаа.
-Сүүлийн үед булш, бунханг тонож дээрэмдэх явдал их гарах болж. Гэтэл оршуулгад хийсэн зүйлүүдийг амьд хүн хэрэглэх боломж байдаг уу?
-Булшнаас амьд хүн хэрэглэх эд зүйл огт гарахгүй. Энэ тухай Б.Ринчен гуай 1965 онд Францын сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Бөөгийн шашин өвөрмөц онцлогтой. Ямар онцлогтой вэ гэвэл, Монголын нийгмийн анги, давхарга бүр нь өөртөө тохирсон тус тусдаа эзнийг шүтдэг байсан. Үхсэний дараа хүүрнээс сүнс нь дэгддэг. Олон янзын сүнс гардаг. Өрхийн тэргүүлэгч үхэхэд түүний сүнс өрхийн тэргүүлэгч хэвээрээ байж, овог, аймгийн тэргүүлэгч үхэхэд сүнс нь харъяат овог, аймагтаа үлдэж, урьдын адил захирч байдаг. Анчин, гөрөөчин хүний сүнс ч мөн адил тэр хэвээрээ өөрийн агнадаг амьтны сүнсийг алсаар л байдаг. Ийнхүү амьд амьтныг төдийгүй эд юмсыг хүртэл сүнстэй гэж үздэг. Бүр өдөр тутмын ахуй амьдралд хэрэглэдэг зүйл төдийгүй, хөдөлмөрийн багаж зэвсэг хүртэл тодорхой эзэн сүнстэй гэж үздэг. Та надаас амьгүй юм хүртэл сүнстэй гэж байна уу гэж асуувал “Тийм” гэж хариулна.
Монголчууд хүнийг оршуулахдаа хэрэглэж байсан эд юмстай нь оршуулдаг. Тэгэхдээ эвдэж, хэмхлээд амьд хүн хэрэглэх аргагүй болгож булшинд хийдэг. Үүнийг санамсаргүй тохиолдол гэж үзэж болохгүй. Тэр хүн үхэхэд хүүрнээс сүнс нь салж байгаа бол эд юмсыг оршуулахдаа хагалж, хэмхэлж сүнснээс нь салгаж байгаа хэрэг юм. Түүнээс хойш тэр хүн аяга бус аяганыхаа сүнсийг хэрэглэдэг учраас хагалж хамт оршуулдаг. Эхнэр хүн нас барахад хайч, зүүг, цэрэг хүн үхвэл илд бамбайг, ноён хүн үхвэл морь, нохой, сайн зарцыг гэх мэтчилэн амьддаа хэрэглэж байсан зүйлээ булшин дотроосоо олж хэрэглэг гэж тэдгээрийг хамт оршуулдаг байжээ” гэсэн байдаг. Үе, үеийн оршуулгын зан үйл, хэв шинжээс он цагийг судалж тогтоодог. Мөн залуу, хөгшин, дунд насны гэсэн ялгааг гаргадаг.
Булшинд хийсэн эд зүйл дандаа нөгөө хүний хойд насанд зориулж, эртний хүний нөгөө ертөн-цийн үзэл, ойлголтын дагуу юмыг эвдэж хийдэг. Энэ нь түүхийн судалгааны хувьд үнэлж баршгүй ач холбогдолтой судалгааны материалд тооцогддог. Гэтэл тэдгээрийг эвдэж, сүйтгэж байгаа нь харамсалтай. Гэхдээ орон нутагт байгаа түүх, соёлын үнэлж баршгүй ховор дурсгалыг шинжлэх ухааны байгууллагуудад мэдэгдэж, үнэт ховор дурсгалын сан хөмрөгийг баяжуулсан сайхан жишээнүүд ч бас бий.
-Булш, бунхан, тэр дотроо Баянхонгорын Гозгор толгойн олдвор шиг агуйд нутаглуулсан хадны оршуулга ямар онцлогтой вэ?
-Монголчууд, тэдний өвөг дээдэс эрт үеэс үхэгсэдээ оршуулахдаа шарилыг газар нүх малтаж булшлах, байгалийн бэлэн агуй, хонгилыг ашиглах, ил тавих, эсвэл газар доор гэр барьж бунхлах, чандарлах зэрэг олон хэлбэрийг ашиглаж ирсэн. Ийм дурсгал Монгол орны нутгаас нэлээд илэрч олдож, судлагдаж байгаа. Манай орны хуурай, сэрүүн уур амьсгалд эртний хүмүүсийн зэр зэвсэг, эдлэл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйл болоод тухайн үеийн хүмүүсийн дүр төрх, бие бялдар ямар байсныг тэрхүү эртний хүн судлалын олдворуудаас судалж, нарийн мэдээллүүдийг авах боломжтой.
Харамсалтай нь тэдгээрийг сүүлийн үеийнх гэж ойлгож, судлахад төдийлөн анхаарахгүй явж ирсэн. Нөгөө талаас эзгүй зэлүүд газраас их төлөв хүн, амьтны хөлөөр санамсаргүй байдлаар олж гаргах, улмаар анхны байдлыг хөндөж, эвдэж сүйдсэн явдал гарч байсан. 1990-ээд оны дунд үеэс зөвхөн хадны булш төдийгүй, орон нутагт байгаа эртний түүх соёлын дурсгал, хот балгадын туурь, булш, бунхныг дур зоргоор ухаж сүйтгэх, тонох явдал газар авч байна.
Тухайлбал, Баянхонгор аймгийн нутагт хэдэн жил дараалж ган зуд болсны улмаас нутгийн иргэд нэг хэсэг хөгшин, залуугүй хүрз барин булш, хиргэсүүр ухсан байна. Тааралдсан булш хиргэсүүрийг толгой дараалан ухаж хөндсөн нь судалгааны явцад анзаарагдсан.
-Хадны оршуулга Монголд хэр олон байдаг вэ?
-Одоогоор мэдэгдэж буй, судлаачдын олж тогтоосон хадны оршуулга 70 гаруй бий. Монгол орны уул хадтай бүс нутагт байдаг. Тухайн үед тэдгээрийг тодорхой хэмжээгээр нууцалж оршуулсан. Манай улсад 1924 оноос хадны дурсгалыг анх судалж эхэлсэн.
Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гурван зээрдийн агуйд хатмал шарил байсныг тухайн үед шинжлэх ухааны хүрээлэнд урилгаар ажиллаж байсан Оросын эрдэмтэн А.Букевич олж авчирч улсын төв музейд шилжүүлсэн нь одоо хүртэл хадгалагдаж байдаг. Энэ судалгаа ерөнхийдөө 1990-ээд оны сүүлч 2000 оноос эрчимжсэн. Эдгээрийн он цаг тогтоосон байдлаас үзвэл, одоогоор мэдэгдэж буй хамгийн эртний оршуулга МЭӨ V зууны үед, хожуу үеийнх нь XVII зууны эхэн үед хамаарна. Гэхдээ энэ оршуулгын байрлал, зан үйлийн байдал тогтвортой байгаа нь Монгол орны нутагт, нүүдэлчдийн дунд удаан хугацаагаар оршиж ирсэн гэж үзэх үндэслэлтэй. Монголчууд “Ханан гэрээсээ холдож, хадан гэртээ очлоо” гэж ярьдаг.
Мөн “Монголын нууц товчоон”-д хадан оршуулгын соёлын тухай мэдээллүүд байдаг. Тэгэхээр хадан оршуулга нь монгол угсаатан болоод эртний нүүдэлчдийн соёлын нэг хэлбэр юм.
-Тэгвэл, Монголын говиос олдож буй хадны дурсгал буюу хатмал шарил бусад улс орнуудаас олдсон муммигаас юугаараа онцлог юм бэ?
-Баянхонгор аймгийн нутаг хуурай сэрүүн уур амьсгалтай говь цөлийн бүст оршдог. Хойгуураа Говь-Алтай аймаг, урдуураа Хятадын Шинжаантай хиллэдэг. Шинжааны нутгаас олон хатмал шарил /мумми/ олдсон. Тэр бол дэлхий дахинд гайхуулж байгаа олдворууд.
Гадаадад АНУ, Европын холбооны улсуудад удаа дараа том үзэсгэлэн гаргаж, олдворуудыг олон талын мэргэжилтнүүд тал бүрээс судалсан байдаг. Тухайлбал, тэнд 1800 жилийн үеийн хүмүүсийн өмссөн хувцас, эд өлгийн зүйл, идэж байсан хоол хүнсний зүйл, хөгжмийн зэмсэг тэр чигээрээ олдсон.
Маш олон жилийн настай. Тэр үеийн Черчень хүний 2 метр гаруй өндөр, европ төрхтэй хатмал шарилаас эхлээд сонирхолтой олдворуудыг ямар хоол, хүнс хэрэглэж байснаас эхлээд ямар хэлээр ярьж байсныг хүртэл судалсан байдаг. Манай улсын хувьд хадны дурсгалууд их төлөв тусгайлан занданшуулж хийгээгүй боловч байгалийн хуурай уур амьсгалын явцад хатмал болсон байдаг. Энэ бол бидний өвөг дээдсийн дүр төрхийг судлахад маш ач холбогдолтой.
Тиймээс тэрхүү дурсгалуудыг эвдүүлж сүйтгүүлэхгүй байх талаас ард иргэд, төр захиргааны байгууллагууд, хэвлэл, мэдээллийнхэн хамтарч ажиллах хэрэгтэй байна.
Бидний судалсан Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг Идрэнгийн нурууны хойд хэсэг Дунд нурууны цөл маягийн хадтай уулархаг бүсийн Шүүт гэдэг газрын давстай агуйгаас олдсон монгол хатан, дөнгөж төрсөн хүүхдийн оршуулга Шинжааны дурсгалуудтай эн зэрэгцэхүйц юм.
Тухайлбал, нэхий өлгийд өлгийдсөн Юань улсын үеийн дөнгөж төрсөн хүүхэд /хатмал шарил/ тэр чигээрээ хадгалагдсаныг оллоо. Аз болоход булшийг хөндөж тоносон хүмүүс хүүхдийн ясыг тарааж цацаж хаяагүй байна. Нутгийн иргэд хүнсэнд хэрэглэх давсаа тэрхүү Шүүтийн агуйгаас авдаг байсан. Давс авч байх явцад гэнэт хүний толгой гарч ирсэн тул тэр хавиар айл амьтан нутаглахаа больж дайжсан. Түүнээс хойш хүмүүс очиж булшийг сүйтгэсэн гэж иргэд ярьж байгаа юм. Шүүтийн агуй хэмжээгээр жижгэвтэр, байгалийн хувьд боржин чулуу, элсэн занарын тогтоцтой, маш их өгөршиж хуурайшсанаас нар салхины үйлчлэлээр гарсан нүх сүв олонтой юм. Агуйг давсаар дүүргэсэн байсан эсэх эргэлзээтэй. Гэхдээ ямар ч гэсэн хадны оршуулга гэдэг нь тодорхой байсан.
-Судалгаа цаашид үргэлжлэх байх. Үр дүнгийн тухайд ямар бодолтой байна?
-Эсийн болон генийн судалгаанаас нэлээд үр дүн гарна гэж үзэж байна.
Одоо цаашид эдгээр олдворыг яаж хадгалах вэ, олон нийтэд хэрхэн сурталчилж зөв ойлголт өгөх вэ, түүхийн дурсгалаа эвдэж гэмтээхгүй байх талаас юу анхаарах вэ гээд олон асуудал бий. Бид судалгааны ажлыг дэмжиж тусласан МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор, профессор Г.Эрдэнэбаярт талархаж байгаа. Мөн манай сургуулийн захирал С.Төмөр-Очир гуай ихээхэн дэмжсэн.
Манайх цөөхөн археологичтой. Энэ чиглэлд судалгаагаа түлхүү хөгжүүлж, улс орны нэг нүүр царай болгох ёстой. Уул уурхай хөгжиж, мөнгөний хойноос улайрах явдал ариун нандин гэх зүйлгүй болгож байгаа энэ үед түүх, соёлоо аварч үлдэхгүй бол хэдхэн жилийн дараа бусдаас ялгарах юу ч үгүй болж, үнэт зүйлсээ гээж, улс орон мөхөх аюулд ойртоно. Тэгэхээр энэ аюулаас сэрэмжлэхийн тулд бүх хүн хамтарч ажиллах ёстой.
Эх сурвалж: "Зууны мэдээ"