Өнөөдрийн хувьд ар гэртэйгээ холбоотой хувийн ажлаа амжууллаа. Гэрийн эзэгтэй ээж хүний үүрэг их байдаг, тэгээд би чинь айлын том хүүхэд болохоор дүү нартаа анхаарал хандуулахгүй бол болохгүй. Ер нь бол зүгээр суух завдал олгохгүй л байна даа.
Дуучин Д.Оюунтүлхүүр уран бүтээл гэхээсээ илүү нийгмийн үйлсэд хувь нэмрээ оруулах болсон гэж дуулсан. Гэхдээ урлагт нэг орсон хүн тийм ч амархан гарч чаддагтүй гэдэг. Уран бүтээлээ хийж байгаа биздээ?
Тэгэлгүй яахав. Хүүхэд байхаасаа дуу хөгжимтэй ойр өссөн болохоор тийм амар хөндийрч чадахгүй л дээ. Би чинь улиралдаа нэг удаа Япон явдаг, нэг очихоороо сар гаран болдог. Ер нь ирэн очин байдаг болохоор өөрийнхөө уран бүтээлийн ажил дээр сайн төвлөрч чадахгүй л байна. Хүн гэдэг чинь байнга хөдөлгөөнтэй байж өөрөө өөрийгөө хөгжүүлж байхгүй бол байрнаасаа хөдлөхгүй нэг газраа суугаад байхаар хөглөгддөггүй ч юм уу нэг тийм хөшүүн болчихдог юм байна. Шинэ уран бүгээлийн хувьд хараахан хүмүүсийн хүртээл болгож чадаагүй цөөнгүй бүтээлүүд дээр ажилласан. Цөөхөн ч гэсэн хэдэн дуутай цомог гаргая гэж бодож байгаа. Ерөнхийдөө төлөвлөсөн маш олон ажил байгаа боловч хүүхдүүд маань жаахан байгаа болохоор эх хүний үүргээ сайн биелүүлэх гэж л хичээж байна даа.
Тэгэхээр таныг онгодоо хөглөж, гайхамшигтай уран бүтээл хийж байгаа гэж ойлгож болох уу?
Яг тийм мундаг бүтээл, симфони бичих хэмжээнд биш ч гэлээ өөрийнхөө санаанд буусан сайхан мэдрэмжээрээ ая зохиох дуртай. Өөрөө дуулахгүй ч гэсэн өөр бусад хүмүүст зориулж ая зохиож, түүнийгээ хүнд бэлэглэнэ гэдэг их гоё, гэгээлэг үйл гэж боддог. Ер нь бол хүнд дуугаар, шүлгээр сэтгэлийн засал хийж болох юм биш үү гэж нөхөр бид хоёр хоорондоо ярьдаг л даа. Урлаг гэдэг чинь хүнд асар их сэтгэлийн таашаал, сайхан мэдрэмжүүдийг өгдөг шүү дээ.
Засал ном гээд л ярилаа. Та ер нь хэр шүтлэгтэй вэ?
Би буддын шашныг шүтдэг. Хүн чинь нас явах тусмаа тэнгэр бурханаа шүтэж, илүү их итгэл үнэмшилтэй болдог юм байна. Залуу байхад бас хэр баргийн юмыг тоодоггүй, анзаардаггүй байж. Засал хийлгэж, ном уншуулна гээд бүхий л зүйл маш их утга учиртай байдаг гэдгийг өнгөрсөн жил аав, дүү хоёроо алдахдаа маш сайн ойлгосон. Ялангуяа Монголчуудын хувьд бол эрт дээр үеэс уламжилж ирсэн сүү өргөх ёсоо марталгүй хөгшин, залуу гэлтгүй тэнгэр, бурханаа шүтэж сүүгээ өргөж амьдрах хэрэгтэй юм билээ.
Хайртай хүмүүсээ алдана гэхээс хүн болгон л айдаг. Таны хувьд аав, дүү хоёроо алдаад юуг хамгийн ихээр бодож, харуусч байв?
Өнгөрсөн жилийн гуравдугаар сар миний хувьд их хүнд үе байсан. Аав, дүү хоёр маань 12 цагийн зайтай бурхан болсон, тэгээд удаагүй байж байтал Японд газар хөдлөлт болоод сэтгэл санааны хувьд их хүнд цохилтонд орсон. Цаг хугацаа гэдэг хүнийг аажим аажмаар тайвшруулдаг юм байна. Хэдийгээр тэр гунигт өдрүүдээс хойш жил гаруй хугацаа өнгөрсөн боловч тэднийгээ байнга зүүдэлж, зүүдэндээ уулзахаараа баярлаад л их санах юм. Өвчин гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг болохоор юу юунаас илүү эрүүл мэнддээ анхаарч байх хэрэгтэй юм билээ. Хүн эрүүл энх байвал аз жаргалтай, тайван амгалан амьдралыг бий болгож чадна.
Хүний амьдралд гуниг гутралаас илүүтэй аз жаргалтай хором мөчүүд их баидаг. Тэгэхээр та аав, дүү хоёртойгоо өнгөрүүлсэн сайхан мөчүүдээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
Надтай тэрсхэн өссөн миний яг доод талын дүү л дээ. Бид хоёр бага байхын хоршиж дуулдаг байлаа. Аав маань охидоо урлагийн хүн бопгочих бодолтой байсан юм билээ. Дүү маань урлагийн их мэдрэмжгэй авьяастай хүүхэд байсан болохоор бид хоёр чинь аливаа баяр наадмаар хөтлөлцөөд л халтуур хийдэг байсан /инээв/. Тоглоомоо булаацалдаад, байнга хамт байдаг байсан тэр мөчүүд л хамгийн сайхан нь байж дээ. Би чинь дөнгөж 13 настай байхдаа хүний нутаг руу эрдэм ном сурна гээд ээж, аавыгаа орхиод явчихсан. Гэтэл одоо бодоход ээж, аав, ах, дүү нартайгаа хамт байсан тэр сайхан дурсамжууд хүнд алт болж үлддэг юм байна. Хүн хожим харамсахгүйн тулд хайртай дотны хүмүүстэйгээ ойр байхыг л илүүд үзэх хэрэгтэй юм билээ.
Та хүүхэд насныхаа нэгээхэн хэсгийг харь оронд өнгөрүүлсэн. Эх орон, ээж ааваасаа хол байх энэ тэр хугацаанд дотны хүмүүсээ санаж, бэтгэрч уйлдаг байв уу?
Хүний элэг гэж их айхтар зүйл байдаг юм билээ. Японд байх хугацаандаа гэр бүлийнхнийгээ санаж, үгүйлж уйлахдаа уйлж, уурлахдаа уурлаад л хүний амьдрал л болсон хойно янз янзын зүйл тохиолдож байсан даа.
Д.Оюунтүлхүүр гэдэг хүнийг Монголын ард түмэн хайрлаж, хүндэлсээр ирсэн. Тиймдээ ч таны хувийн амьдралын талаар сонин хэвлэлд элдэв муу үгээр бичиж сенсаацитай мэдээ мэдээлэл нийтлээд байдаггүй. Магадгүй энэ таны хувь хүний зан чанартай холбоотой юу?
Тиймээ, би энэ бүхэнд их баярлаж явдаг юм. Манай сэтгүүл зүй өөрөө их хариуцлагатай салбар гэж би боддог. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүнийг өндөрт мандуулж ч чадна, газарт ортол нь нухчиж ч чадах хүчтэй, тийм эрх нь ч байдаг болохоороо их аюултай салбар юм. Ард түмнийг мэдээллээр хангаж байгаа гол хэрэгсэл болохоор сэтгүүл зүйн салбарт ард түмэн итгэхгүй гээд ч яах юм билээ. Олон дахин муугаар бичигдээд ирэхээр “энэ нээрээ үнэн ч юм болов уу” гээд хүмүүс итгэж эхэлдэг байх. Хүмүүс намайг хүүхэд байхдаа Япон орныг зорьж дуулж байсан бяцхан охин гэсэн анхны сэтгэгдлээрээ хүлээж авдаг, тэр үеийн жаахан охины дүрээрээ л хүмүүсийн хайрыг их татсан юм болов уу гэж боддог. Тэр ч утгаараа хийсэн бүтээсэн зүйлийг минь зөвөөр ойлгож, хүлээж авдагт баярлаж явдаг.
Та өөрөө ч сонин хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй шиг санагдаж байна?
Хүн өөрөө өөрийгөө үйлдлээрээ л харуулна уу гэхээс царай зүс, өнгө төдий зүйлээр илэрхийлж болохгүй.
Би сонин сэтгүүлд нэг их ярилцлага өгөөд байдаггүй, яагаад өгөх ёстойгоо ч бас сайн ойлгодоггүй. Ярилцлага өгснөөр бас ямар ач холбогдол байх билээ, энэ нь зөвхөн өөрөө өөрийгөө бодсондоо биш гол нь нийгэмд хандсан ямар мессэж хүргэх ёстой вэ гэдэг нь илүү чухал болохоос утга учиргүй зүгээр нэг ярилцлага өгөөд байх нь хэнд ч сонин биш шүү дээ.
Та уран бүтээлийн ажлаасаа хөндийрөөд байгаа ч буяны үйлсэд бие сэтгэлээ харамгүй эориулж яваа. “Оюунтүлхүүр” санг ажиллуулж байсан бол одоо “Тэмүүлэл” халамжийн тевтэй болсон гэсэн.
Хүмүүс намайг маш их магтдаг боловч би гэдэг хүн өөрөө өөрийгөө маш их голдог. Яг үүн дээр л нэг тийм зөрчил гараад байна уу гэж боддог юм. Нийгмийн сайн сайханд чиглэсэн энэ ажлыг би өөрийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд хийгээгүй. Анхнаасаа ч надад тийм бодол байгаагүй. Тийм ч их хүн сүрдээд байхаар овоож оцойсон мундаг зүйл хийгээгүй учраас тэрийг сурталчилж, рекламдаад бусдад зарлаад байх шаардлага байхгүй л дээ. Хэрэв миний хань миний дэргэд одоо цуг ярилцлага өгч байсан бол “Оюунаа дандаа ингэж өөрөө өөрийгөө голдог юм” гээд намайг зэмлэх л байсан байх. / инээв/ “Оюунтүлхүүр” сангийн маань үйл ажиллагаа урьдын адил явагдаж байгаа. Мөн “Тэмүүлэл” нэртэй халамжийн төвөө удирдан ажиллуулж байна.
Их олон хүүхэд таны халамжийн төвд хүмүүжсэн гэдэг юн билээ. Ийм сайхан ажлын буян нь танд ирдэг байхдаа?
Орон гэргүй олон олон хүүхэд гудамжинд амьдарч байсан учраас энэ бүхэнд эмзэглэж халамжийн төвөө байгуулахаар шийдсэн. Тус халамжийн төв маань байгуулагдсан цагаасаа хойш мянга гаран хүүхдийг сургаж хүмүүжүүлсэн. Одоо эхнээсээ нас биед хүрцгээгээд ажил амьдралаа эхлүүлж, ээж аав болцгоогоод сайн сайхан л явцгааж байна даа. Хүүхдүүд маань зарим нэг баяр наадмаар төв дээрээ ирж дүү нартайгаа баяраа тэмдэглээд буцдаг. Тэднийгээ сайн явааг харахад сайхан байдаг шүү.
Та түрүүн өөрөө өөрийгөө дандаа голж явдаг гэсэн. Тэгвэл та юу хийсэн үедээ “би үүнийг хийсэн шүү” гэж бардам хариулах вэ?
Мэдэхгүй юм. Гэхдээ бас өөрөө өөрийнхөө хийсэн бүх зүйлийг үгүйсгэж болохгүй байх л даа, Тэгвэл туулж ирсэн амьдралаа үгүйсгэсэн хэрэг болох байх. Өнгөрсөн цаг хугацаа минь алт шиг үнэтэй байсан. Энэ ч утгаараа надад маш их сургамжийг өгч, их олон бопомжийг хайрласан. Харь оронд эх орнкхоо нэрийг гаргаж Монгол хүн гэдэг ойлголтыг арлын орны хүмүүст таниулж чадсан анхны хүний нэг гэж өөрийгөө боддог. Энэ бол аз, гэхдээ хэнд ч тохиож болох байсан тэр аз надад ирсэнд баярлаж бас үүгээрээ их бахархдаг. Японы ерөнхий сайд Каяфүд Монголын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуайн мэндчилгээг гардуулж, морин хуур хөгжмөө бэлэглэж байсан. Энэ бүхэн миний амьдралд тохиолдсон бахархмаар зүйлсийн маань нэг байсан шүү.
Ярианыхаа сэдвийг жаахан өөрчлөөд таны хувин амьдралын талаар асууя гэж бодлоо. Та манай уншигчдад гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?
Миний нөхрийг Бямбажавын Балдорж гэдэг. Банк санхүүч, эдийн засагч мэргэжилтэй, Худалдаа Хөгжлийн Банкинд эдийн засагчаас газрын захирал, дараа нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Одоо мэргэжлийнхээ дагуу 2, 3 компанид хувиараа санхүүгийн зөвлөгөө өгч байгаа. Бид хоёр хүү, нэг охинтой бусдаас ялгараад байх зүйлгүй жирийн л сайхан гэр бүл.
Нөхөртэйгээ анх хэрхэн танилцаж байв?
Бид хоёрыг найзууд маань танилцуулсан. Ерээд онд Монголын Залуучуудын Холбооноос “Next top” гээд шинэ жилийн баярыг уламжлал болгон зохион байгуулдаг байсан юм. Тэгээд 1997 онд тус арга хэмжээнд уригдаж очих үеэр Б.Балдорж оны шилдэг оюутнаар шалгарсан гээд бид хоёр нэг ширээнд сууж таарсан юм билээ. Тэр үеэс хойш олон жил өнгөрсний дараа найзууд маань бид хоёрыг танилцуулсан чинь Б.Балдорж “Уг нь бол хоёулаа 1997 онд танилцсан, чи санаж байна уу” гэхээр нь би итгэдэггүй. Би чинь хүн нүдлэхдээ их муу хүн. Тэгээд бүр итгэж өгөхгүй байсан чинь манай хүн халааснаасаа нэг зураг гаргаад үзүүлсэн. Тухайн үед нэг ширээнд сууж байхдаа авхуулсан зургийг гаргаж ирээд “Энэ чи биш үү” гээд л тэгээд би гэнэт санаад л бөөн инээдэм болсон доо. /инээв/
Б.Балдоржийг таньд зориулж олон сайхан шүлэг зохиосныг нь та дуу болгож дуулсан гэсэн. Та хоёрын хамтын бүтээл болсон хичнээн дуу байдаг вэ?
Намайг Японд байхад манай хүн надруу и-мэйлээр захиа, шүлэг их явуулдаг байсан болохоор хоосонгүй бас их авьяастай хүн байхнээ гэж би боддог байсан. Эмэгтэйчүүдийн баяраар явуулсан нэг шүлэг надад их таалагдаад, тэр дор нь ая хийгээд л “Зүүдний учрал” дуугаа хийж цомог гаргасан. Цомогт ханийн маань зохиосон дөрвөн дуу багтсан.
Та хоёр хоёулаа урлагийн авьяастай. Хүүхдүүдээс чинь урлагийн авьяас мэдрэнж ажиглагдах юмуу?
Миний ганц охин дуунд их дуртай, гэртээ орилоод л дуулаад баидаг. Ер нь хүний амьдралын аз жаргал үр хүүхэд л юмдаа. Би үр хүүхэд ийм хөөрхөн өхөөрдөм үедээ эцэг эхээ баясгаж эцэг эхийнхээ ачийг хариулчихдаг гэж боддог ш дээ.
Авьяас чадвараас нь илүүтэй ханийнхаа ямар эан чанарт нь татагдсан бэ?
Халамж хайранд нь илүүтэй татагдсан. Манай хүн чинь ар гэрийн хүмүүжил сайтай, ямар нэг зүйлийг дутуу хөсөр орхих дургүй. Нэг тийм худлаа зан байхгүй, аливаад сэтгэлээсээ ханддаг хүн дээ. Хамгийн гол нь амьдралд ойрхон гээд энэ бүх сайн чанаруудад нь татагдсан даа. Миний хань чинь худлаа ярьдаг хүнд ясны дургүй хүн. Банк энэ хүнийг тэгж хүмүүжүүлсэн юм шиг байгаа юм.
Та хэр сайн гэрийн эзэгтэй гэж өөрийгөө боддог вэ?
Сайндаа сайн, муудаа муу. Яагаад муу гэж хэлж байна гэхээр ажлын шаардлага гараад гэнэт орхиж явах үе байдаг. Яалт ч үгүй ажил болохоор орхиод явахаас өөр арга байдаггүй. Тэгэхдээ цаг зав гарвал л хүүхдүүдтэйгээ хамт байх дуртай. Байнга биш ч гэсэн хааяа гэр бүлийнхэндээ гараа гаргаад сайхан хоол хийж өгөх, хүүхдүүдээ ном уншиж өгөх гээд үйл хөдлөл үйлдлээрээ үлгэр дуурайлал үзүүлж сайн ээж баыйхыг хичээдэг.
Та өнөөгийн энэ нийгэмд хэр баян хүн бэ?
Хөрөнгөөр яривал би бусадтай адил жирийн л хүн. Намайг хүмүүс юу ч гэж ойлгодгийг би мэдэхгүй. Бусдын адилаар яаж ийгээд болгож л амьдарч байна. Харин сэтгэлийн баянаар яривал би их баян. Гэр бүлийн маань хүн бол надаас хэд дахин илүү баян хүн. Аливаа зүйлийг болох, бүтэх талаас нь харна, яг тэр харснаараа хэрэгжүүлж чаддаг. Сэтгэл байвал энэ нийгэмд хийж болохгүй ажил гэж байхгүй дээ. Ер тэгээд мөнгөөр бүхнийг хэмжиж болохгүй, болдог ч үгүй юм билээ гэдгийг та бид өөрсдийн нүдээр харж байна шүү дээ. Хүнийг зуун жил насална гэж үзэх юм бол урт хугацаа. Харин энэ хугацааг хоногт шилжүүлээд үзэхэд ердөө 36500-хан өдөр болж байгаа юм. Үүнийхээ талыг унтаж өнгөрөөдөг гэж бодьё. Ингээд бодоод байхаар үлдсэн хугацаа нь их сонин тоо гарна. Тэгэхээр тэр цөөхөн хэдхэн хоногийн төлөө бид тав, зургаан жорлонтой байшинд амьдраад яах юм бэ гэж боддог. Тийм их хөрөнгөөр хүн юу хийх юм, би ойлгодоггүй юм. Гэхдээ хүн хүний бодол өөр байх л даа.
Тантай санал нэг байна. Тэгвэл таныхаар амьдралын утга учир юу байдаг юм бол?
Миний бодлоор болж өнгөрч байгаа цаг, минут секунд бүрийг аз жаргалтаи өнгөрөөж, сэтгэл минь амар амгалан байх юм бол энэ жинхэнэ амьдралын утга учир гэж хэлнэ.
Та эмэгтэй хүний гоо сайхныг хаанаас олж хардаг вэ?
Эмэгтэй хүн болгон гоо сайхан төрдөггүй, гэхдээ эмэгтэй хүн бол эмэгтэй хүн. Гоолиг сайхан бие, хөөрхөн царай гоо сайхан биш. Эмэгтэй хүн гэдэг бие цогцос өөрөө гоо сайхан байдаг гэж боддог. Хүн болгонд содон сайхан шинж чанар бий. Ер нь “номер нэг гэж байдаггүй, цорын ганц л гэж байдаг” гэж Японы нэгэн алдартай дуучин надад хэлж байсан. Энэ үгийг л их биширч явдаг даа.
Цаг эав гарган ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажил амьдралд амжилт хүсье!
Эх сурвалж: Хоот