logo
Хурлын ирцэнд авчихаарай, ирж амжихгүй гэж туслахаараа хэлүүлэх гишүүдийн тоо олширчээ

Хурлын ирцэнд авчихаарай, ирж амжихгүй гэж туслахаараа хэлүүлэх гишүүдийн тоо олширчээ

2012/05/10
Парламентын ээлжит сонгууль дөхөж Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх хугацаатай асуудал шил шилээ даран хүлээгдэж байна. Гэтэл  сүүлийн үед эрхэм гишүүд улс орны томоохон асуудлыг шийдвэрлэхэд хойрго хандан, хойш сууж  Байнгын хороодын хуралдаанд  ирэхгүй байгаагийн улмаас  ирц бүрдэхгүй хуралдаан хойшлох явдал ихэслээ. Өнөөдөр гэхэд л УИХ-ын Төсөв, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод хуралдах байсан ч  хойшиллоо. Ийнхүү ирц бүрдэхгүй байгаагийн гол шалтгаан нь нэлээдгүй гишүүд  гадаадад, дотоодод эмчилж сувилуулах нь олширсонтой холбоотой гэнэ. Түүнчлэн гишүүдийн зарим  нь УИХ-д дахин нэр дэвшихгүйгээ мэдрээд гишүүнийхээ төсвийг амжиж дуусгахын тулд эмчилгээ хийлгэх нэрийдлээр гадаадад аялж яваа сураг гарч байгаа бол харин нөгөө хэсэг нь удахгүй сонгууль болж ууж идэхээ умартан, морин дэлнээс буулгүй өдөр шөнөгүй иргэд сонгогчидтойгоо ажиллахын өмнөх амралтыг өөрсөддөө өгч байгаа бололтой. Мөн зарим ирцэнд авчихаарай гэх юмуу, ирж амжихгүй гэж туслахаараа хэлүүлэх, утсаа авахгүй байх зэргээр нүүр буруулцгаах болжээ.
Өмнө нь ч эрхэм гишүүдийг хуралдаандаа суудаггүй, олон цаг хурал тасалсан, өвчтэй байсан тухай шүүмжлэл сонин хэвлэлд бишгүй гарч байсан. Төрд эрүүл хүн ажиллах ёстой. Тиймээс иргэд, сонгогчид  иймэрхүү бие муутай, хувиа хичээсэн гишүүдийг цаашид өөрсдийн төлөөлөл, дуу хоолой  болно хэмээн итгэл үзүүлэн сонгохгүй байвал яасан юм бэ. Түүнчлэн намын бүлгүүд нь ч УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд чуулган, Байнгын хороодын хуралдаанд суудаггүй гишүүдийнхээ ирцийн мэдээлэлд дүгнэлт хийж, олон цагаар хуралдаан тасалдаг, худал үнэн нь мэдэгдэхгүй байнга өвддөг үзүүлэлттэй  эрхэмүүдэд хариуцлага тооцдог, эргүүлэн татдаг хуультай болох цаг нь болсон юм биш үү.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш