Чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилов. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар УИХ-ын зүгээс СЕХ-д гишүүнээр нэр дэвшүүлж буй Г.Гэрэлт-Од, Б.Ганбат нарыг танилцуулсан бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга мөн СЕХ-д нэр дэвшигч Б.Билигтийг танилцуулсан юм. Үүний дараа УДШ-ээс нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарын танилцуулгыг гишүүд сонслоо. Дараа нь УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг ТББ-ын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг уншсан юм. Ингээд асуулт асууж үг хэлэх үеэр гишүүн Э.Бат-Үүл, Р.Раш, С.Ламбаа, УИХ-ын дэд дарга Н.Энхболд нар санал бодлоо хэлж, нэр дэвшигчдийг сайн ажиллах, хууль дүрмийг нягт барьж шударга ажиллахыг захиж байлаа. Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнээр нэр дэвшигчдийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад бүгд дэмжигдсэн.