logo
Амь насаа алдсан болон биеийн байдал муу байгаа аврагчдын ар гэрт мөнгөн тусламж олгоно

Амь насаа алдсан болон биеийн байдал муу байгаа аврагчдын ар гэрт мөнгөн тусламж олгоно

2012/05/10
Дорнод аймгийн Баяндун сумын “Шивэртийн-Ам” хэмээх газар 05 дугаар сарын 06-ны өдөр гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байсан аймгийн Онцгой байдлын хэлтсийн бүлгийн дарга, дэслэгч Ч.Намжилдаш, ахлагч Ж.Одбаяр, ахлагч С.Бат-Эрдэнэ нар амь үрэгдэн, ахлах ахлагч Г.Багабиш, дэд ахлагч А.Болорсүх нар түлэгдсэн байна. 
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын гишүүд өнөөдрийн хуралдааны үеэр гүн эмгэнэл илэрхийллээ.
Нөхцөл байдлын талаар Шадар сайд М.Энхболд хуралдаанд танилцуулсан байна.
Түймэр унтрааж байх үед салхины чиглэл өөрчлөгдсөнөөс болж 28-38 насны гурван аврагч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Аймгаас ирүүлсэн мэдээллийн дагуу Шадар сайд М.Энхболд амь үрэгдсэн албан хаагчдыг оршуулах комисс байгуулж, нөхцөл байдлыг шалгаж тодруулах үүрэг өгсөн байна.
Мөн түлэгдсэн 2 аврагчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Д.Намсрай тэргүүтэй ажилтан, эмч, сувилагч нараас бүрдсэн багийг нисдэг тэргээр Дорнод аймаг руу өчигдөр 18 цагт явуулжээ. Өнөөдөр өглөө 07 цаг гэхэд түлэгдсэн аврагчдыг Түлэнхийн төвд авчран эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь маш хүнд байна. Мөн онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүний хэмжээнд гашуудал зарлажээ.
Мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үүрэг өглөө.
Үүссэн нөхцөл байдлыг тодруулж, дүгнэлт хийх, цаашид ийм явдал гаргахгүйн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай тухай санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд М.Энхболдод даалгав.
Амь насаа алдсан болон түлэгдэж биеийн байдал нь хүнд байгаа аврагчдын ар гэр, эмчилгээний зардалд зориулж Засгийн газрын нөөц сангаас тодорхой хэмжээний хөрөнгө гаргахаар боллоо.
Шадар сайд маргааш Дорнод аймагт ажиллан амь үрэгдсэн албан хаагчдын ар гэрт Засгийн газрын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлж, мөнгөн тусламжийг хүлээлгэж өгөн, аймгийн Онцгой байдлын бие бүрэлдэхүүнтэй уулзах болсон байна.
Шадар сайд М.Энхболд Засгийн газрын хуралдааны дараа Түлэнхийн төвд эмчлүүлж байгаа аврагчдаа эргэж, эмч нартай нь уулзжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш