logo
Сонгуулийн насныхан огцом нэмэгдлээ

Сонгуулийн насныхан огцом нэмэгдлээ

2012/05/11
Удахгүй болох УИХ-ын сонгуульд оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтыг УБЕГ-ынхан СЕХ-нд өгөөд байгаа.  Гэсэн хэдий ч нийслэлийн хэмжээнд байгаа сонгуулийн насны иргэдийн тоо зөрүүтэй байна гэх яриа гараад байна. Тухайлбал, СЕХ-ноос хийсэн мэдээлэлд 814 600 сонгогч байгаа гэсэн бол Нийслэлийн сонгуулийн хорооноос 792 642 хүн байгаа гэсэн мэдээлэл өгчээ. Энэ нь 21 958-иар зөрж байгаа юм.

Гэтэл Нийслэлийн бүртгэлийн газар 814 600 гэсэн сонгогчийн тоог Сонгуулийн ерөнхий хороонд одоогоос гурван сарын өмнө авсан гээд байгаа юм. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ сарын 4-нд нийт сонгогчдын тоог 1 861 226 хэмээн тогтоогоод үүнээс нийслэлд сонгуулийн насны 809 076 хүн бий хэмээгээд байна.

Тэгэхээр СЕХ-ны 814 600, Нийслэлийн сонгуулийн хорооны 792 642, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 809 076 гэсэн гурван янзын тоо одоогийн байдлаар гараад байгаа бөгөөд энэ хооронд 5524-21958 хүн "гүйгээд" байх юм аа. Бас Улсын бүртгэлийн ерөнхий газар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн харьяанд очсоносоос хойш цахим үнэмлэх гэж баахан хошгоруулж байгаад, эцэст нь иргэний үнэмлэхний лавлагаа гэх бичгийн цаасыг 30,40 мянгаар нь тараасан. Энэ бас л "но"-той ажил.
Үүний учрыг тайлж, хужрыг тунгаачих албан тушаалтан дээрх гурван газарт байхгүй байх учиргүй бөгөөд нэг хүн ч нэгдэхгүй гэдэг сонгуулийн зарчмаар бол энэ нь санал луйвардах ажиллагааны эхлэл хэмээн хардахад хүргэж байгаа юм.

Уг нь Монгол Улс ердөө 2.7-хон сая хүн амтай гэж халаглацгаадаг мөртлөө энэ цөөхөн ард түмнээ бүрэн дүүрэн тоолчих чадалгүй л төрийн албан хаагчидтай юм даа. Одоогоос хоёр жилийн өмнө бичиг баримтын зөрчлийг арилгах зорилго тавьж, улсын хэмжээнд иргэний шинэчилсэн бүртгэл хэмээх аяныг зохион байгуулсан.

Энэ ажил өнөөдрийн байдлаар 96 хувьтай байгаа гэнэ билээ. Бас шинэчилсэн бүртгэлийг хийхдээ тухайн иргэний нотлох баримтыг түшиглэн биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээр баталгаажуулж хийсэн гээд байгаа. Одоогийн байдлаар 1.9 сая иргэн хурууныхаа хээг өгсөн гэж байгаа.

Тэгэхээр хурууны хээ өгсөн 1.9 сая иргэн сонгуульд санал өгөхөөр байгаа юм. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан нийт сонгогчдын тoo 1 861 226 гээд байгаа. Ингээд л 38 774 хүн сох дутаад алга болчихож байгаа юм.

Бас ГХЯ-ныхантай хамтраад гадаадад байгаа иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулаад, нийт 35 000 гаруй иргэн хамрагдсан гээд байгаа. Тэгэхээр нийтдээ 70 гаруй мянган хүн сох дутаад байна. Иргэний шинэчилсэн бүртгэл хийгээд ч, давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээр ч бүртгээд нэмэр алга.

Бүтэн жил сүржигнэж, иргэдийн уурыг барсан ажил үр дүнгээ өгсөнгүй. Гэтэл хурууны хээ 10 мянган хүн амд гурав давхарддаг, тэгэхээр манай улсад 270 удаа давхардах нь гэсэн яриа сонслоо. Энэ яриа үнэн бол ард түмний хурууны хээг авч, сүржигнэх, улсын төсвийг хий дэмий зүйлд үрэх хэрэггүй л байж дээ гэж халагламаар.

Бас учир нь олдохгүй олон салаа тоо иргэдийн байтугай улстөрчдийн ч толгойг эргүүлээд байна. Тэгэхээр энэ бүхнийг санал луйвардах "но"-той ажил гэхээс өөр яалтай.

Э.Туул
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш