logo
Н.Удвал: Хийсэн гэмгүй болохоор хоригдохоос эмээх зүйл алга

Н.Удвал: Хийсэн гэмгүй болохоор хоригдохоос эмээх зүйл алга

2012/05/11
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалтай уулзаж ярилцлаа
-Таныг 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн жагсаалыг зохион байгуулсан асуудалтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүх гэж байгаа мэдээлэл гарлаа. Яг ямар үндэслэлээр буруутгаж байгаа юм бол?

-Өчигдөр намайг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудаж 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр жагсаал зохион байгуулсан асуудлаар захиргааны зөрчил гаргасан гэж үзэн  шүүхэд шилжүүлэх болсноо албан ёсоор мэдэгдсэн. Түүнчлэн яг ямар үндэслэлээр буруутгаж байгаа талаарх хэргийн материалыг өгсөн. Үндсэн 3 асуудал яригдаж байгаа. 1 дүгээрт, 13-ны өдөр зохион байгуулсан жагсаал цуглааны үед Сүхбаатарын талбайн баруун талын замын хөдөлгөөнийг хаасан гэж буруутгаж байгаа. Тухайн жагсаал цуглаанд 3000-аас доошгүй хүмүүс цугласан бөгөөд биднийг шаардах бичиг хүргэж өгөхөөр явахад төрийн ордны баруун хаалга руу жагсагчид дагалдаж явсан. Талбайн хажуу талын явган хүний зам төдийлөн өргөн биш, зай талбай муутай нарийн тул жагсагсад талбайн баруун талын авто зам дээр гарч зогссон юм билээ. Дахин хэлэхэд жагсагчид замын хөдөлгөөнийг санаатай хаан боогдуулж, бухимдал үүсгэх, хэв журмыг алдагдуулах зорилго агуулаагүй. Түүнчлэн ийнхүү авто зам дээр түр зогссоноор хэн нэгэнд хор хохирол учруулсан юм уу, эмх замбараагүй байдал үүсгээгүй болохыг хэлэх нь зүйтэй байх. Дараагийн нэг үндэслэл нь жагсаалын үеэр сэтгэцийн эмгэгтэй хүн цагдааг эсэргүүцсэн гэдэг асуудал ярьж байгаа юм байна. Энэ талаар өчигдөр өгсөн материалтай нь танилцах явцдаа л анх удаа олж мэдлээ. Жагсаал цуглааны тухай хуульд сэтгэцийн өвчтэй хүнийг оролцуулахыг хориглосон заалт байдаг. Гэхдээ хуулийн энэ заалтын цаад утга санаа нь сэтгэцийн өвчтэй хүний хэрэг хариуцах чадваргүй байдлыг далимдуулан ашиглаж, бусдад гэм хор учруулах, хор уршиг бий болгохоос урьдчилан сэргийлэх зорилготой гэж манай хуульчид тайлбарлаж байгаа. Тодруулбал, бид жагсаалын үед сэтгэцийн өвчтэй хүнийг мэдсээр байж дагуулж очсон бол яах аргагүй хуулийн хариуцлага хүлээх болно. Харин энэ хүний хувьд түүнийг бид танихгүй, бас өөрөө болон түүний ар гэрийнхний өгсөн мэдүүлэгт тухайн иргэн сайн дураараа, хэн нэгний албадан шахалт буюу ятгалгагүйгээр ирсэн гэж байна . Бид тэнд цугласан 3000 гаруй хүнийг гаднаас нь хараад энэ нь сэтгэцийн өвчтэй, энэ нь эрүүл гэж мэдээд, ялгаж зааглаад байх ч боломжгүй шүү дээ. Үнэхээр манай цагдаагийнхан мэдрэмж, ур чадвар сайтайдаа 3000 хүн дотор байсан ганц сэтгэцийн өвчтэй хүнийг нь олоод илрүүлчихсэн байна уу эсвэл гадны ямар нэгэн өөр шалтгаан байна уу гэж ойлгогдохоор  байгаа биздээ. Мөн Сүхбаатарын талбай дээр буюу зөвшөөрөгдөөгүй газар жагсаал зохион байгуулсан гэж буруутгаж байгаа. Гэтэл бид жагсаал зохион байгуулах зөвшөөрлөө зохих журмын дагуу авсан байсан. Ер нь бид Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулсан эхний, бас эцсийнх  нь биш гэдгийг онцолмоор байна. Олон жагсаал болж байсан. Трактортай ч  жагсаж  байв. Одоогоос 4 жилийн өмнө зарим  нөхдүүд жагсаал зохион байгуулсан. Энэ нь даамжирч эрдэнэт 5 хүний аминд хүрснийг бүгд  санаж байгаа. Харин энэ жагсаалыг зохион байгуулагчдаас хуульд заасны дагуу хариуцлага хүлээсэн гэж лав сонсоогүй юм байна. МАХН хуулийн дагуу жагсаал зохион байгуулахаар бурууддаг юм байлгүй дээ.
-Шүүхээс таныг хорих магадлал өндөр байгаа гэж сонссон. Таны сэтгэл санаа ямар байна?
-Хийсэн гэмгүй болохоор хоригдохоос эмээх зүйл алга. Миний хувьд шүүх юу гэж шийдэх нь тийм ч чухал биш.  Тэгсэн тэгээгүй олон түмэн чухам яг юу болоод байгааг ялгаж салгаж ойлгож  байгаа нь л хамгийн чухал зүйл.
www.shuum.mn


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш