logo
Барилга нурсан шалтгааныг МХЕГ-аас тогтоожээ

Барилга нурсан шалтгааныг МХЕГ-аас тогтоожээ

2012/05/12
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн аманд иргэн О.Мэндсайханы захиалгаар босч байсан барилга нурж, таван хүн дарагдаад, нэг нь нас барсан билээ.

Хамгийн харамсалтай нь эдгээр таван хүн нэг гэр бүлийн хүмүүс байсан талаарх мэдээллийг бид хүргэж байсан. Онцгой байдлын аврагчид аавынхаа хамт ажиллаж байсан дөрвөн хүүг эсэн мэнд гаргаж чадсан бол аавыг нь аварч чадаагүй юм. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, мэргэжлийн бус хүмүүсээр хэн барилга бариулав, хүний амиар дэнчин тавин бариулсан энэ барилгын захиалагч нь хэн байв зэрэг олон асуулт хөвөрч байна.

Тэгвэл зарим эх сурвалжийн хэлж байгаагаар О.Мэндсайхан нь УИХ-ын агсан О.Энхсайханы дүү гэнэ. Харин энэ мэдээллийн дагуу лхагва гаргийн 17.30 цагт МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газраас газар дээр нь хяналт шалгалт хийсэн байна. Тус газрын мэдээлж буйгаар нэгдүгээр давхрын багана, дам нуруу, хучилтын хэв гулсаж, бүхэлдээ нурсан. Мөн нойтон бетон зуурмаг доош гоожсон, хучилтын бүх арматур ил гарсан байжээ.

Барилга нурсан шалтгаан гол даацын баганын цутгалтын ажлыг хийж, бетон зуурмаг нь 70 хувь бэхжсэний дараа дам нуруу, хучилтын хавтан цутгах, угсралтын ажлын технологийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл багана, дам нуруу, хучилтын хавтанг нэгэн зэрэг цутгасан, баганын цутгалтыг бүрэн хийгээгүй аж. Мөн дам нуруунуудыг хийгээгүй байхад хучилтын хавтангуудыг 100 хувь цутгаж, ажиллах боломжгүй байсан багана, дам нуруунд ачаалал өгсөн зэрэгтэй холбоотой гэнэ.

 Үүнээс гадна барилгын зураг төслийг Улсын экспертизийн албаар хянуулаагүй, барилгын талбай дахь зураг төсөлд зохиогчид гарын үсэг зурж баталгаажуулаагүй, барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж буй Т.Чойжав даамалтай барилгын бригад барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй байжээ. Цаашид барилгын нурсан хэсэг болон суурийг бүрэн буулгаж, зайлуулах шаардлагатай байгаа ба хяналт шалгалт үргэлжилж байгааг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж: "Өглөөний сонин" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш