logo
Монгол Улс түүхэндээ анх удаа гадаадад байгаа иргэдээ сонгуульд оролцуулж,  саналыг нь авна

Монгол Улс түүхэндээ анх удаа гадаадад байгаа иргэдээ сонгуульд оролцуулж, саналыг нь авна

2012/05/12
Хилийн чанадад байгаа иргэд УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэх хугацаа өнөөдөр эхэлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах комиссын дарга Б.Батхишиг, ГХЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын захирал, комиссын нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шинэчлэн баталсан Монгол Улсын сонгуулийн тухай хуулиар гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд сонгуульд оролцох эрхтэй болсон юм.

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 39 оронд байгаа Монголын иргэд 6 дугаар сарын 10-ны өдөр 07.00-20.00 цагийн хооронд саналаа өгөх бөгөөд зөвхөн нам, эвслийн төлөө саналаа өгнө. Ингэхдээ нэг нам юмуу эвслийн нэрийн өмнөх дугаарыг дугуйлсан тойргийг будаж тэмдэглэх юм.

Гадаад улсад байгаа 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн өнөөдрөөс эхлэн өөрийн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, сонгуульд оролцохоо мэдэгдэж иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортын хуулбарыг Салбар комисст өгч, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу бүртгүүлнэ.

Энэ маягтад эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, нас, хүйс, иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар, хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан газрын хаяг, одоо оршин сууж байгаа газрын хаяг багтсан байна.

Консулын газрын мэдээгээр манай улсын 112 мянга гаруй иргэн гадаадад ажиллаж, сурч байгаа бөгөөд хамгийн олон нь АНУ, БНСУ-д байдаг аж. 5 дугаар сарын 1-ний байдлаар тэднээс 35 мянга гаруй нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байна.

Хэрэв иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж амжаагүй бол сонгуульд оролцохоор бүртгүүлэхэд нь иргэний шинэчилсэн бүртгэлийг нь давхар хийх юм. Тиймээс санал өгөх хүний тоо нэмэгдэх магадлалтай аж. Иргэд саналаа биечлэн ирж өгөх ёстой. Харин өвчтэй зэрэг тодорхой шалгаантай тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өгүүлж болно.

Саналын хуудас бүр тусгай дугаартай байна. Саналаа тэмдэглэсний дараа сонгогч саналын хуудсаа дугтуйнд хийж наан, хайрцагт хийнэ. Мөн саналын хайрцгийг битүүмжилж дипломат шуудангаар авчран, 6 дугаар сарын 28-ны өдөр болох УИХ-ын сонгуулийн санал авч дууссаны дараа нэгдсэн тооллогод оруулах ажээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш