Өнгөрсөн Ням гаригт Грект парламентын сонгууль болж өнгөрлөө. Шинжээчид Грекийн 2 гол нам болох Консерватив үзэлтэй Шинэ Ардчилал нам болон ПАСОК намууд парламентад олон суудал авна гэж тооцож байсан. Учир нь нэг нам нь ЕХ-ноос тулгасан эдйн засгийн хатуу бодлого явуулж зээлсэн өрөө барагдуулах тал дээр Европын удирдагчидтай дахин хэлэлцээр хийнэ гэж амласан. Харин нөгөө нам нь энэ тулгалтыг хүчингүй болгоно гэж амлаад байсан юм. Гэсэн ч гол 2 намын аль нь ч парламентад олонхи болж чадсангүй. Антонис Самарасын удирдсан Консерватив чиг баримжаатай Шинэ ардчилсан нам 18.9 буюу хамгийн олон 108 суудал авсан. Энэ нь 300 суудалтай парламентад эрх зүйн хувьд олонхи болох 151 суудлаас хамаагүй бага суудал юм. Самарас бусад намуудтай нийлэн эвслийн засгийн газар байгуулах санал тавиад байгаа. Тэрээр 2 чухал зүйлийг амлаад байгаа. Нэгдүгээрт Грекийг Европын холбоонд хэвээр үлдээх. 2-рт Европын улсуудаас өгч байгаа хөнгөлөлт татаасын тохиролцоонд нэмэлт өөрчлөлт оруулж, Грек иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлөх юм. Эдийн засгийн хатуу бодлогыг эсэргүүцэж сонгуульд оролцсон Зүүний Радикал эвсэл нийт сонгогчдын 16.8 хувь буюу 51 суудал аваад байна. Уг эвслийн тэргүүн Алексис Ципрас нөгөө 2 зүүний нам болох Коммунис нам болон Зүүний ардчилсан намтай нэгдэн эвслийн засгийн газар байгуулж, ЕХ-ноос тулгасан эдийн засгийн хатуу бодлогыг хүчингүй болгоно гэж мэдэгдээд байгаа юм. Гэхдээ эдгээр зүүний намууд хоорондоо эвсэхэд хүндрэл гарч магадгүй байгаа юм. Учир нь Коммунист нам Грекийг ЕХ болон Евробүсээс гаргахаар эрмэлзэж байгаа буюу нөгөө 2 зүүний намтайгаа үзэл бодол, мөрийн хөтөлбөрийн хувьд санал зөрөлдөөнтэй байгаа юм. Грекийн том намуудын нэг ПАСОК гэсэн товчлолтой нам сонгуульд маш муу үр дүн үзүүлж, 1974 оноос хайш анх удаа хамгийн бага санал авсан буюу саналын тоогоор 3-рт орж байна. Гэсэн ч ПАСОК намын дарга Евангелос Венизелос ЕХ-ноос Грекийг гаргахгүй гэж үзэж байгаа бүх намууд хамтран үндэсний эвслийн засгийн газар байгуулах санал гаргаад байгаа юм. Сонгуулийн санал хураалтыг зохион байгуулсан компанийн захирал Марика Лампроугийн мэдэгдсэнээр Грекийн парламентад нийт 7 нам суудал авсан юм байна. Ногоон Нам, Барууны популист ЛАОС товчлолтой нам болон Либерал ардчилсан Эвсэл зэрэг улс төрийн 3 хүчин Порпорциональ сонгуулийн босгонд хүрээгүй тул парламентын гадна үлдэхээр болж байна. Грек улс 1974 онд Ардчилсан нийгмийн баримжаатай улс болсноос хойш анх удаа Голден Даун нэртэй цагаачлалын эсрэг хатуу бодлого, чиг баримжаатай хэт барууны нам парламентад суудал авсан байна.
Shuum.mn
Shuum.mn