logo
Кремлийн дотор тал зуугаад жилийн дараа эргэж Хаант Оросын үеийн өнгө төрхтэй болжээ

Кремлийн дотор тал зуугаад жилийн дараа эргэж Хаант Оросын үеийн өнгө төрхтэй болжээ

2012/05/12
Бидний хэлж заншсанаар Улаан Москвагийн Улаан Кремлийн ордонг 1837-1849 оны хооронд барьж дуусгажээ. Кремлийн ордон өнгөрсөн 150 жилийн дотор гадна талаасаа өнгө төрхөө их сольжээ. Харин дотор талын өнгө төрх нь бага өөрчлөгдсөн гэж хэлж болно. Урд нь Оросын эзэнт гүрний хаад хаан ширээний ёслол үйлдэж, Эзэн Хааны титэмээ гардаж авдаг байсан. Харин орчин үед ОХУ-ын Ерөнхийлөгчид тангараг өргөх ёслол үйлддэг болж өөрчлөгджээ. Оросын хаант засгаас одоогийн орчин үеийн Оросын удирдагчдыг хүртэл Сталины байгуулсан ЗХУ-ын үеийн удирдагчид Кремльд эзэн сууж байсан. Нөхөн сэргээн засварлах архитекторч Татьяна Каменевагийн ярьж байгаагаар Хаант оросын үед энэ том танхим хов хоосон байсан. Харин сүүлд ЗХУ-ын төрийн дээд зөвлөл хуралддаг танхим болгож засч тохижуулсан. ЗХУ задарсны дараа дахин хаант Оросын үеийн шиг болгож танхимыг хоосон болгон засварлаж чимсэн байна. ЗХУ-ын үед ямар өнгө төрхтэй байсан талаарх фото зураг Кремлийн архивт хадгалагдан үлдсэн байна. 1994 онд ерөнхийлөгч агсан Борис Ельцины захирамжаар архитекторч Татьяна Каменевагийн ахалсан архитекторч, засал, чимэглэгчид Кремлийн дотор талыг засч нөхөн сэргээсэн байна. Уг төсөл 4 жил үргэлжилж Кремлийн дотор тал одоогийн алтан шаргал өнгө төрхөө олж авчээ. Сайн анзаарвал Кремлийн дотор талыг Оросын Хаант засгийн үеийн хэлбэр дизайнаар засч сайжруулжээ. Мөн Хаант Оросын үеийн 2 толгойтой бүргэдтэй сүлдийг голд нь байрлуулсан байна. Кремлийн 2 том танхимыг зааглаж байсан ханыг ЗХУ-ын үед нурааж, нэг урт хурлын танхим болгосон байсныг дахин ханаар тусгаарлаж, эргүүлж 2 танхим болгосон юм. Зөвхөн энэ танхимд гэхэд 19 кг алт орсон. Өөрөөр хэлбэл хана туурганы алтан шар өнгөнд алт орсон гэсэн үг юм. Кремлийн дотор талд яг хэр их хэмжээний алт орсон нь нууц байдаг байна. Архитекторч Татьяна Каменевагийн ярьж байгаагаар Кремль Оросын хаадын Москва дахь өргөө байсан. Оросын үе үеийн хаад, төрийн тэргүүнүүд Кремльд сууж байсан болохоор Кремль нь Орос үндэстний түүх амьдрал ахуйтай шууд холбоотой. Тиймээс Оросын ард түмэн өвөг дээдсээс уламжлуулан ирсэн нандин өв, уламжлалаа сэргээж түүхэн газруудыг хадгалж, засч сэлбэж дараагийн үедээ өвлүүлэн үлдээх нь тэдний үүрэг юм байна. 100-гаад жил өнгөрсний дараа Кремль дахин Хаант Оросын үеийн өнгө төрхөндөө оржээ.     
Shuum.mn   
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш