Оросын сөрөг хүчнийг дэмжигчид хичнээн эсэргүүцээд ч В.Путин Ерөнхийлөгч болдгоороо болсон. Тэд тайван жагсаал хийж үзсэн. Цагдаа нартай мөргөлдөж үзсэн, нэмрийг олсонгүй. Тэдний хэн нь ч Путины уулын оргил өөд тэмүүлж байсан тэмүүлэлд садаа болж чадсангүй. Өөрөөр хэлбэл сөрөг хүчин одоо л ухаарч Путины эсрэг нэгдэх талаар ярилцаж эхлээд байна. Путин Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсөн тэр өдөр Ярославль хотын дарга Евгений Юрлашов нэгдсэн сөрөг хүчнийг тэргүүлэх хүнээр сонгогдсон байна. Тэрээр хүмүүс өөрийг нь сонгосон нь ухаантай, мэдлэг боловсролтойд нь бус харин Путины дэглэмийн эсрэг зогсч чадах хүн гэж сонгосон байх гэж даруухан ярьж байна. Зөвхөн Ярославль хотын улс төрчид төдийгүй газар газрын сөрөг хүчний улс төрчид нэгдэх хандлагатай болоод байна. Яболоко намын гишүүн Владимир Зубков ардчиллыг бэхжүүлэх ардчилсан ерөнхийлөгч тэдэнд хэрэгтэй байна гэж үзэж байна. Орон нутгийн Коммунист намын дарга Александр Воробьёв нам төр дамнасан олигархи бус харин үзэл бодлоороо нэгдсэн намаас хүн гарч ирэх хэрэгтэй гэж бодож байна. Төв зам гэж там болсонд Ярославль хотын иргэд хамгийн их бухимдалтай байна. Ер нь л нийгмийн чинээлэг давхаргынхан эрх баригч Нэгдсэн Орос намыг дэмжиж байгаа бол төвөөс алслагдсан дэд бүтэц муу хөгжсөн ажилгүйдэл ихтэй байгаа хотуудын иргэдэд Нэгдсэн Орос намын дэмжлэг алга байна. Өнгөрсөн оны 9 сард Ярославль хотын нисэх онгоцны буудлын ойролцоо Хоккейн тамирчдыг суулгаж явсан онгоц осолдож, 36 хоккейчин, бусад албаны хүмүүс болон онгоцны багийн 7 хүн хамт амиа алдсан. Ярославльчууд хотынхоо сор болсон тоглогчдоо алдсандаа олон хоног гашуудсан. Одоо ч хүртэл мартаагүй байгаа. Дээр нь эрх баригчдадаа дургүйцсэн бухимдсан. Учир нь Ярославль Локомотив багийн хоккейчид хувиар ёсоор Ярославль хотод тоглох байжээ. Гэтэл улс төрийн өндөр албан тушаалтнууд уг хотын спортын ордонд олон улсын хурал зохион байгуулахаар болсон тул тамирчид өөр тийшээ нисэхэд хүрчээ. Түүнээс хойш Ярославльчууд Путины эрх баригч намд дургүй болжээ. Евгений Юрлашов сөрөг хүчний намууд хоорондоо өрсөлдөх бус харин Путины эсрэг нэгдэж нэгдсэн хүчээр сонгуульд орох бэлтгэлээ одооноос хангах хэрэгтэй гэж үзэж байна. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр Путин нэгэнт сонгогдсон хойно нь сөрөг хүчнүүд ухаан орж, одооноос нэгдэж ирэх сонгуульд оролцох талаар ярилцаж эхлээд байна.
Shuum.mn
Shuum.mn