logo
“Буузан дотор булхай, хуушууран дотор хулгай бий”

“Буузан дотор булхай, хуушууран дотор хулгай бий”

2012/05/12

Ийм хэлц үг аль социализмын үед л гарсан байх. Яагаад гэхээр тавь жараад оны үед нийслэл хотоор дүүрэн хувийн \хужаагийн гэж нэрлэдэг байлаа\ гуанз, мухлаг байж билээ. Зүйрлэвэл одоогийн дэлгүүр, ТҮЦ-үүдтэй л ойролцоо гэсэн үг. Гагцхүү худалдагч, эзэд нь дандаа хятад хүмүүс байх. Эдгээр гуанз, мухлагийн гол хэсэг нь өдгөөгийн Үндэсний түүхийн музейгээс эхлээд урт цагаанаар дамжин шар дэлгүүр буюу 25 дугаар суваг телевизийн үүд орчимд хүрнэ. Тэнд багавтархан талбай байсныг морин тэрэгний төв буудал гэх. Буудлын урд талд төв бараан зах байсан юмдаг. Тэр үед “мах муудахаар хуушуур олширдог, ажил муудахаар хурал олширдог” гэх үг ч гарсан болов уу.

Одоогийнх шиг хөргөгч мөргөгч гэж байх биш. Сайндаа л газар ухаж, дотор нь мөс нөөцөлсөн хөргөгч ашиглах. Тэгээд гуанзнуудын хадгалсан мах муудаад эхлэхээр тогооч нар нь хуушуур, бууз хийж аргалдаг байснаас дээрх үгс улбаатай. Өдгөө ч гэсэн нийслэлийн зах хавьцаа байрласан жижиг гуанзны хуушуур, буузны мах амт орсон байдаг нь цөөнгүй талдаа. Энэ тухай цухасхан дурдсаны учир нь доктор Ч.Лхагважав “Авилгал" гэх нийтлэлдээ дээрх зүйрлэлийг авилгал цэцэглэхтэй зүйрлүүлж болох ишлэл хэмээн үзсэнтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл “ төвлөрөл ихэдвэл хүнд суртал нэмэгдэнэ, хүнд суртал нэмэгдэхээр авлигал цэцэглэнэ” гэсэнтэй дүйцнэ хэмээжээ.

Ер нь авлигал бол их эртнээс улбаатай төдийгүй бүр адгуус амьтад ч байдаг чанар гэж үзэх нь бий аж. Энэ тухай доктор Ч.Лхагважав “Амьтдын ертөнц” телевизийн сувгаар араатан амтад идэш тэжээлээ хэрхэн олж иддэгтэй жишээд, авилгал гэдэг бол жинхэнэ утгаараа “хүч чадал” гэсэнтэй утга нэг хэмээн үзсэн байна. Жишээ нь, цөөвөр чононууд нэг гөрөөс унагаагаад идэцгээх гэж байтал арслан хүрээд ирвэл барьсан гөрөөсөө тавьж өгөөд өөрсдөө холдоно. Арслан идэж цадаад үлдсэн хэсгийг чононууд иддэг. Эндээс харвал хүчтэйн өмнө хүчгүй нь тал засахтай төстэй үзэгдэл явагдаж буй бөгөөд арслан бүхэл гөрөөсийг тасчиж жижиглэх тул чоно идэхэд хялбар болох сайн талбай. Барьсан гөрөөсөө өгөхгүй эсэргүүцэх аваас арслан чоныг тасчин хаяна. Амьтдын энэ байдлыг “орших, эс оршихуйн хууль" гэж нэрлэх ба уг хууль ухамсаргүйгээр зөвхөн амьтдын уураг тархинд кодлогдсон удамшлын зөн билгээр тайлбарлагддаг. Тэгвэл хүн байгалийн бүтээгдэхүүн болохын хувьд дээр дурдсантай төсөөтэй хүчтэний өмнө “тал засах” чанар генд нь кодлогдсон байх магадлалтай аж. Тийм аваас авлигын тухай томьёолол нь “Авилгал нь үүслийнхээ хувьд байгалиас кодлогдсон, арилгахын төлөө нийгмээс хуульчилсан үзэгдэл” гэжээ. Бас өөрөөр “Авилгал нь маш нарийн нийлмэл үзэгдэл бөгөөд ихэнх тохиолдолд захиргаадах арга барил, байгууллагажих тэмүүлэл, бодлогын гажуудлын гүн гүнзгий ул мөр бүхий нийгмийн үзэгдлийн үр дагавар байдаг" гэсэн нь тун үндэслэлтэй тодорхойлолт юм. Олон ч судлаачид үүнийг батлан бичсэн нь санамсаргүй хэрэг биш биз ээ.

Нэгэнт авлигал өгөх, авах сонирхол хүний генээр дамжин өвлөгдсөн чанар мөн аваас авлига гэгч үзэгдлийг бүр мөсөн устгах боломжгүй мэт. Гагцхүү авлигын эсрэг хуулиа хэрхэн бодож гаргаснаас ихээхэн хамааралтай гэж үздэг. Өөрөөр хэлбэл авлигатай тэмцэх төрийн бодлого гол үүрэгтэй. Тэр нь төрийн данхар бүтцийг аль болох танаж, лиценз, зөвшөөрлийн тоог эрс цөөрүүлэх юм байна. Дээр дурдсан саад тотгорууд нь төрийн албаны эрх мэдэл бүхий бүх хүнд ‘‘хүч чадал" өгч, бусдаас давуу байдлаа алхам тутамдаа мэдрэх боломж олгодог ажгуу. Хажуугаар нь өнгөрсөн болгон тонголзон мэндпэхээс эхлээд, rap барихыг эрмэлзэх, хамт зургаа татуулахыг чармайх гэхчлэн ялимгүй мэт \эхэс дээдсээ хүндлэх ёсноос өөр зарчим үйлчилж буй нь тэр\ боловч зүйлсээр өргөжсөөр баяр ёслол, төрсөн өдрөөр нь бэлэг сэлт өгөх зэргээр лавширдаг. Эрх мэдэлтэн ч энэ байдалд дасаж, аажимдаа “...гуйлгана гэдэг гайхамшиг" болохыг мэдрэх төдийгүй байх ёстой мэтээр итгэж, улмаар үгүйлэхдээ тулна. Ийнхүү нэг л мэдсэн өөрөө ч анзааралгүй авлигын хэрэгт уначихсан байдаг жамтай. Төрийн бодлого зөв байж, хууль тэр жишгээр гарсан бол иргэд эдийн засгийн эрх чөлөөтэй болж, амьдрал ахуй нь дээшлэх боломжоо өөрийн хүчээр бүрдүүлдэг болохыг өндөр хөгжилтэй улс орнуудын жишээ харуулдаг.

Уг нь “эрх мэдэл авилгалын загалмайлсан эцэг” гэдгийг гадарлахгүй түшээд бараг үгүй. Гагцхүү хязгаарлах гэхээр өөрсдийнх нь генд кодлогдсон нөгөө чанар нь нөлөөлөөд эсрэг товчлуур даруулаад байдаг бололтой. Бүр эрт цагт дорно дахины гүн ухаантан Лорд Актон “Эрх мэдэл авилгалд өртөнө. Хэмжээлшгүй эрх мэдэл авилгалд хэмжээлшгүй өртөнө" хэмээн тодорхойлсон байдаг нь авлигын эсрэг тэмцэл эртнээс эхтэйг харуулна. Ингээд бодохоор авлигыг устгана гэдэг биелэшгүй мөрөөдөл болох нь.

Авлигын эсрэг тэмцэнэ гэхээр зүгээр л хоосон сүржин лоозон гэсэн үг болж байна. Авлигыг багасгана гэхээр үйлчлэх хүрээ нь доод, дунд шатнаас халихгүй гэсэнтэй утга нэг. Харин авлига өгөх, авах нөхцөл, боломжийг хязгаарлана гэвэл өөр асуудал. Төрийн зөв бодлого үүнд чиглэх учиртай аж. Тэр нь Авлигатай тэмцэх газар, шүүх, цагдааг олшруулах гэхээсээ өмнө захиргааны бүтцийг цөөлж, дамжлагыг багасгаж чадваас авлига өгч авалцсан хойно нь барьж, хорьж, шийтгэх гэж цаг, хөрөнгө үрэхээс хавьгүй бага зардлаар шийдэгдэнэ хэмээн ухаантай удирдагчид үздэг юм байна. Ухаантай гэдэг нь харьцангуй ойлголт л доо. Тэр удирдагчид ч гэсэн нөгөө генд нь кодлогдсон “хүч чадал” нь байж л таарна. Гэхдээ удамшсан тэр чанараа хазаарлан барих чадвар нь бусдаас илүү гэсэн үг. Манайхан ноён нуруу гэдэг байх шүү. Их мөнгө харахаар \сонсохоор\ “нуруу” нь хугардаггүй, ядаж л нугардаггүй хүнийг олж төрөө түшүүлбэл авилгал аяндаа хязгаарлагдах магадлалтай ажгуу. Түүний тулд л сонгууль явагддаг болой. Өмнөх жилүүдийнхээсээ уян налархай, дуулгавартай, гар султай болоод байгаа нөхдийн “нуруу” ч тун амархан хугарна даа, нугарах ч энүүхэнд.

Олхонууд ШААБАР

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш