Ажил хэрэгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн олон улсын холбооны монгол дахь салбар “Мянганы дэвшил” ТББ, “Үндэсний эв эе” эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Улс төрч эмэгтэйчүүдийн холбоо хамтран Төрийн гурван өндөрлөгүүдийн гэргий нарт ханджээ. Тэрхүү хандсан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн гэргий М.Долгорсүрэн
Монгол Улсын ерөнхий сайдын гэргий Х.Отгонтуяа нарт
Монгол Улсын улс төрийн тогтолцооны гажуудал нь нийгмийн тогтворгүй байдлыг бий болгож, намуудын хуваагдал, үл ойлшолцол нь улс төрч эрчүүдийн өшөө авалт болон хувирч байна. Үүний тод жишээ нь Монгол төрийн гуравдагч ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг цагдан хорьсноос хуурай өлсгөлөн зарлаж, эрүүл мэнд амь нас нь үхлийн ирмэг дээр ирээд байгааг Монголын нийт ард түмэнд, үүний дотор эмэгтэйчүүд, эхчүүд элэг эмтрэн харж байна.
Нэгэн цагт төр улсаа удирдан залж, улс орноо хөгжүүлэхэд бие, сэтгэл, мэдлэг чадвар, оюун ухаанаа зориулж явсан Ерөнхийлөгч маань өнөөдөр хамтран зүтгэгч, тэмцэгч, өрсөлдөгч нөхдийнхөө гарт амь үрэгдэх дээр тулаад байна. Бид улс төрийг Монголоо аврах, хөгжүүлэхийн төлөө ариун өрсөлдөөн байх ёстой, харин харийнхны тоглоом болж нэгэндээ хатуурхсан өшөө авалт, хүний амь насны золиос байгаасай гэж хүсэхгүй байна.
Энэ цаг үед ард түмэн чинь төрөө харж байна. Эхчүүд, эмэгтэйчүүд өөрсдийнхөө төлөө аврал гуйдаггүй, харин жирийн нэгэн Монгол эр хүн, эцэг хүн, иргэн хүнийхээ өмнөөс бид төрөөсөө аврал эрж байна.
Энэ хүнд төрийн их үйл хэргийг залгуулж явахдаа оносон зүйл нь алдсан алдаанаасаа хавьгүй илүү гэдэг нь түүний хийсэн бүтээсэн бүхнээс тодорхой. Алдсан алдаа нь тэр хүний эрдэнэт амь насаар дэнчин тавих асуудал биш гэж бид үзэж байна. Өнөөгийн төрийн эрх барьж байгаа төрийн өндөрлөгт хүрсэн эрчүүд та бүхнийг ч хэзээ нэгэн цагт ийнхүү зүтгэж, тэмцэж явсны тань төлөө ирээдүй хойч маань мадагтайгаар шүүж, цөөхөн монгол иргэнээ нэгээр дутаахад хүрвэл эмэгтэйчүүд, эхчүүд бид бас өмөөрнө.
Энхбаярынх олон хүүхэдтэй жирийн нэгэн монгол айл. Та бүхэн удахгүй ирэх 6-р сарын 1-ний эх үрсийн баяр, түүний төрсөн өдөр улс төрийн золиосонд аавыгаа алдсан өнчин хүүхдүүдийн нулимсан дундуур өөрийн хүүхдүүдийг баярлуулан суухыг хүсэхгүй нь ойлгомжтой.
Иймд Монгол төрийн хатан эмэгтэйн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээж байгаа төрийн гурван өндөрлөгийн эхнэрүүд та бүгдэд хандаж энэхүү захидлыг хүргүүлж байна.
Эмэгтэйчүүд бидний жаргал нэг, зовлон нэг. Зөөлнөөр хатууг дийлэх учиртай энэ хорвоод тохиолдох гэж байгаа нэгэн аюулыг эмэгтэй хүний сүүн цагаан сэтгэлийн залбирлын хүчээр холдуулж, нэгэн цагт та нарын нэгэн адил төрийн тэргүүн хатагтай явсан О.Цолмон, түүний үр хүүхдүүдийн зовлонг ойлгож, тэдэнд өөрсдийн чадах бүхнээрээ тусална гэдэгт итгэж байна.
Ажил хэрэгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн олон улсын холбооны монгол дахь салбар “Мянганы дэвшил” ТББ
“Үндэсний эв эе” эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо
Монголын эмэгтэйчүүдийн холбоо
Улс төрч эмэгтэйчүүдийн холбоо
Улаанбаатар хот. 2012.05.12
Ш.Булга www.shuum.mn