Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад одоо Улсын дээд шүүхэд түүний хэргийн харьяалал тогтоохоор ажиллаж байгаа билээ. МАХН болон ар гэрийнхний зүгээс н.Энхбаярын эрх зөрчигдөж, эрүүдэн шүүлт хийгдэж байна гэдгийг мэдэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан албаны эх сурвалжийн мэдээллийг хүргэх үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Т.Батболдтой ярилцлаа.
-Танай байгууллагыг “Н.Энхбаярыг өнгөрсөн хугацаанд байнга эрүүдэн шүүж байсан” гэж түүний гэр бүлийнхэн болон МАХН-ын зүгээс мэдэгдэж байгаа. Түүнийг үнэхээр эрүүдэн шүүсэн юм уу?
-Шүүхийн аливаа шийдвэрт үнэлэлт, дүгнэлт өгөх эрх хэнд ч байх учиргүй. Сэжигтэн яллагдагчыг цагдан хорих тухай шийдвэрийг нэн даруй биелүүлэх үүрэгтэй. Тиймээс манай байгууллага үүргийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу яллагдагчаар цагдан хорих үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Хүний эрх зөрчсөн, дарамт шахалт үзүүлсэн зүйл огт байхгүй. ХЭҮК-ийн дарга, гишүүд газар дээр нь ирж, уг цагдан хорих газар нь ахуй нөхцөлийн хувьд ч хүн хорих боломжтойг биечлэн танилцаад, хүний эрх зөрчигдөөгүйг тогтоосон. Бид ерөнхийлөгч асан Н.Энхбаярын урьд эрхэлж байсан албан тушаалыг нь хүндэтгэн үзэж, хүнлэг байдлаар хандсан.
-Ар гэрийнхэн болон МАХН-ын зүгээс Н.Энхбаярын эрх чөлөө зөрчигдөж байгаа талаар санал, хүсэлт хэдэн удаа ирүүлсэн бэ?
-Н.Энхбаярын эхнэр О.Цолмон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга руу түүнийг II дугаар эмнэлэг рүү шилжүүлж өгөөч гэсэн хүсэлтийг хэд хэдэн удаа тавьсан байдаг. Түүнээс биш Н.Энхбаярын хоригдож байгаа өрөө тасалгааны нөхцөлийн талаар болон түүний эрх чөлөө нь зөрчигдсөн гэх асуудлаар ШШГЕГ-т нэг ч удаа гомдол ирүүлээгүй.
-Н.Энхбаяр Цагдан хорих байрны журмыг зөрчиж байсан уу?
-Н.Энхбаярын тухайд Цагдан хорих байрны дүрэм журмыг зөрчсөн хэд хэдэн үйлдлүүд гаргасан. Тухайлбал, хуулийн хүрээнд албан үүргээ гүйцэтгэж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны эрх чөлөөнд халдах, гудамжны үг хэллэг хэрэглэж, харааж зүхэх, доромжлох, заналхийлэх зэргээр авирласан. Ийм тохиолдолд бид холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сахилгын шийтгэл оногдуулдаг журамтай боловч Цагдан хорих байгууллагын захиргаа хууль зөрчин байж, сахилгын шийтгэл ногдуулаагүй өнгөрсөн. Цагдан хорих байгууллага онцгой обьект бөгөөд Н.Энхбаярын намын гишүүд дэмжигчид, Төв аймаг дахь Цагдан хорих байрны хамгаалалтын бүс рүү дайрах, хууль бус шаардлага тавих, Цагдан хорих 461 дүгээр ангийн гадна Н.Энхбаярын цагдан хоригдож байгаа өрөөний цонхны харалдаа чанга яригчаар хоёр өдөр ярьж, дуулж байгаа зэрэг нь тус Цагдан хорих байранд хоригдож буй бусад сэжигтэн яллагдагч нарт хууль тэгшхэн үйлчлэхгүй байна гэсэн ойлголтыг бий болгож, Цагдан хорих байрны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх болсон.
-Ар гэрийнхний зүгээс “Биднийг уулзуулахгүй байна” гэсэн гомдлыг байнга мэдэгдэж байгаа?
-Эхнэр О.Цолмон, хүү Э.Батшугар нар хоригдогчийг Цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлэх ажиллагаа эхлэхийн өмнө Н.Энхбаяртай биечлэн уулзах, биеийн эрүүл мэндийн байдлыг нь мэдэх хүсэлтийг гаргасан тул ШШГЕГ-ын ажилтан хүнлэг ёс гарган, энэ нөхцөл байдлыг ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хяналтын прокурор нарт уламжлан, Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэх үед уулзуулсан. Мөн ар гэрийнхэнд нь түүнийг цагдан хорих өрөө, ариун цэврийн өрөө, гал зуух, Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтны хяналт тавих өрөө, өөрийнх нь хүсэлтээр түүний эрүүл мэндийн байдалд хяналт тавих эмч, сувилагч нарын байрлах өрөө зэргийг үзүүлж, танилцуулсан. Гэтэл эхнэр, хүү хоёр нь “Биднийг Н.Энхбаяртай уулзуулаагүй, шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан түүнтэй хүнлэг бус харгис, хэрцгий хандаж байна” гэх бодит бус мэдээлэл өгч, хэвлэлийн хурал зарласанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага харамсаж байна.
-Клиникийн нэгдсэн II дугаар эмнэлэг рүү шилжүүлэхдээ ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь мэдэгдсэн үү?
-Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих төвөөс Цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлсэн. Дараа нь тус ангиас II дугаар эмнэлэг рүү шилжүүлж буй үйл ажиллагаа нь тухайн хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч байгаа асуудлуудын нэг юм. Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон өндөр, нарийн мэргэжлийн эмч нарын багийн гаргасан дүгнэлт, зөвлөмж, ар гэрийнхнийх нь хүсэлтийн дагуу Төрийн тусгай хамгаалалтын албан тушаалтан, итгэмжлэгдсэн эмч, сувилагч нарыг байлцуулж, клиникийн нэгдсэн II дугаар эмнэлэгт шилжүүлэн, холбогдох журмын дагуу цагдан хорих хамгаалалтыг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
-Тус эмнэлэг рүү шилжүүлэхийн өмнөх орой шоконд орж, ухаан алдсан гэсэн асуудал яригдаад байгаа.
-Төв аймгийн цагдан хорих төв, цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байх хугацаандаа ухаан нь балартсан, ухаан алдсан тохиолдол нэг ч удаа гараагүй.
-Н.Энхбаяр II дугаар эмнэлэг рүү шилжүүлэхийг өөрөө зөвшөөрсөн юм уу?
-Өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр Клиникийн II эмнэлэг рүү өөрөө ямар ч албадлагагүйгээр, хэний ч туслалцаагүйгээр алхаж орсон. Харин Төв аймгаас нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлэхийг өөрөө зөвшөөрсөн хирнээ “Маргааш шилжье”, “Нөгөөдрөөс шилжье” гэж хоёр, гурван цагаар саатуулсан. Энэ нь цаг хожиж, цагдан хорих байгууллагын гадаа МАХН-ын дэмжигчдийг нэмэгдүүлж, цагдан хорих байр руу дайрч, хэв журам зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл байсан. Тэрээр цагдан хорих байрнаас гарахдаа гутлаа өмсөхгүй байх, өмсүүлсэн гутлыг нь тайлж хаях зэргээр авирласан нь манай байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан. Иймд түүнийг өргөж гаргахаас өөр аргагүй байдалд орсон.
-Хуулийн байгууллага өөрсдийн илгээсэн эмч нарыг томилсон гэх яриа байгаа.
Эмч нарыг томилох асуудалд танай байгууллага оролцсон уу?
-Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд Н.Энхбаярыг сэжигтнээр цагдан хорих тэр үеэс эхлэн манай зүгээс тухайн иргэний эрүүл мэндэд анхаарч ажилласан. Хоригдогч болон төрийн тусгай хамгаалалт, ар гэрийнх нь зүгээс цаашид өөрийн урьд эмчлүүлж байсан, өөрийнх нь сонгосон итгэмжлэгдсэн эмч, Клиникийн нэгдсэн II эмнэлэгийн дотрын зөвлөх эмч н.Тунгалагт үзүүлж, хяналтанд орох хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу зохих арга хэмжээг авч, н.Тунгалаг эмчийг сувилагчийн хамт Төв аймгийн Цагдан хорих төвд байрлах нөхцөл боломжоор хангаж өгсөн. Үүний дараагаар Төрийн тусгай хамгаалалтын газраас Эрүүл мэндийн яаманд эмч нарын баг гаргаж, эрүүл мэндийн байдалд нь дүгнэлт гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Эрүүл мэндийн яам уг хүсэлтийг хүлээн авч тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 114 тоот тушаалаар ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, зохих үзлэг шинжилгээг хийх найман хүний бүрэлдэхүүнтэй эмч, мэргэжилтний багийг томилсон. Дээрх эмч нарын баг Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих төвд очиж, үзлэг шинжилгээг эхлүүлж, мөн өдрөө “Өлсгөлөнг үргэлжлүүлэх нь үйлчлүүлэгчийн амь насанд аюултай нөхцөл байдалд хүргэж болзошгүй тул өлсгөлөнг зогсоох, улмаар нэмэлт шинжилгээ, үзлэг цаг алдалгүй хийх, шаардлагатай эмчилгээг зохих стандарт хангасан орчинд эхлүүлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг гаргасан учир бид Н.Энхбаяр гуайд өлсгөлөнгөө зогсоохыг зөвлөсөн, мөн эмчлэгч эмч н.Тунгалагаар ятгуулсан боловч “Өлсгөлөнгөө зогсоохгүй” гэдгээ мэдэгдсэн.
Ер нь бол өлсгөлөнг өөрөө зогсоох, албадан эмчилгээнд оруулах гэсэн 2 арга байдаг. Тиймээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар баталсан эмч нарын багийн дүгнэлтийг удирдлага болгон 2 дугаар шатлалын эмнэлэг болох Цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт авч ирсэн. Энэ талаар түүнд болон түүний ар гэрийнхэнд тайлбарлаж хэлсэн. Өөрийнх нь хүсэлтээр, албадан эмчилгээ хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир байгууллагын захиргаа долоогоос найман хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг томилсон. н.Тунгалаг эмчийн хяналтан дор биеийн үзлэг, эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай гэж үзээд томилогдсон эмч нарын багийн үйл ажиллагааг н.Тунгалаг эмчийн хяналтан дор явуулсан. Түүнчлэн Цагдан хорих 461 дүгээр ангид байх хугацаанд нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан “Төрөлжсөн мэргэжлийн үзлэг, шинжилгээ зохион байгуулах 10 хүний бүрэлдэхүүнтэй” эмч мэргэжилтний багийг байгуулан 2 дахь удаагаа үзлэг хийж, зөвлөмж гаргасан. Зөвлөмж, дүгнэлтийн аль аль нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нарын хяналтанд эмчлэх, албадан эмчилгээ явуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Иймд түүнийг Клиникийн II эмнэлэгт холбогдох журмын дагуу шилжүүлсэн.
-Одоогоор II дугаар эмнэлэгт танай албан хаагчдаас ажиллаж байгаа юу?
-Энгийн эмнэлэгт шилжсэн гэдэг утгаар цагдан хорих, хамгааллын үйл ажиллагаа цагдаагийн байгууллагад шилжсэн. Одоогоор нэгдсэн II эмнэлэгт Хорих 461 дүгээр ангиас нэг эмч ажиллаж байгаа.