logo
Хүн төрөлхтний гуравны нэг нь монгол угсаатан

Хүн төрөлхтний гуравны нэг нь монгол угсаатан

2012/05/14
Албан ёсны судалгаагаар дэлхийн хүн амын 74 хувь нь төрөх үедээ өгзгөн дээрээ хөх толботой байдаг аж. Харин энэхүү хөх толбо нь зөвхөн монгол хүний генд байх удамшлын код болохыг судлаачид аль хэдийнээ тогтоочихсон байдаг. Ингээд бодохоор монголчууд бидний удам хүн төрөлхтний анхны өвөг дээдэс гэсэн үг юм даа. Өнгөрсөн бямба гарагт нэгэн томоохон арга хэмжээ “Чингис” зочид буудалд болов. Уг арга хэмжээг Дэлхийн Энхтайвны төлөөх Хөх толбот Монгол угсаатны холбоо гэж төрийн бус байгууллагаас санаачилсан бөгөөд тус холбоог үүсгэн байгуулагчдын нэг, холбооны Ерөнхийлөгч, доктор Пак Бу Хи оролцож, “Хүсэл мөрөөдөл өнөөдрөөс эхэлнэ” гэсэн нэртэй маш сонирхолтой лекц уншсан юм.

Маш сонирхолтой гэсний учир нь өдгөө 82 насыг зооглон буй энэ тэнхлүүн хөгшин жирийн тариачны гэр бүлд төрж, улмаар эх орныхоо төлөө дайнд байлдагчаас эхлэн тулалдаж, хороо, дивиз командалж, батлан хамгаалахын сайд хүртлээ дэвшсэн ахмад дайчин, олон улсын байгууллагад БНСУ-аа төлөөлөн ажиллаж байсан дипломатч хүн учраас ярих, хэлэх юм олонтой, гол нь эх оронч хүн гэж ямар байх ёстойн үлгэр дууриал үзүүлж чадсан нэгэн учраас тэр. Бас тэрбээр Америкийн Конгресст албадан дуудагдаж мэдүүлэг өгсөн анхны гадаад иргэн төдийгүй, ардчилсан үзэл санаа, эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө дайчин цогтой үгээ хэлж, жирийн америкчуудын сэтгэлийг татан, дэмжлэгийг хүлээснээр том шийтгэл оноохыг санаархаж байсан Конгрессийн Дэд хорооны даргыг \үнэн хэрэгтээ Конгрессийн шийдвэрийг гэсэн үг\ ялж, үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож чадсан гэдгээрээ алдартай хүн юм билээ. Пак Бу Хигийн тэртээх 1978 онд АНУ-ын Конгрессийн танхимд хэлж байсан тэр алдарт үгийг сонссон хэн боловч бахархан хүндэтгэх сэтгэл төрнө.

Энэ нэр хүндтэй хүн Хөх Толбот Монгол Угсаатны Холбоог байгуулан тэргүүлж, үйл ажиллагаагаа монголчуудад түшиглэн явуулахаар шийдвэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш болов уу. Уг холбооны гол зорилго нь даян дэлхийд энх тайван байдлыг тогтоох, дайн дажингүй энх амар амьдралыг бий болгоход Монгол угсаатнууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үзсэн байна. Чингисийн монголчуудад хөх тэнгэрээс ийм хувь заяа оноосон гэж үзэхэд болно гэнэ. Тэгээд ч дэлхийн хүн амын 74 хувь нь энх тайвныг эрхэмлэх аваас ертөнц даяараа дагах нь зайлшгүй гэж үзсэнтэй санал нийлэхгүй байх аргагүй. Дээрх арга хэмжээнд манай улсын нэр хүнд бүхий улс төрчид, урлаг соёлынхон, эрдэмтэд оролцож, талархан дэмжихээ илэрхийлж энхийн үйлст хүчин зүтгэхээ илэрхийлсэн юм.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай хэлсэн үгэндээ сонирхолтой жишээ татав. “...Үнэхээр дэлхийн хүн амын гуравны хоёр нь монгол угсаатан мөн байх. Тэднийг \биднийг\ дэлхий нийтээрээ л монголоидный гэж нэрлэдэг шүү дээ. Яагаад китай-оидный ч юм уу индиоидный гэж нэрлээгүй юм. Бид Монгол гэдгээрээ бахархах учиртайн нэг л энгийн жишээ энэ. Монголчуудын эцэг өвгөдөө асран хүндэтгэдэг, хайрлан хамгаалдаг, үг сургаалыг нь сонсдог сайхан уламжлал бий. Сүүлийн үед энэ сайхан чанар мэдэгдэхүйц алдагдаж байгаа нь үнэн. Нэгийгээ ямар хэрцгийгээр хөнөөж байна. Ийм байсан бил үү. Энэ бүгдээс үүдээд улмаар байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, нөхөн сэргээх уламжлалт ёс заншлаа ч мартах ёсгүй. Ингэж чадваас зөвхөн монголчууд бидэнд төдийгүй хүн төрөлхтөнд хэрэгтэй учраас бид “Хөх толбот Монгол Угсаатны Холбоо”-ны зорилго, үйл ажиллагааг дэмжиж байна” гэсэн юм. Ийнхүү олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах нэгэн том төрийн бус байгууллага Монголд үүдээ нээв. Дашрамд сонирхуулахад, энэ байгууллагыг санаачлагч нь доктор Сам Мён Мүүн гэж Христын шашны нэг томоохон урсгалын тэргүүн аж. Өнгөрсөн жилийн гурван сард Мүүн гуайн санаачлан байгуулсан “Бяцхан бурхад” гэж нэртэй Солонгосын хүүхдийн чуулгын жүжигчин багачуудын өхөөрдөм мөртлөө, гайхалтай тоглолт Монголд гурав хоног айлчлан тоглож байлаа. Холбооны тэргүүн Пак Бу Хи гуай энэ хамтлагийн удирдагчаар олон жил ажиллаж байгаа хүн юм. Шинээр мэндэлсэн уг байгууллагын үйл ажиллагаа хэрхэн өрнөж, ямар үр дүнд хүрэхийг цаг хугацаа харуулах буй заа. “Сайн санааны үзүүрт тос” гэж билэгшээдэг ард түмэн, монголчууд бид. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Олхонууд ШААБАР  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш