logo
Н.Энхбаярын эхнэр Цолмон сэтгүүлчидэд юуны  учир хандав

Н.Энхбаярын эхнэр Цолмон сэтгүүлчидэд юуны учир хандав

2012/05/15
Цолмон: Би уйлж зовсон зовлонгоо хүмүүст үзүүлж, өрөвдүүлэх сэтгэл надад алга
Н.Энхбаяр улс төрийн тэмцлийн сүүлчийн хэлбэрийг ашиглан “Хуурай өлсгөлөнд” шилжсэн нь гадаад,дотоодгүй олны анхаарлыг татсаар байна. Түүний эхнэр Цолмон хатагтай анх удаагаа нөхрийнхөө эрүүл мэндийн асуудлаар сэтгүүлчидэд хандаж мэдээлэл өглөө.
Тэрээр мэдээлэлдээ: “Хүний ёс зүйг би энд хөндмөөр байна. Хүний эрх гэдэг хуулиас дээгүүр юм. Хууль хүний эрхийг хамгаалахын төлөө байгаа. Төрд үйлчилдэг хууль байх ёсгүй. Хууль нь байгууллага , төрдөө үйлчилдэг бол үүнийг дарангуйлал гэдэг юм. Би уйлж унжаад зовсон, зовлонгоо үзүүлээд хэцүү байгаагаа харуулж өрөвдүүлэх гэсэн сэтгэл надад алга. Үүнийгээ би ил гаргахыг хүсэхгүй байгаа. Гэхдээ зарим хүнд хууль ашигтайгаар үйлчилдэг юм байна. Нөхрийг минь хөлөөр нь аваад яваач гэж би гуйсан. Миний нөхөр яаж баривчлагдаж явсаныг, эмнэлэг рүү яаж авч хүргэснийг монголчууд харсан. Хэрэв хүний төлөө, хүний эрхийг дээдэлж байгаа бол ингэж авч явж болдог юм уу. Тухайн үед намайг нөхөртэй минь уулзуулаагүй. Хоригдсон хугацаанд байнгын бие сэтгэлийн тамлал, яргалал үйлдэгдэж байсан гэдгийг онцолж хэлмээр байна. Өдөр тутам сэтгэл санааны тамлал үйлдсэн. Эмнэлэгт хэвтүүлсний дараа нөхөртэйгээ уулзлаа. Прокурор Мөнхбат гэдэг миний нөхрийг маш их дарамталсан байсан. Сэтгэл санаа, эрүүл мэнд нь маш сульдсан байгаа. Гэхдээ одоо би ямар хэцүү байгааг нь дэлгэрэнгүй хэлмээргүй байна. Би муугаа үзүүлэх дургүй. Намайг уулзахад дуу нь гарахгүй, шивнэж байна. Юу хэлэв гэвэл:” Монголд хууль аймшигтай зөрчигдөж байна. Би эсэргүүцэж, таслан зогсоохгүй бол эгэл жирийн олон ардыг ингэж байгаа. Одоо л таслан зогсоох хэрэгтэй. Би одоо дуустлаа тэмцэнэ” гэж хэлсэн. Өнөөдрөөс амийг нь торгоож байгаа тарианаасаа өөрөө татгалзсан. Эмч нар эмчилгээ хийхгүй амийг нь л торгоож гэж байгаа гэсэн. Нөхрийнхөө эрүүл мэндийн талаар байнгын мэдээлэл авах минь хомс байна.
Өнөөдөр парламентад нөхрийн минь талаар мэдээлэл өгөхөд үхвэл үхнэ биз гэсэн өнгө аясаар хандсан байна. Ийм хүмүүс эгэл жирийн хүмүүсийн амь насанд яаж хандах вэ? Манай хуульд хүний эрхийг хамгаалсан заалтууд байдаг ч ингэж л хэрэгжиж байна. Аливаа хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн хуулийн заалттай. Өмгөөлөгчгүйгээр хоёр ч удаа байцаасан. Эхний нь камергүй. Хоёр дахь байцаалт дээрээ камертай хийсэн юм билээ. Тэр бичлэгийг нь үзсэн нь миний нөхөрт аймшигтай хэрцгий хандсан байна гэсэн. Бид тэр бичлэгийг нь үзье гэхээр надад үзүүлэх шаардлагагүй гэсэн. Хууль, шүүхийнхэн нэг талд хэтэрхий үйлчилж байна. Нөхрийг минь гэмт хэрэгтэн болгох гэсэн зорилгоор ажиллаж байна. Энэ бүх үйлдэл хэний захиалгаар хийгдээд байгааг хүмүүс мэдэж байгаа байх. Гардан гүйцэтгэж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн энэ бүгдийг хараад шаналж баймаар юм. Сэтгүүлчид та нөхөд мэдээллийг яг үнэн зөвөөр нь мэдээлэх үүрэгтэй хүмүүс шүү. Янз бүрийн ташаа мэдээлэл явагдаж л байгаа. Би өөр юу хэлэх билээ.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш