Николя Саркозиг ялж Францын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон Франсуа Олланд Парист ирлээ. Консервативчуудын 17 жилийн ноёрхлыг халж чадсан Социалист намын гишүүд дэмжигчид түүнийг баяр хөөрөөр угтан авсан байна. Франсуа Олланд энэ сарын 15-нд тангараг өргөж Ерөнхийлөгчийн албыг хүлээн авна. Тэрээр сонгуульд ялалт байгуулснаасаа хойш сүүлийн хэдэн хоног өөдрөг сайхан амлалтуудыг өгсөөр байгаа юм. Олланд “Бид зарим орхидсон асуудлуудыг анхааралдаа авч өөрчлөлт хийх болно. Бидэнд өөрчлөлт хийх бүрэн боломж, бололцоо, дэмжлэг байна” зэрэг аль болох нийгмийн уур амьсгалыг өөдрөг байлгахад чиглэсэн зүйлсүүдийг ярьсаар байна. Гэхдээ бодит байдал дээр түүнийг хүнд хэцүү сорилтууд хүлээж байгаа. Европын эдийн засаг хүнд хэвээр байгаа. Европын цаашдын хувь заяа түүний ямар бодлого, үйл ажиллагаа явуулахаас бүрэн хамаарахаар байгаа. Тиймээс Олланд яаралтай арга хэмжээ авч амлалтуудаа хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байгаа юм. Тэрээр хамгийн түрүүнд Берлин явж Германы Канцлер Ангела Меркелтэй уулзахаар төлөвлөж байна. Олланд сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Евробонд гаргах, Европын төв банкны улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг Ангела Меркелийн байр суурийн эсрэг зүйлс амлаж байсан. Тиймээс юуны өмнө Меркелтэй тохиролцоонд хүрч өөрийнхөө бодлого чиглэл, үйл ажиллагааг танилцуулах хэрэгтэй болоод байгаа юм. Францын Олон Улсын Харилцааны Инситутын Улс төрийн шинжээч Филиппе Мурагийн ярьж байгаагаар хэдийгээр Ангела Меркел илүү эрүүл санхүүгийн систем бүрдүүлэх, өрийн асуудлыг даруй шийдвэрлэх хэрэгтэй гэж ярьсаар байгаа боловч амьдрал дээр тэр нь хэрэгжихгүй байгаа юм байна. Мөн Меркел болон Олланд нарын өрийн асуудлаарх байр суурь санал зөрөлдөөнтэй байгаа учир 2 удирдагчийн хоорондын харилцаа таагүй, санал зөрөлдсөн байж болох юм байна. Олланд тангараг өргөснийхөө дараа хамгийн түрүүн Меркелтэй уулзаж, Евробүсийн төсвийн зарцуулалтыг танах бус харин нэмэгдүүлж, улсаас татаас өгснөөр Европ эдийн засгийг хямралаас гаргана гэсэн байр сууриа тулган хүлээлгэхээр зэхэж байна. Харин Меркел Германы парламентад хэлсэн үгэндээ зарцуулалтыг нэмэгдүүлж, өр зээл нэмж тавьснаар өрийн хямралыг улам гааруулна. Тиймээс бүсээ чангалж, төсвийн зарцуулалтыг танах хэрэгтгэй гэсэн байр суурь илэрхийлээд байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn