logo
Афганы энхийн зөвлөлийн гишүүнийг буудан хөнөөжээ

Афганы энхийн зөвлөлийн гишүүнийг буудан хөнөөжээ

2012/05/15
Афганистаны нийслэлд хэсэг этгээдүүд засгийн газрыг төлөөлж энхийн хэлэлцээрт оролцож байсан Арсала Раманиг буудан хөнөөжээ. Үүний дараа аюулгүйн хүчнийхэн Кабул хот дахь түүний гэрийг хамгаалалтандаа авсан байна. Цагдаа нарын мэдээлснээр буутай этгээдүүд Раманиг машинтай явж байхад нь зогсоож, улмаар түүний аминд хүрчээ. Рамани нь талибуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх зорилгоор байгуулсан энхийн зөвлөлийн нөлөө бүхий гишүүдийн нэг байсан юм. Тэрээр Талибуудын эгнээнээс гарсан ч тэдэнтэй сайн харилцаатай байжээ.
Алуурчныг барьж чадаагүй бөгөөд Талибууд Раманиг хөнөөсөн хэрэгт оролцоогүй гэж мэдэгдсэн байна. Түүний найз Нажибулла Хабибяар ярихдаа "Энэ хэргийг үйлдсэн хүмүүс бол Афганистаны дайснууд, энх тайвныг эсэргүүцэгчид, тэдгээр хүмүүс Афганистанд энх тайван байдал тогтоохыг эсэргүүцэж байна, тийм учраас л Раманиг хөнөөсөн" гэжээ.
Талибуудын мэдэгдэж байгаагаар Раманигийн үхэл энхийн хэлэлцээрт муугаар нөлөөлөхгүй, учир нь энхийн зөвлөл өнөөг хүртэл ямар ч нааштай үр дүнд хүрээгүй аж.
Өнгөрсөн онд нэгэн амиа золиослогч энхийн зөвлөлийн тэргүүн, Афганы ерөнхийлөгчөөр ажиллаж байсна Бурануддин Раббаниг хөнөөж байсан юм.
Раманиг хөнөөсөн нь барууны цэргүүд нутаг буцах дөхөж байгаа энэ үед Талибуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгана гэж итгэж байсан ерөнхийлөгч Хамид Карзайгийн итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг боллоо.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш