logo
Өмнөд Солонгост тактикийн цөмийн зэвсэг байрлуулахгүй

Өмнөд Солонгост тактикийн цөмийн зэвсэг байрлуулахгүй

2012/05/16
АНУ Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсэг /ТЦЗ/ байрлуулахгүй гэж тус улсын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктор Нуланд мэдэгджээ.
"АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөө байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа бөгөөд бидэнд байр сууриа өөрчлөх бодол байхгүй" гэж Нуланд онцлон дурдсан байна. Түүний хэлснээр, "ТЦЗ нь Өмнөд Солонгосын батлан хамгаалалтад зайлшгүй чухал зэвсэг биш юм". "Тиймээс бид ийм зэвсгүүдийг тус улсын нутаг дэвсгэрт байрлуулах төлөвлөөгүй байна" гэж тэрбээр хэлжээ.
Сэтгүүлчид энэ сэдвийг хөндөх болсон шалтгаан нь өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд бүгд найрамдахчуудын хянадаг зэвсэгт хүчний хэрэг эрхлэх холбогдох хороонд тус улсын 2013 оны цэргийн зардлыг хэлэлцэж, зарчмын хувьд Өмнөд Солонгост ТЦЗ байрлуулах боломж олгосон засвар оруулсантай холбоотой байна. Уг баримт бичигт ийм боломжит хувилбарыг боловсруулах талаар тайлан бэлтгэхийг Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон болон Батлан хамгаалахын сайд Леон Паннета нарт үүрэг болгожээ.
Энэ засвар болон дээрх хорооны гишүүдийн санал болгосон бусад хэд хэдэн санал нь засгийн газар болоод шинжээчдийн дургүйцлийг төрүүлсэн байна.
Д.Жаргал 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш