logo
Далай лам тайлбар хийхээс татгалзав

Далай лам тайлбар хийхээс татгалзав

2012/05/16
Түвдийн шашны удирдагч даваа гарагт түвд лам нар Хятадын эзлэн түрэмгийллийг эсэргүүцэн олноороо өөрсдийгөө шатааж байгаа явдалд тайлбар өгөхөөс татгалзжээ.
Далай лам хэлэхдээ, тэрбээр улс төрөөс холдож, шашны үйл ажиллагаанд гол анхаарлаа төвлөрүүлэх болсон учир түүнд тавьсан асуулт нь "хүнд" бөгөөд "улс төрийн агуулгатай" байна гэжээ.
Энэ мэдэгдлийг тэрбээр Лондон хотод түүнд Темплтоновын шагнал гардуулах ёслолын үеэр хийсэн байна. Энэ шагналыг шашин болон шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст жил бүр олгодог бөгөөд 1,74 сая доллар дагалддаг ажээ. Түвдийн шашны удирдагч шагналынхаа мөнгөний хагас саяыг нь "Хүүхдүүдийг аварцгаая" (Save the Children) буяны санд, 200 мянгыг нь Оюун ухаан болон амьдралын хүрээлэнд (Mind & Life Institute) хадивлах бол харин үлдсэн хэсгийг нь өөрийн сүмдээ шилжүүлэхээр болсон байна.
Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр, зөвхөн өнгөрсөн онд түвдийн 30 гаруй лам Хятадын эрх баригчдаас бүс нутагт өөртөө засах бүрэн эрхийг олгохыг шаардан өөрийгөө шатаажээ.
Далай лам мөн "The Daily Telegraph" сонинд ярилцлага өгөхдөө, Хятадын эрх баригчид хувцас, үсийг нь хордуулсан тагнуулч эмэгтэйг түүн рүү явуулахыг хэд хэдэн удаа оролдсон гэж ярьсан байна. Далай лам ном айлдах үеэрээ хүмүүст адис өгдөг юм.
Харин Хятадын эрх баригчид үүний хариуд ийм мэдэгдлийг няцаах ч шаардлага байхгүй, учир нь Түвдийн шашны удирдагч "нэг бус удаа худал мэдэгдэл хийсэн" гэжээ.
Хятадын цэргүүд Түвдийг 1950 онд эзлэн авсан юм. Үүнээс хойш нутгийн оршин суугчид тусгаар тогтнолынхоо төлөө биш юмаа гэхэд ядаж өөртөө засах өргөн мэдэлтэй байхын төлөө тэмцсээр байгаа. Хятад улс Түвдийг салшгүй нэг хэсгээ гэж үздэг байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш