logo
Рон Пол сунгаанд өрсөлдөхөөс татгалзлаа

Рон Пол сунгаанд өрсөлдөхөөс татгалзлаа

2012/05/16
Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд өрсөлдөж байгаа Конгрессын гишүүн Рон Пол "сонгуулийн кампанит ажлынхаа идэвхтэй ажиллагааг" зогсоож байгаагаа мэдэгджээ. Түүний хэлснээр, тэрбээр анхан шатны сонгуулийг (праймериз) явуулаагүй байгаа муж улсуудад сонгуулийн сурталчилгаа явуулахгүй байна. Түүний сацуу өдгөө 76 настай улстөрч сонгуульд оролцохоосоо огтхон ч татгалзах бодолгүй байгаа гэнэ.
"Бид санал хураалт явуулаагүй байгаа муж улсуудад сурталчилгааны ажил явуулахад мөнгө зарцуулахгүй. Үүнд хэдэн сая доллар шаардлагатай бөгөөд бидэнд ийм их хэмжээний мөнгө байхгүй" гэж Пол хэлжээ.
Одоогийн байдлаар бүгд найрамдахчууд дундаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах өрсөлдөөнд Рон Полоос гадна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Массачусетс муж улсын захирагч асан Митт Ромни оролцож байгаа юм. Рон Пол Ромнигийн өрсөлдөгч байх боломжоо хэдийнэ алдсан бөгөөд либертарианы үзэл бодлыг сурталчлах зорилгоор өрсөлдөөнд оролцож байгаа гэж мэдэгджээ.
Бүгд найрамдахчуудын сонгуулийн өмнөх сунгаа наймдугаар сарын эцсээр Тамп хотод /Флорида муж улс/ болох намын их хурлаар дуусна. Энэ хурлын үеэр Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг албан ёсоор тодруулах юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд 1144 төлөөлөгчийн дэмжлэгийн авсан байх ёстой. Одоогийн байдлаар Ромни намын төлөөлөгчдийн 966 саналыг аваад байгаа бол Полыг 104 төлөөлөгч дэмжжээ.
Бүгд найрамдахчуудын анхан шатны сонгууль дахин 11 муж улсад болох ёстой бөгөөд мягмар гарагт Небраска болон Орегон муж улсад явуулсан байна. Сүүлийн праймериз зургадугаар сарын 26-нд Юта муж улсад болно.
Д.Жаргал 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш