logo
Ц.Төмөрбаатар:  Миний аав үнэхээрийн хосгүй  гайхамшигтай   авъяастан хүн

Ц.Төмөрбаатар: Миний аав үнэхээрийн хосгүй гайхамшигтай авъяастан хүн

2012/05/16
 Цагааны Цэгмид гуайн хүү Монгол Улсын төрийн соёрхолт жүжигчин  Ц.Төмөрбаатартай хөөрөлдсөнөө толилуулж байна. 
-Сайн хүний үр. Сүүт гүүний унага гэсэн үг байдаг л даа. Та аавынхаа юуг шүтэн биширдэг вэ?
- Би аавыгаа амьдралд сайн мэддэггүй юм шүү дээ. Багадаа долоон настай байхдаа аавыгаа алдсан. Долоон настайгаасаа хойш дандаа ээжтэйгээ байсан гэсэн үг. Аавынхаа тоглосон кино, найз нөхдийнх нь яриа, шавь нарынх нь дурсамж, урлагийн түүхэнд бичигдсэн бүхнийг уншаад, бүтээсэн кино, жүжгийг нь үзээд байхад үнэхээрийн хосгүй гайхамшигтай хүн байждээ л гэж ойлгодог. Ааваараа бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй намайг эзэмддэг. Байгалаас заяагдсан авъяастай, өөрийн гэсэн ажил мэргэжлийнхээ төлөө өөртөө байгаа бүхий л хөлс хүчээ сэтгэл санаагаа зориулсан тийм хүн гэж ойлгогддог. Аавынхаа мэргэжлийг уламжилж авсанаас хойш урлаг гэдгийг ойлгодог болсон цагаас эхлээд аавынхаа тоглосон кино, алтан сан хөмрөгөөс харж байхад жүжгийн тоглосон ролиудыг хараад байхад үнэхээр миний аав шиг агуу авъяастай жүжигчин байхгүй юм билээ гэж ойлгогддог. Байгалаасаа авъяастай олон сайхан жүжигчид байдаг. Ардын жүжигчин Ичинхорлоо, Цогцолмаа гуай ч юм уу, Дамдинбазар гуай, шороотын Цэвээн гуай ч байдаг юм уу. Тэр үеийн алтан үеийнхний сайхан жүжигчид Цогт тайж кинонд тоглосон. Тэдний тоглолтыг үзээд үнэхээр хэдэн үеэрээ ч үзээд бахархана. Гайхамшигтай гэж тийм л жүжигчдийг хэлэх байх. Аавынхаа киноны дүрүүдэд тоглож байхад нь хамт байсан хүмүүсээс нь сонсоод байхад аав маань нэг дүрийг бүтээлээ гэхэд дөрвөн өөр дүрээр тоглосныг сонгож авахад хэцүү байдаг гэсэн.
Дөрвөн ижилхэн дүр бүтээнэ гэж үгүй. Дөрвөн янзын дүрийн алийг нь авахаа мэдэхээ байтал нь найруулагчдыг бодолд оруулда байсан гэсэн. Бараг нүдээ аньж байгаад л үүнийг нь авъя гэхэд л тэр нь сонгодог дүр байх жишээтэй. Ийм л гайхамшигтай авъяастай хүн. Миний аав үнэхээр монголын урлагт гайхамшигтай олон сайхан дүрээрээ монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөрч үлдсэн. Монголын урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн хүн гэж боддог.
- Аавыгаа дагаад та нар урлагт орчихов уу. Бүтээлийг нь хараад зориглов уу. Эсвэл та нарт өвлөгдөөд яс маханд чинь шингэчихсэн урлагийн ген байна уу?
- Үнэхээр тэр авъяастай гайхамшигтай хүний цус миний судсаар бас дүүгийн минь судсаа гүйж байгаагаас хойш ген залгаж орж ирэлгүй яахав дээ. Аавын нөмөр нөөлөг нэр төр тусалгүй л яахав. Нөлөөлж байгаа нь зайлшгүй зүйл. Цагааны Цэгмэдийн хүү тийм учраас гайхамшигтай авъяастай жүжигчин байж магадгүй гэсний үндсэн дээрээс олон сайхан шавь нар нь найз нар нь намайг анх урлагт хөл тавиулахад нөлөөлсөн, тусалсан. Аавынхаа тэр их авъяасыг гүйцэж чадахгүй ч байлаа гэсэн аавынхаа нэр төрийг өндөрт өргөхийн тулд гайхамшигтай авъяасыг нь газарт унагачихгүйн тулд хүүгийн хувьд чадлаараа зүтгэж л яваа. Өөрийнхөө бүтээсэн дүрүүдээр ард түмнийхээ дунд яригдаж , энд явж байна тэр явж байна гээд тэр кино чинь тийм болж гэж ярихаар би бас өөрөөрөө бахархаж л байдаг. Тийм ч учраас өнөөдөр аавынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа . Миний дүү ч гэсэн эгч ч гэсэн ялгаагүй аавынхаа нэрийг өргөж яваа мах цусных нь тасархайнууд юм даа. Миний эгч төгөлдөр хуурийн концерт мастер Ц.Уртнасан гэдэг нэн сайхан авъяастай багш байдаг. Бас нэг дүү маань балетын бүжигчин. Энэ их авъяастай хүний генүүд гэж би бодож явдаг.
- Таны аав их бурханлаг ухаантай хүн шүү дээ. Түүнийгээ урлагийн тайзанд мөнхжүүлж чадсан хүн. Хүмүүсийг хэд хичнээн дээд сургууль төгссөнөөр нь үнэлэх биш монголын агуу их авъяас, бурханлаг ухаан нь өөрийнх нь генд нь байдаг гэдгийг би Цогт тайж киноноос харсан. Тэгэхлээр аавыг чинь хаан төрийн ухаантан хүн юм байна гэж ойлгосон үзэгчид олон байгаа байх аа. Тийм ухааныг үлдээхэд дүрдээ тусгаж авахад танаас хэр их хичээл зүтгэл гардаг бол?
- Их л хичээдэг. Ялангуяа би өөрөө их үндсэрхэг хүн. Би өөрийгөө хуучныхаар бол эрх чөлөөг хүсэж байсан хүн гэж боддог. Эрх чөлөөтэй байж, хэний ч эрхшээлд байхгүйгээр бодож санасан бүхнээ уран бүтээлээрээ илэрхийлж явах юмсан гэсэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн байсан. Социализмын үед эрх чөлөөг хүсдэг байсан хүмүүс ихээхэн бурууддаг цаг үе юм. Заавал засаг захиргаатай, заавал нэг албадмал дандаа дарамтанд байлгах гээд болохгүй бол цалингий нь хасчихна. Арга хэмжээ авна. Шийтгэл зэмлэл хүлээлгэнэ. Тийм л систем үйлчилж байсан. Би бодохдоо тэр үед ажлаа сайн гүйцэтгэж байгаа л бол сайн хүн. Өөрийн гэсэн үзэл бодлоо илэрхийлэх нь доголдолтой хүн. Намны үзэл санаанд таарч тохирохгүй хүн учраас түүнийг хавчих шахах бүр болохгүй бол зохиомол хэрэг бүрдүүлж өгөөд хэлмэгдүүлдэг байж л дээ. Чөлөөтэй сэтгэж чөлөөтэй сэтгэж байж л аав шигээ тийм дүрийг бүтээж чадна. Хэн нэгэн дарга, аль нэгэн даргын санаанд тааруулж сайн дүр бүтээнэ гэж байхгүй.
- Таны тоглосон дүр дотроос хайрлаж явдаг дүр тань юу вэ?
- Нилээн олон дүр бий. Ерөнхийдөө эх хүн олон хүүхэд төрүүлчихээд энэндээ их хайртай түүндээ бага хайртай гэж хэлдэггүй. Түүнтэй адилхан миний хөлс дуслаж , авъяас чадлаараа бүтээсэн дүр болгон миний хүүхдүүд мэт том байна уу жижиг байна уу хамаагүй бүгдэд нь хайртай.
- Хэцүү дүр байна уу. Аргаа барж байж бүтээсэн гэх үү дээ. Хамгийн их хөлс дуслуулсан?
Хөлсөө дуслуулж байж ажилласан бүтээсэн дүр олон бий. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Жамуха дүр байна. “Амьдралын нахиа “ гээд их олон дүр бий. “Талийгаач “ гээд киноны галзуу хүний дүр байдаг. Галзуу хүмүүс ямар сэтгэхүйтэй байдаг талаар судалсан. Тэр хүн та яагаад архи уугаад байдаг юм бэ? Энэ нийгэм чинь надад таалагдахгүй байна. Би эрүүл явж байхад энэ гадуур явж байгаа хүмүүс надад ерөөсөө таалагдахгүй байна. Өнөөдөр энэ хүмүүсийн зан араншин өөрчлөгдчихөж, яагаад энэ хүмүүс ийм муухай зантай амиа хичээсэн байдаг болсон юм бэ? Тийм болохоор надад эрүүл байхад хэцүүхэн байна. Согтоож л байвал уугаад согтож л байвал их сайхан байна. Энэ бол эрх чөлөөг жинхэнэ эдэлж байна” гэдэг үг энэ жүжгэнд гардаг. Маш хэцүү дүр.
-Хэцүү дүр гэснээс бидний амьдрал өөрөө хэцүү дүр болоод байна л даа. Та санаа зовдог уу?
-Та их онож асуулаа. Ардын хувьсгалын партизан өчнөөн олон олон медалтай хүн автобусны буудал дээр зүрх нь хаагдаад үхчихсэн ч байдаг юм уу түүнийг хараад тоож байгаа хүн байдаг ч юм уу. Өнөөдөр лав байхгүй байгаа . Хажуугаар нь энэ муу согтуу өвгөн тасраад уначиж гээд л яваад өнгөрнө. Гэтэл тэр хүний биеийг үзээд түргэн тусламж дуудах шаардлагатай юм уу гэж бодохийн оронд өөр архичин л гэж бодоод байна. Хүний мөс чанар муудсан нь бидэнд эргэж ямар их гай зовлон чирч байгааг харахлаар хэцүү л санагддаг даа.
-Аавын тань авъяас, урлагийн тайз хоёр таныг хүмүүжүүлсэн гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав . Хийсэн уран бүтээлээсээ алдаа оноогоо харж цааш цаашдынхаа уран бүтээлд ашиглана. Би хичнээн сайн байгаад нэртэй төртэй яваад тэр явж байна. Энэ явж байна гэхэд сайхан санагдана. Гэтэл хэн нэгэн тааруухнаа согтуу эсвэл муухай хувцастай гээд хүн амьтан зодож танхайрч байвал болохгүй шүү дээ. Миний ажилтай бодол санаатай зөрөлдөөд байна. Нэг уран бүтээлээс амьдралдаа хэрэглэх хэрэгжүүлэх ухаарах юмыг олж авч амьдарч байдаг. Эх орныхоо төлөө, тусгаар тогтнолын төлөө ард түмнийхээ сайн сайхны төлөө ,улс орныхоо хөгжлийн төлөө явахаас ч өөр арга байхгүй. Тийм хүмүүжлийг ааваасаа гадна надад урлагийн тайз олгосон.
-Төрийн соёрхолт хайрласан түүнээс нь татгалзсан. Энэ асуудал юу болсон бэ?

 Ардчиллыг би хувь хүн хэмжээгээрээ бие сэтгэхүйгээрээ дэмжиж явдаг. 
- Би 24-хөн настай байхдаа төрийн шагналыг авсан. Тухайн үед 24 настай төрийн шагнал авсан хүн нэг ч байгаагүй. Хамгийн залуугаараа авсан нь уран нугараач ардын жүжигчин Норовсамбуу гуай төрийн шагнал авч байсан. Драмын театрт 24 настайдаа төрийн шагнал авсан хүн нэг ч байхгүй. Нөхцөл байдал юунаас үүдсэн бэ гэхээр 24 -хөн настайдаа төрийн шагнал авангуут атаархал хорсол янз бүрийн юм ил гарч ирдэг юм байна. Миний нуруун дээр дааж давшгүй том ачаа бий болсон. Чи юу хийсэн гэж төрийн шагнал авсан юм бэ. Яасан гэж авсан юм гэнэ. Би залуу хүн юм чинь сахилагагүйтнэ шүү дээ. Төрийн шагнал авсан хүн ингэж сахилагагүйтдэг юм уу авч хая. Буруу хүнд нь өгчихсөн байна гэдэг ч юм уу. Есөн шидийн дааж давшгүй хар цагаан хэл ам, хов жив, атаа чөтөө дагалдаж өнөөдөр ч гэсэн үлдэгдлүүд нь намайг дагалдсаар л явж байгаа.
Залуу хүн учраас би тэрийг л аваад хаячихвал нэг л хөнгөрөх юм шиг сананддаг байлаа. Яг ардчилал бий болохын өмнөхөн манай ардчилсан хувьсгалынхны улс төрийн өлсгөлөн 3-р сарын 06- нд эхэлсэн. Тэр үед би 11 сард нь төрийн шагнал авчихсан байсан. Хуучин МАХН-ын Үнэн сонин гэж байсан. Тэр сонинд өөрийн татгалзах өргөдлөө бичээд өгчихсөн. Ардчилал бий болсон гэх анхдугаар их хурал дээр нь би үг хэлсэн. Социалист нийгмийн ард түмнийгээ доош нь дарсан энэ бузар үзлээс би татгалзаж байна. Социалист системийн үед шагналаа буцааж байгаа юм гээд л. Яагаад гэхээр намайг төрийн шагналаа буцааж өгсөний дараа олон хүн намайг дагалдсан. Үгээ хэлж уриалга өргөж байсан. 1990 оны 03-р сарын 04-нд анх Ардчилсан намын гишүүн болж, энэ намтайгаа одоо хүртэл хамт явж байна.
-Өнөөгийн бидний амьдралд найруулан тавьж байгаа адал явдалт кино шиг амьдралыг өөрчилөх болов уу?
-Яг миний шаналж байгаа юм өнөөдөр тулгараад байгаа. Учир нь монголчууд маань буруу үзэл суртал буруу бодлогоос үүдээд гавъяа шагналд дуртай дарга болох сонирхолтой, мөнгөнд шуналтай, нэг нь нэгнийгээ муулсан хаасан ийм л болчихож. Долигонож нялганасан ,танил тал татсан эсвэл албан тушаал нэр төрийг амархан олж авдаг болчихож . Ийм бодлогийн үр дүнд монголчууд маань хагаралдаж хоорондоо атаа чөтөө их санаж явдаг болжээ. Хүн хүнээ байхаа болиод эхэллээ. Тийм учраас би саяхан хүртэл УИХ-ын гишүүн С.Эрдэнээ даргад хэлсэн. Яагаад гэхээр С.Эрдэнэ гишүүн биднийг төрд төлөөлж байгаа биет төлөөлөгч учраас. Энэ танил тал татсан албан тушаалтнуудыг хусч хаямаар байна гэж. Ямар ч чиглэлийн мэргэжилгүй байж дарга цэрэг болчихсон байдаг. Түүний оронд мэргэжлийнх нь хүмүүсийг тавьмаар байна. Ийм ажил хийлгээ чээ. Ардчилсан намын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт урлагийг хөгжүүлэх тал дээр нэг заалт оруулаа чээ. Энэ урлаг чинь завхарч, хэдэн улсууд нийлж идсээр дууслаа. Үүнийг өөрчлөхийн тулд Ц. Төмөрбаатар гэдэг хүн юу хийх вэ гэхээр тодорхой хэмжээний албан тушаалтай байж, чадвал өөрчлөх ёстой юм байна. Намаа ялуулах ёстой. Өөрийн гэсэн улсууддаа биеэрээ туслах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийгөө идэвхижүүлэх хэрэгтэй. Төрийн бодлогод биечлэн оролцохгүй бол ажил бүтдэггүй юм байна.
- Таны өрсөлдөгч хэн бэ?
- Би өрсөлдөе гэж боддоггүй. Хүмүүс өрсөлдөгч гэхээр олон хүн яриад байдаг юм шиг байгаа юм. Би энэ тэр гэж ерөөсөө ярьж байгаагүй. Өөрийнхөө мэргэжилд үнэнч , амжилт гаргаж чадаж байвал Ц.Төмөрбаатар нэгдүгээрт аавынхаа нэр төрийг хоёрдугаарт: Ц. Төмөрбаатар гэдэг хүн амьд байх гуравдугаарт би эх орон ард түмнийхээ төлөө үйлчилж чадаж байна уу гэдэг ийм гурван зүйл ангиар мэдэрдэг. Түүнээс биш хүнээс илүү хүнээс дутуу байна шүү гэж ерөөсөө боддоггүй. Яагаад гэвэл би амжилттай явдаг. Өөрийнхөө уран бүтээлд хийе гэснээ тусгаж чаддаг. Тийм ч учраас ард түмний дунд миний бүтээсэн дүр сэтгэл зүрхэнд нь хүрдэг. Үүгээрээ бахархаж явдаг. Өрсөлдөгч маань би өөрөө өөртөө юм.
- Таны зорилго
- Нэг том зорилго бий. Сэтгэлдээ агуулаад л шаналаад л яваад байна. Урлагийн асуудлыг цэгцлэх юмсан гэсэн. Сургуульд байхдаал СТА авч байна. Энэ урлагт байгаа хүмүүсийн гавъяа шагналын асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Сайн сайн уран бүтээл хийгээд гавъяа шагнал аваагүй байхад юу ч хийгээгүй байж шагнал авдаг хүмүүс ч бас байна. Тэр битий хэл юу ч хийгээгүй байж Ардын жүжигчин аваад явж байна шүү дээ. Үүнийг юугаар авч байна. Мөнгөөр авч байна. Тэр мөнгий нь аваад шагналыг нь өгөөд байгаа хүмүүс болиочээ. Энэ урлагт чинь цензур хэрэгтэй байна. Үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй байна. Жүжигчдийг авъяасаар нь хөдөлмөрөөр нь зэрэглэл тогтоомоор байна. Бүгдийг нь шинэчилж шинэ уран бүтээл хиймээр байна. Шинэ сэргэг толгойнуудыг тавьмаар байна. Тэгж байж урлаг хөгжинө.
Ямарч байсан Монголын ард түмэн үнэн зөв сонголтоо хийх байх гэж би бодож байна. Олон жилийн явцад манай нам луйвардууллаа. Олон хүмүүсийн дунд яриад явж байхад Ардчилсан намд өгөөд байхад яагаад “ Ху” нам ялаад байнаа гэсэн ярианууд гардаг. Гэхдээ энэ жилээс ард түмэн их юм бодож амьдралын төлөө өөрсдийнхөө төлөө үр хүүхдүүдийн төлөө монголынхоо тусгаар тогтнолын төлөө ард түмэн их юм бодсон байх гэж бодож байна.
-Та ээжийнхээ талаар дурсахгүй юу?
-Миний ээж Сүхбаатар аймгийн Дарьгангынх. Ээж маань жилийн өмнө өөд болсон. Миний өдий зэрэгтэй явж байгаа нь ээжийн минь ач. Т.Долгоржав гэж хүн бий. Залуу насандаа ээжийнхээ ачлалыг умартаж явсан үе бий. Түүндээ үргэлж харамсаж явдаг. Өнгөрсөн үед нь хүн их юм боддог юм билээ. Тиймээс би ээжийнхээ ах дүү хамаатан саданг нилээн их сурвалжилж байгаад олсон. Нэрийн нь мөнхжүүлэхийн тулд бас л ажил хийх хэрэгтэй. Ээжийнхээ нутагруу таван удаа явсан. Миний ээж бас л хосгүй сайхан хүн байлаа. Нууц товчоонд дурдагддаг тэр Хонгарид нутгийн хүн юм билээ. Судлах зүйл их байна. Баярлалаа
Эх сурвалж: Өнөөдрийн тойм
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш