logo
Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журмыг баталжээ

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журмыг баталжээ

2012/05/16
СЕХ өчигдөр хуралдаж УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим журам, заавар, маягтын төслийг хэлэлцжээ.
Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй ажиллагааг хангах, Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журмын төслийг хэлэлцэж баталсан байна.
Энэ журмаар олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд энэ нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа телевиз, радиод хамаарах ажээ.
Эдгээр радио, телевиз сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг нам, эвсэл, нэр дэвшигч, захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр төлбөртэй нэвтрүүлэхээр журамд заасан байна. Мөн сонгуулийн сурталчилгааны хуваарийг бүртгэх, түүний хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих болон энэ журмыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо болон Харилцаа холбооны зохицуулах хороо ямар үүрэг гүйцэтгэх талаар тусгасан байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш