Төвдийн шарын шашны тэргүүн 14 дүгээр Далай лам хэвлэлийнхэнтэй уулзсан байна. Сурвалжлагчид түүнээс Төвдийн ард түмэн Хятадын харгис бодлогыг эсэргүүцэн өөрсдийгөө шатааж байгааг юу гэж бодож байна вэ гэж асуухад тэрээр энэ бол 2 улсын улс төрийн маш эмзэг сэдэв учир тэдний зөв, эсвэл буруу гэж хариулж чадахгүй гэсэн байна. Далай лам өнгөрсөн жилээс Төвдийн засгийн газрын тэргүүний үүрэгт ажлаа өгч, Төвдийг улс төрийн байдлаас нь төлөөлөхөө больсон тул хариулмааргүй байна гэж тайлбарласан байна. Мөн тэрээр Төвдчүүдийн 40 гаруй жил Далай Ламаа улс төр, шашны тэргүүн гэж дагаж сүсэглэж бишэрч явсан уламжлал өнгөрсөн жилээс зогссон. Одоо тэрээр зөвхөн шашны тэргүүний л үүрэг гүйцэтгэж байгаагаа хэлжээ. Хятадын төрийн бодлогыг эсэргүүцсэн Төвчүүд өөрсдийгөө шатааж зулын гол болсон хүний тоо 30 орчимд хүрсэн нь дэлхийн хүний эрхийн байгууллагуудын анхааралд өртөөд байгаа юм. Хятадын иргэний дайнд Чанкай Шигийн Гоминдан намыг ялж, шинэхэн коммунист улсаа байгуулсан Мао Зедун цэргийн хүчээр Төвдийг эзэлж, Автономит мужаа болгон зарласан. Мао Төвдийн эрх баригчидтай хэлэлцээр хийж өөртөө засах эрх олгосон. Гэсэн ч Дундад улс Төвдийг автомит муж болгож, дотоод асуудалд нь оролцохгүй гэсэн амлалтдаа хүрэлгүй Төвчүүдийн дотоод хэрэгт оролцон тэдний эрх ашгийг зөрчиж эхэлсэнд дургүйцсэн Төвдүүд 1959 онд Хятадын засгийн газрын эсрэг хөдөлгөөн өрнүүлсэн. Гэсэн ч Хятадууд цэргийн хүчээр бослогыг дарсны дараа Далай лам олон мянган Төвд хүмүүсийн хамтаар цаст оргил, дэлхийн дээвэр, Гималайг даван сайхан цаг ирэхээр эргэж эх орондоо ирнэ гэсэн эрмэлзэлтэйгээр Энэтхэг рүү дүрвэсэн юм. Энэтхэгт очоод тэрээр Төвдийн дүрвэгсдийн засгийн газар байгуулсан. Үүнээс хойш Хятад болон Төвд үндэстнүүдийн бараг хагас зуун жил үргэлжилж байгаа мөргөлдөөн, зөрчил тэмцэл эхэлсэн юм. 1980-аад оны сүүлээр Хятадууд төвдчүүдийн шашин шүтэх эрх чөлөөг боомилж, Төвдийн соёлыг устгаж байна гэж үзсэн лам нар бослого гаргасан боловч Дундадын эрх баригчид мөн л харгисаар цус урсган бослогыг дарсан юм. Хань үндэстнүүд Төвдийн газар нутагт ихээр ирж суурьшан хамаг л өнгөтэй өөдтэй ажлыг хийж байна гэж үзсэн Төвдийн эсргүүцлийн хөдөлгөөн мөн л дарагдсан. 2008 оны Бээжингийн Олимпийн өмнө 3 дугаар сард Төвдөд дахин Хятадын эрхшээлийг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал цуглаан болсон. Хятадууд дахин хүч хэрэглэн хөдөлгөөнийг дарсан. Эх сурвалжуудын мэдээлж байснаар олон мянган Төвд лам нар амиа алдаж, гэмтэж бэртэн, шоронд тамлагдсан. Хятадын засгийн газар хэдэн хүн амиа алдсаныг нуун дарагдуулсан учир гэмтсэн амиа алдсан хүмүүсийн тоо тодорхойгүй. Харин одоо Төвдийн шашин төрийн тэргүүн Далай ламын сууж байсан Потала ордны дээвэр дээр Дундад улсын далбаа намирч байна. Хятадын эрх баригчид Төвдийн шашин соёлыг мөхөөгөөгүй. Харин ч хоцрогдсон Төвд орны эдийн засгийг өөд татаж, Төвд хүмүүсийг соён гэгээрүүлж, эдийн засгийг нь хөгжүүлж байна гэж мэдэгдсээр байгаа. Гэхдээ Төвдийн дүрвэгсдийн засгийн газрын тэргүүн Лувсан Сангайгийн ярьж байгаагаар ТББ-ын судалгаанаас үзэхэд Төвдийн нийт хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэр, тээвэр үйлчилгээний 70 хув нь Хятадуудын мэдэлд байдаг. Төвдийн Орон нутгийн удирдах албан тушаалын хүмүүсийн 50 хувь нь Хятадын хань үндэстэн эзэлдэг. Дээд боловсрол эзэмшсэн Төвд хүмүүсийн 40 хувь нь ажилгүй. Түүний ярьж байгаагаар Төвд хүмүүст ажил олдохгүй, ядуурал газар авсан учир байнга тэмцэл мөргөлдөөн гардаг юм байна.
Shuum.mn
Shuum.mn