Өнгөрсөн зун 77 хүний аминд хүрсэн Норвегийн үндсэрхэг үзэлтэн Андерс Брейвикийн шүүх хурал үргэлжилж байна. Тэрээр олон хүний амь насанд хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч өөрийгөө буруугүй гэж үзсээр байгаа юм. Түүний гарт амь үрэгдсэн 77 хүний 69 нь өсвөр насны хүүхдүүд байсан юм. Өнгөрсөн шүүх хуралдаанд болсон явдлын гэрч болж, амьд үлдэж чадсан гэрчүүд мэдүүлэг өгсөн байна. Брейвик шүүх хурлын үеэр шүүгчид өөрийнх нь байр суурь, яагаад халдлага үйлдэх болсон шалтгаанаа тайлбарлах боломж олгохгүй байн гэж гомдолложээ. Харин Норвегийн эрх баригчид нийгэмд эмх замбраагүй байдал, лалын шашинтнуудын эсрэг үзэл дэлгэрэх вий гэдгээс сэргийлж, Брейвикийн шүүх хурлыг хагас хаалттай явуулсан байна. Өөрөөр хэлбэл түүний лалын шашинтнуудын эсрэг үзлийн талаарх мэдүүлэгийг олон нийтэд цацахаас татгалзжээ. 33 настай Брейвик Норевгийн өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа лалын шашинт цагаачдаас Европчуудыг болгоомжлуулах, лалын соёлын түрэмгийллээс сэргийлүүлэх, либерал эрх баригчдад цочоо өгөх үүднээс, халдлага үйлдсэн гэж өөрийгөө зөвтгөж тайлбарлаж байгаа. Тэрээр хийсэн хэрэгтээ огтхон ч гэмшихгүй байгаа аж. Олон хоног үргэлжилж байгаа шүүх хурлын үеэр тэрээр нэг л удаа нулимас дуслуулсан. Тэр нь яллагч тал түүний үзэл бодлоо илэрхийлсэн, Европчуудыг лалын шашинтнуудын эсрэг загалмайтны аян дайнд уриалсан зурагт хуудсыг баримт болгон үзүүлэх үеэр тэрээр сэтгэл догдлож нулимас дуслуулсан юм. Хохирогчид түүнийг хэт өөртөө итгэж, бахархаж байна гэж дургүйцэж байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn