logo
Иргэний үнэмлэхгүй 64 мянга гаруй иргэнд ухаалаг үнэмлэх олгох болжээ

Иргэний үнэмлэхгүй 64 мянга гаруй иргэнд ухаалаг үнэмлэх олгох болжээ

2012/05/16
Төрийн байгуулалтын Байнгын хорооны өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар "Иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн танилцуулснаар бол одоо шинээр иргэний үнэмлэх авах шаардлагатай 64 мянга гаруй иргэн байгаа юм байна. Тэрээр, эдгээр иргэдэд хуучин иргэний үнэмлэх олгох гэхээр өмнө нь хуучин үнэмлэхийг хэвлэж байсан машин болон бэлдэц хэвлэх машиныг битүүмжлэн архивт шилжүүлсэн тул боломжгүй байгааг хэлсэн юм. Учир нь сонгуулийн үеэр элдэв будлиан гаргахгүй байх үүднээс хуучин үнэмлэх хэвлэж асан 23 машин, 2500 ширхэг бэлдэц үйлдвэрлэх зориулалттай машиныг орон нутаг болон нийслэлээс хурааж авсан гэнэ.
Ингээд энэхүү 64 мянга гаруй иргэнд шинээр иргэний үнэмлэх олгохдоо Сонгуулийн хуульд заасан ёсоор иргэний цахим үнэмлэх олгох нь зүйтэй гэж үзээд байгаа аж. 64 мянга гаруй иргэд нь хаясан гээгдүүлсэн, иргэний үнэмлэх авах насанд хүрсэн гэхчлэн янз бүрийн шалтгаантай хүмүүс байгаа аж. Ц.Нямдорж сайд хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногт өөрийн биеэр очиж иргэний цахим үнэмлэх хэвлэж байгаа байдалтай танилцахад 25 үнэмлэх хэвлээд л 3 гологдол гарч байгааг дурдсан. Түүнчлэн иргэдэд лавлагаа гаргаад өгөх, түүгээр нь санал өгүүлэх боломж буй эсэхэд гишүүд анхаарал хандуулахад сайд хариулахдаа Сонгуулийн шинэ хуульд заахдаа иргэд зөвхөн иргэний үнэмлэхээр санал өгнө гээд дурдчихсан байгааг хэлсэн юм. Ингээд тэрээр хуучин үнэмлэх хэвлэх боломжгүй болсон тул иргэний шинэ цахим үнэмлэхээр тэдгээр 64 мянган иргэнийг хангах шаардлагатай болсон тул Засгийн газраас тогтоолын төсөл оруулж ирж байгаагаа хэлсэн.
Асуулт хариулт өрнөхөд гишүүд нэлээд хоорондоо маргаж байсан ч шийдэлд хүрч, энэ асуудлын хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн юм. Иргэний шинэ үнэмлэхний тухайд 960 мянган бэлдэц авчрах гэрээтэй ч одоогоор таван удаагийн ачилт хийж, 472 мянга гаруйг хүлээж аваад байгаа гэнэ. Иргэний цахим үнэмлэх хэвлэхдээ 3 сек-д 2-ыг гаргана гэсэн чинь 7 сек-д л ердөө нэг үнэмлэх гаргаж байгаа тухай байнгын хорооны хурал дээр мөн дурдагдлаа.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш