logo
Бөхийн оноолт, ам авсан байдлыг дэлгэцээр шууд үзүүлдэг болно

Бөхийн оноолт, ам авсан байдлыг дэлгэцээр шууд үзүүлдэг болно

2012/05/16
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2012 оны анхны хурал өчигдөр Төрийн ордонд болж, наадмын бэлтгэл ажил албан ёсоор эхэлж байна. Хурлыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд даргаллаа.
Өнгөрсөн жилийн наадам олон тэгш ой давхцаж асан бол энэ жилийнх УИХ болон НИТХ-ын сонгуулийг зохион байгуулах их ажлын дараа таарч байгаа. Иймд сонгуультай холбогдоод улсын баяр наадмын бэлтгэл ажил цалгардах ёсгүй. Тиймээс энэ хугацаанд салбар хороод бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулж, хариуцсан ажлаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд салбар хорооны дарга нарт үүрэг болголоо.
Наадмын бөхийн оноолтын программыг шинэчлэн боловсруулж, Төв цэнгэлдэхэд цугласан наадамчид болон баяр наадмыг шууд дамжуулж байгаа телевизийн дэлгэцээр бөхийн оноолт болон хэрхэн ам авсан байдлыг шуурхай үзүүлэх нөхцөлийг хангах, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчин тойронд автомашины зогсоолын талбайг нэмэгдүүлэх, зарим газарт түр зогсоол бий болгох, морь барианы газар дахь үзэгчдийн суудлыг шинэчлэх зэрэг олон санал гарч байлаа. Их тэнгэр дэх төрийн хүлээн авалт зохион байгуулдаг харшид завсар хийх, төв асрын тулгуур, дээврийг засварлах санал Төрийн ёслол үйлчилгээний салбар хорооноос гарч байлаа.
Энэчлэн салбар хороодын дарга нарын хэлсэн санал, ажлын төлөвлөгөөг нэг бүрчлэн сонссоны дараагаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд дараах үүргийг өглөө.
Наадамчдын хамгийн ихээр сонирхдог Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтын ажиллагаа, Улаанбаатарын үдэш цэнгүүнийг найруулах, зохион байгуулах ерөнхий найруулагчдыг сонгон шалгаруулах ажлыг энэ сард багтаан эхлүүлэх нь зүйтэй гэдгийг Шадар сайд онцлоод Төв цэнгэлдэх хүрээлэн дотор болон гадна талд том дэлгэц ажиллуулж, наадамчдыг нээлт, хаалтын тоглолтыг саадгүй харах боломжоор хангаж ажиллахыг даалгалаа.
Мөн морины уралдааны замын энхэл донхлыг тэгшлэх, хагарсан ан цавыг бөглөх ажлыг эртнээс хийж, Хүй долоон худгийн автозамын асуудалд анхаарч ажиллахыг Шадар сайд М.Энхболд үүрэг болголоо. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш