logo
Гадаадад амьдарч байгаа иргэд саналаа өгөхөд бас л гацаа үүсчихлээ

Гадаадад амьдарч байгаа иргэд саналаа өгөхөд бас л гацаа үүсчихлээ

2012/05/17
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар гадаадад амьдарч байгаа иргэд анх удаагаа саналаа өгөхөөр болсон. Ингэхдээ тэдний саналыг авахдаа чирэгдэл багатайгаар зохион байгуулах шаардлагатай. Гэвч гадаадад амьдарч байгаа монголчууд УИХ-ын сонгуульд оролцохын тулд хоёр дахин явж, цаг мөнгө гарздахаар байгаа. Тиймээс үүнийг хөнгөвчлөх хэрэгтэй гэсэн саналыг УИХ-ын зарим гишүүн гаргасан. Өчигдөр энэ асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ярилцсан ч ямар нэг шийдэл гарсангүй. Харин СЕХ болон ГХЯ зэрэг журам баталсан газар дахин хуралдаж шийдэхээр боллоо. Гадаадад амьдарч байгаа иргэд сонгууль өгөх журмыг ГХЯ, СЕХ хамтран гаргасан бөгөөд иргэд энэ сарын 11-30-ны хооронд биечлэн очиж сонгуульд оролцохоо илэрхийлэн бүртгүүлнэ.

Дараа нь зургадугаар сарын 10-ны өдөр дахин ирж санал өгөх юм. УИХ-ын зарим гишүүний үзэж байгаагаар иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн иргэд заавал биечлэн очиж бүртгүүлэлгүй, цахим шуудан, утас, факс зэргийг ашиглан бүртгүүлээд зөвхөн саналаа өгөхдөө биечлэн очих нь зүйтэй гэнэ. Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд, Э.Мөнх-Очир нарын гишүүд утас, факс, цахим шуудан ашиглаж бүртгүүлэх нь сонгууль будлиантах нэг шалтгаан болж магадгүй хэмээн болгоомжилж байлаа. Гэтэл АНУ-д гэхэд Монгол Улсыг төлөөлсөн Дипломат төлөөлөгчийн газар Сан-Франциско, нөгөө нь Вашингтон хотод байдаг. Тэгвэл Нью-Иорк, Чикаго зэрэг хотод монголчууд олноороо амьдардаг газрын иргэд сонгуульд оролцохын тулд онгоцоор хоёр удаа нисэх шаардлагатай болно. Мөн ийм бэрхшээл зөвхөн АНУ-д амьдарч байгаа монголчуудад тохиолдох биш Англи зэрэг хэд хэдэн улсад байна. Гэтэл холбогдох байгууллагууд эл асуудлыг бодолцож үзэлгүй журмаа баталсан нь гадаад дахь монголчуудаас нэлээд шүүмжлэл хүлээж буй гэнэ. Албан мэдээллээр бол гадаадад амьдарч буй монгол иргэдийн тоо 110 мянга гаруй байгаагаас 35 мянга гаруй нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байгаа аж.

Ш.АДИМА 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш