logo
Хятадууд өөрийг нь xopooxooc эмээж байна

Хятадууд өөрийг нь xopooxooc эмээж байна

2012/05/17
Их Британийн “Телеграф” сонинд Түвдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч XIV Далай ламын амь нас аюултай байдалд орсон талаар нийтлэл гарчээ. Түүнийг Хятадын тагнуулын алба Драмсалад ирэх үеэр нь хөнөөж болзошгүй аж. Эдүгээ 76 настай Нобелийн шагналт тэрбээр өнгөрсөн 40 гаруй жилийн турш Түвдийн тусгаар тогтнолын төлөө дуу хоолойгоо хүчтэй өргөж ирсэн нэгэн юм. Хамгийн сүүлд Түвдэд улс төрийн тэмцэгч нэгэн эмэгтэй алга болсон бөгөөд ажиглагчид түүнийг IV Далай ламын улс төрийн үйл хэргийг залгамжлагч хэмээж байв. Гэвч тэрбээр Лхас хотод байхдаа гэнэт алга болсон төдийгүй Хятадын төрийн нууц ажилтнуудын явуулга байх магадлал өндөр юм байна.

Удахгүй Далай лам Энэтхэгээс гарч Драмсалад нэг мөсөн ирж амьдрах болсон талаар Делигийн аюулгүй албаныхан мэдээлсэн аж. Учир нь Далай лам Бээжингийн захиргаатай ойлголцолд хүрээд багагүй хугацаа өнгөрлөө гэж “Синьхуа”-д бичжээ. Гэхдээ Далай лам зөвхөн Түвдийн тусгаар тогтнолын асуудлыг сөхөж ярихгүй байх үүрэгтэй. Харин тэнд зөрчигдөж байгаа цуст аллага, хүний эрхэнд ноцтой халдаж байгаа талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярих эрхтэй аж.

Гэхдээ Хятадын хуулийнхан түүнд тийм боломж олгохгүй. Учир нь Далай лам Түвдийн нөхцөл байдлыг нүдээр харсны дараа дэлхий нийтэд бодит дүр зургийг төвөггүй илтгэн, хүргэвэл БНХАУ-ын хилийн чанад дахь нэр хүндэд асар халтай юм. Тэгэхээр Далай лам Түвдэд амьдрахад юун түрүүнд маш өндөр хамгаалалт болон мэдээллийг үнэн зөв хүргэх хэвлэлийн хэрэгсэл шаардлагатай.

Тэрбээр энэ талаар Энэтхэгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид зарим шаардлагатай мэдээллийг Түвдээс авч байгаа. Хэдхэн хоногийн өмнө миний ойрын таньдаг эмэгтэй ор сураггүй болсон. Тэгэхээр Түвдэд толгой дараалсан аллага газар авсан хэвээр л байгаа болов уу. Хамгийн гол нь Хятадын төр надад баталгаа гаргаж өгсөн. Тэд нэр төр, ёс журмыг баривал миний амь насанд аюулгүй байх. Түвдэд олон мянган хүний эрх зөрчигдөж байна. Тэдний төлөө би залбирч байгаа. Миний гар тэдний шархалсан сэтгэл зүрхэнд хүрч тайвшруулах болно. Гэхдээ Хятад улс хэлсэндээ хүрэлгүй нууц ажилтнуудаа намайг егүүтгэхээр явуулахгүй гэх газаргүй. Надад айдас байгааг нуухгүй байна” гэжээ.

Байдал өнгөрсөн оныхоос бага зэрэг дээрдсэн ч Хятадын захиргаа түвд иргэдийг цөллөгт илгээж, тамлан хөнөөх байдал ил биш ч далдаар хийгдэж байна гэсэн хардлагыг Энэтхэгийн Засгийн газар тавьж байгаа юм.

Өнгөрсөн жил Түвдийн хэдэн арван иргэд Энэтхэгийн хил рүү дүрвэн орсноос болж Бээжин, Делигийн харилцаанд багагүй маргаан үүсч байсан аж. Лам нар амьдаараа шатаж, залуу банди нар хятад цагдаа нарын яргачлалыг дийлэхгүй шахам зовлон шаналалд Лхас хот дүүрсэн байв. Мэдээж байдал эдүгээ тийм ч сайнаар эргээгүй байгаа нь үнэн. Хамгийн гол нь Түвдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч IV Далай лам эх нутагтаа буцаж ирэх сураг гарах болсонд бүх учир бий. Үүнийг олон мянган түвд иргэн 60 гаруй жил хүлээжээ. Хэрэв Хятад улс 1953 онд 150 мянган цэргийн хүчээр Түвдийг түрэмгийлэхдээ IV Далай ламыг баривчлан хөнөөсөн бол өнөөдрийн энэ их итгэл найдвар, хүсэл тэмүүлэл байлаа ч гэлээ туйлын бүдэгхэн “асах” байжээ.

Тэгвэл дарлуулан, мөлжүүлсэн Түвдийн ард түмэн үндэсний баатар, аугаа удирдагчаас ч илүү хайрлан, биширдэг Далай ламыг олон жилийн дараа төрөлх нутгийнхаа хөрсөн дээр гишгэх болсонд туйлын их баярлах нь гарцаагүй. Харин түүний ирээдүй Лхаст хэрхэн үргэлжлэх нь Хятадын Засгийн газраас шууд хамааралтай болж байна.

Одоогоор Бээжин IV Далай ламыг эх нутагтаа ирэх талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй ч нэр хүндтэй хэд, хэдэн хэвлэлээр иймэрхүү мэдээлэл цацагдаж байна.

Т.Батсугар
Эх сурвалж :”Нийгмийн толь” 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш