logo
“Камертон 2” шоуныхан алдаагаа засаж чадах уу?

“Камертон 2” шоуныхан алдаагаа засаж чадах уу?

2012/05/17
Камертон хамтлагийн шүтэн бишрэгчид, үзэгчдийн хүсэн хүлээж байсан “Камертон 2” шоу телевизээр цацагдаад нэлээд хугацаа өнгөрлөө. Үзэгчид энэхүү шоуг дэлгэцнээ цацагдахыг тэсэн ядан хүлээж байсан нь дамжиггүй. Шилдэгийн шилдэг дөрвөн залууг шалгаруулан авч нэгэн хамтлаг болгон, таван жилийн продюсингийн гэрээ, Монголдоо л урд хожид байгаагүй хамгийн өндөр шагналын сантай гээд бусад шоунаас ялгарах онцлог их бий. Гэвч өндөг шиг өөгүй юм гэж хаа байхав. Том зүйлрүү тэмүүлж, өндөр оргилд гарахаар мацаж яваа хүмүүс дундаа бүдэрч л таараа гэж дотроо өмгөөлөх бодол төрж байгаа хэдий ч нэгдүгээр шатны шалгаруулалтаас харахад сэтгэлд нийцэхгүй зүйл бишгүй л байна. Тухайлбал: Нэвтрүүлгийн эхний хэдэн дугаараас ажиглахад шүүгчид, хөтлөгчид, оролцогчид, нэвтрүүлгийн хэлбэр хийц гэх мэт... Магадгүй үзэгчид орой бүр цэнхэр дэлгэцийнхээ өмнө суугаад шимтэн үзэх дуртай American idol, X Factor гээд телевизийн шоу өндөр түвшинд хөгжсөн гадны шоуг үзэх дуртай шигээ ийм түвшний шоу болох байх хэмээн хүлээж байсан байх. Ингээд энэхүү төслийн алдаатай талыг өөрийн үгээр сийрүүлвэл:
Нэгдүгээрт шүүгчид. Шүүгчдийн хувьд баруун гар талаас Мээдээ, Эба хоёр “Болж байна... Хөөрхөн дуулж байна... Таалагдлаа...” гээд л баахан магтаж байсан хэрнээ ахын дүү хичээлээ сайн хийгээрэй гээд явуулчих юм. Тэнцэхгүй байгаа бол яагаад гэдгээ товч бөгөөд тодорхой хэлэх хэрэгтэй ш дээ. Ганаа санал бодлоо шулуухан хэлж байгаа нь элдэв янзын баггүй амар боловч арай л хатуурхаад байх шиг. Төслийн ерөнхий продюсер Болд голыг нь олж хэлж байгаа боловч оролцогчдоо шоолж инээж, заримдаа хошин шог үзэж байгаа юм шиг. Мөн хоёр хоёроороо “Тийм”, “Үгүй” гэсэн санал тэнцчихвэл хамтлагийн ахлагч Болдын үгийг дагаж байгаа нь ч харагдсан. Ингэж оролцогчдоо гундуухан буцааж байхаар хөндлөнгийн нэг шүүгч авч болоогүй л юм байх даа. Үүнд дургүйцлээ илэрхийлж байгаа оролцогч ч байсан. Мөн шүүгчдийн зүгээс бараг оролцогч болгонд хэлж байгаа нэг шүүмжлэл нь “Маяггүй дуул...” гэх юм.
Хоёрдугаарт хөтлөгчид. Хөтлөгчдийн хувьд шоу нэвтрүүлэг хөтөлж байсан туршлагагүй хэдий ч томоохон төслийн нүүр царай болж байгаа гэдгээ ухамсарлаагүй бололтой. Дээр нь хэл ярианы баялаг, хөтлөх ур чадвар муутай, өөртөө итгэлгүй, сул дорой гэж хатуухан хэлэхэд ч багадмаар. Оролцогчтой ярилцаж байж өөр зүйлрүү анхаарлаа хандуулж дээшээ, доошоо харсан, элгээ тэвэрсэн байдалтай байхаас гадна оролцогч шоуныхаа тухай ярьж байхад гэнэт яриаг нь тасалж, огцом амьдралын сэдэврүү хазайх жишээтэй. Энэ бол оролцогчдоо болоод үзэгчдээ хүндэтгээгүйн нэг илрэл. Эрэгтэй хөтлөгч нь хэт савсганасан, ийш тийш үсчсэн өрөөсгөл дүр эсгэдэг бол эмэгтэй хөтлөгч нь үс зүсээ ч олигтой засч янзлаагүй, хувцаслалт нь ч нэг л биш ээ. Бөөн эрчүүдийн дунд гэрэл гэгээ татуулсан сувд шиг л баймаарсан. Хамгийн гол нь хөтлөгчид өөрийнхөөрөө чөлөөтэй байх биш, хиймэл дүр эсгэж түүндээ баригдмал байгаа нь үзэгчдийн дургүйцлийг төрүүлж, шоунаас залхаах нэг хэлбэр болж байна.
Гуравдугаарт оролцогчид. Хэдийгээр энэхүү шоунд маш олон залуус сэтгэл, зүтгэл гарган оролцож байгаа нь сайшаалтай ч, уг шоуны гол зорилго, утга учрыг дутуу дулимаг ойлгосон ч юмуу эсвэл зурагтаар гараад нэг үзчихье гэж бодсон ч юмуу шүүгчдийн өмнө гараад зохиолын дуу хэнэггүйхэн аялаад, эвтэйхэн солгойроод явчих нөхдүүд ч бишгүй л байна. Уг нь энэ шоунаас төрөн гарах хамтлаг нь Камертон хамтлагийн дуулах өнгө аясыг хадгалсан байх онцлогтой гэдгийг анзаараагүй л юм болов уу даа. Шоунд оролцохоор ирсэн залуусыг харахад нийтлэг ажиглагдаж байсан дутагдал бол ямар ч хувийн бэлтгэлгүй, дуугаа зөв сонгоогүй, дууныхаа үгийг мэдэхгүй, өмссөн хувцас нь халтар, дуу шуу муутай, бүрэг ноомой ер нь аль ч талаараа маш муу байсан гэж хэлж болно. Үнэхээр дуучин болох хүсэлтэй, мөрөөдлөө биелүүлж урлагийн од болохыг хүсч байгаа бол илүү их ач холбогдол өгмөөрсөн. Сайхан боломжийн нээгээд өглөө. Бүх зүйлээ дайчлах л хэрэгтэй.
Дөрөвдүгээрт дуу шумны алдаа. Үзэх хүсэл нь байгаад байдаг, үзмээр байдаг гэвч оролцогчдын яриа нь сонсогдохгүй, цуурай энэ тэрээс нь болж шууд л сувгаа солиход хүргэж байна. Микрофонтой зөв харьцаагүйгээс болж дуу хоолойны өнгө нь буруу сонсогдож, алдаа гарах тохиолдол ч бий. Нэгдүгээр шатанд микрофонтой харьцаж мэдэхгүй хүмүүст микрофон бариулалгүй, тухайн хүний дууг нь цэвэрхэн авах, харагдах байдлыг нь бодолцон “Бүүм” микрофон хэрэглэсэн нь зөв сонголт боловч хамгийн том алдаа энд л байна. Микрофоноо сайн бодолцож тавиагүйн улмаас оролцогч ярьж байхад дуу нь сонсогдохгүй, бас орчны хамаг дуу чимээг хамж авсан байна. Хөтлөгч оролцогчтой ярьж байгаа хэсэг нь цуурайтай байлаа гэхэд орчин нь “акустик” үүсгээгүйн улмаас мөн л нэвтрүүлэг үзэхэд зовиуртай.
 
Тавдугаарт эвлүүлгийн алдаа. Ямар ч ритм байхгүй. Нэвтрүүлгийн хэлбэр хийц, өнгө аясыг гадны ямар нэгэн шоу нэвтрүүлэгтэй харьцуулан харах юм бол нэгэн хэвийн, уйтгартай. Тэр нь юугаар илэрч байна вэ гэвэл тэнцээгүй оролцогчдыг багцлан гаргаж байгаа бөгөөд энэ нь үзэгчид хараад л шууд тэнцээгүй гэдгийг нь ойлгож байгаа юм. Үүнийг эерэгээр тайлбарлавал телевизийн ажил ямагт цаганд баригдмал байдаг учир нэвтрүүлгээ цаг хугацаанд нь багтаах гэж ийнхүү хийсэн байх.
Ямартаа ч “Камертон 2” шоу нэвтрүүлгийг харахад нэг иймэрхүү... Гэхдээ би “Камертон 2” шоуг үзэх дуртай. Ямар ч алдаа гаргаагүй хүн юу ч хийгээгүй байдаг гэдэг. Хоёрдугаар шатанд энэ бүх алдаагаа засаад, урам зоригтой ажиллаарай. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш