logo
Улс, нийгмээ хайраар, ёс зүйгээр удирд, эс чадваас...

Улс, нийгмээ хайраар, ёс зүйгээр удирд, эс чадваас...

2012/05/17
(Бодол, эргэцүүлэл)
Авлига бол нийгмийг там болгох хэрэгслэл мөн. Тэгэхээр түүнтэй тэмцэхгүй байхын аргагүй. Тэмцэх нь тун зөв. Сайн тэмцэх ёстой. Гэхдээ ардчиллыг буруу хэрэглэсэн шигээ авлигатай тэмцэнэ гэдгийг буруугаар ашиглаж үл болох. Дээр нь бидний үйл бүхэн хүнлэг байх ёстой. Хүмүүнлэг нийгэм байгуулна хэмээн тунхагласандаа бус харин зүгээр л хүмүн заяаг олж төрсөндөө тэр. Хүнлэг, өрөвч байж, хүний хийсэн хуулиас илүүтэйгээр ертөнцийн хуулийг их хүндэтгэдэг байх нь чөтгөрлөг бус харин хүнлэг ёс бус уу.
Бусдыг болон өөрийгөө зовооно гэдэг их буруу. Авлига эцэстээ өрөөлийг төдийгүй өөрийг нь их зовоох үйл тул түүнээс хүн бүр л хол байх хэрэгтэй юм. Хөлс дуслуулаагүй зүйлийг авахгүй байх нь авлигагүйн ёс зүйн, бас ёс суртахууны эхлэл. Энэ эхлэл гэр бүлд эхэлж, нийгэмд түгэх вий дээ.
Улс орон, нийгмийг хайраар, ёс зүй, ёс суртахуунаар л удирдаж байж гэмээнэ тэр зөв болж мэднэ. Хүний хийсэн хууль гэдэг угтаа хэн нэгэн хүний хүсэл, сонирхол, эрх ашгийн илэрхийлэл байдаг тул уг чанараараа, тэр нийгэмд зөрчил, үзэн ядалт, өс хонзон бий болгож байдаг нь жам. Ийм учраас хууль гарах бүрт л цөөнхөн нь сэтгэл хангалуун үлдэж, ихэнхи нь хуулийг дагахын золиос болж үлддэг. Тэгээд л хууль мөнхийн засаатай байх. Үүнийг хуулийн дарангуйлал гэдэг. Тэгэхээр ийм дарангуйлсан хуулиар бус харин хайраар, бас хүний ёс зүй, ёс суртахууунаар л улс нийгмээ зөв чиглүүлж байж тэр зөв болох вий дээ. Авлига муухай гэх тийм ёс зүй, ёс суртахуунтай болчихсон гэвэл авлигачид гэгдэх этгээдэд оргонох газаргүй олдохгүй аж. Үүнээс илүү шийтгэл гэж байх уу, тэдэнд.
Авлигатай тэмцэж байна гээд авлигын өөр нэгэн шинэ хэлбэрийг бий болгож үл болох. Чинхэвээс авлигатай тэмцэнэ гэдгийн дор төгсгөлгүй өшөөн авалт, өс хонзон, үзэн ядалтыг баян 1 -хувийнхны дунд бий болгож, дүнд нь улс нийгэм эцэстээ их хохирч үлддэг нь түүх. Ийм тэмцэл дуусдаггүй, аюултай. Тэгэхээр ганцхан оносон зам нь тэднийг зүгээр л орчих, тэд бидэнгүйгээр үйлийнхээ үрийг эдэлнэ, эрт, орой, хэзээ нэгэнт цагт. Бас тэднийг уучил, өрөвд, хайрла. Угтаа тэд хүний хийсэн хуулийн , нийгмийн, шуналын, хүслийн золиос юм шүү дээ. Үхэхдээ үүрээд явах юм шиг л албан тушаал, нэр хүнд, эд хөрөнгөтөнд тэмүүлж байгааг нь хараад бас өрөвд, тэднийг. Нэгэн цагт тэд ухаарч, уучлал гуйх дамжиггүй биз.

Улс орноо хайраар, ёс зүйгээр удирда. Тэгэж гэмээнэ онож мэднэ, эс чадваас төгсгөлгүй тэмцэл, хорсол, өшөө авалт, өс хонзон үргэлжилсээр л байдаг нь харин түүх.

Ц.Лувсандорж
2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш