logo
Афганистанд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байна

Афганистанд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байна

2012/05/18
Иргэний дайн болон гадны улсуудын түрэмгийлэлд олон жил нэрвэгдсэн Афганистан улсад эмэгтэйчүүдэд маш хэрцгий хандан эрхийг нь зөрчсөөр байна. Афганистанд хүссэн эмэгтэйгээ хүчээр авч суудаг хоцрогдсон уламжлал амь бөхтэй оршсоор. 18 настай Монтад гэдэг охин өнгөрснийг мартах гэж хичээж байна. Тэрээр өөртэй нь гэрлэх санал тавьсан хүний хүсэлтийг зөвшөөрөөгүйнхээ төлөө насаараа эрэмдэг болжээ. Монтадыг зөвшөөрөхгүй гэсэн хариу өгсний дараа түүнд сэтгэлтэй байсан залуу бусад зэвсэглэсэн нөхдийн хамт түний гэрт дайрч орж ирэн буу тулгаж байгаад нүүр лүү хүчил асгажээ. Түүний нүүрэн дээр хүчил асгасан хүн нь нөгөөх гэрлэх санал тавьсан нэгэн байжээ. Афганы хууль хяналтынхан гэмт этгээдүүдийг баривчилж хариуцлага хүлээлгэсэн боловч яг хүчил асгасан этгээд олдоогүй хэвээр байна. Одоо Монтад дахин халдлагад өртөхөөс сэргийлж нууц байранд амьдарч байна. Энэ хорогдох байранд Монтадаас гадна бусад 16 эмэгтэй хорогдож байна. Тэдний түүх, туулсан хувь заяа Монтадынхтай ижил. Тэд ямар нэг байдлаар хүсээгүй хүнтэйгээ гэрлэхгүй гэснийхээ төлөө гэсгээл хүртжээ. Сахаар Гул гэж охин одоо 14 настай. 13 настайдаа хүний эхнэр болсон. Гэрлэсний дараа түүний нөхөр болон ах дүүс нь Сахаар Гултай адгуус шиг харьцаж эхэлжээ. Түүний ярьж байгаагаар нөхөр нь гэр бүлийнхээ орлогыг нэмэгдүүлэхийн тулд Сахаар Гулыг биеэ үнэлэхийг шаарддаг байж. Тэрээр үүнийг эсэргүүцсэнийхээ төлөө тамлуулдаг байж. Нөхөр нь түүний хумсыг сугалж, төмөр утсаар хоолойг нь боодог байжээ. Хэдийгээр түүний нөхөр болон нөхрийнх нь гэр бүлийн 3 гишүүн баривчлагдаж, торны цаана суусан ч Сахаар Гул айдастай хэвээр байна. Афганистаны парламентын гишүүн Фавзия Кофигийн ярьж байгаагаар ер нь л эмэгтэй хүн нөхрөөсөө салах өргөдөл өгөхөд шүүх хүлээн авах магадлал бага байдаг аж. Аль болох гэр бүлийг салгахгүй шийдвэр гаргадаг байна. Хэдийгээр Холбоотны хүчин Афганистанд цэргийн ажиллагаа явуулснаараа шүүмжлүүлдэг ч НАТО Афганистанд нэвтэрснээр эмэгтэйчүүдийн эрх бага зэрэг сайжрах хандлагатай болсон. 2 сая орчим эмэгтэй хүүхэд сургуульд сурдаг болсон. Хүүхдийн эндэгдэл багасч, дундаж наслалт нэмэгдсэн байна. 2008 онд гаргасан судалгаагаар нийт Афган эмэгтэйчүүдийн 87.2 хувь нь ямар нэг байдлаар зодуур нүдүүр, бэлгийн хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт, эсвэл хүчээр гэрлэх зэрэг хүчирхийлэлд өртөж байна. Ерөнхийлөгч Карзайгийн Засгийн газар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, тэдний эсрэг хүчирхийллийг багасгах хууль санаачилж баталсан. Гэсэн ч хуулийг хэрэгжүүлэх байгууллага муу ажиллаж байгаагаас хууль төдийлөн хэрэгжихгүй байгаа. Холбоотны хүчин Афганистанаас цэргээ гаргахаар ярилцаж байгаа. Тэднийг гарсны дараа эмэгтэйчүүдийн эрх дахин зөрчигдөж эхлэх вий гэдэгт эмэгтэйчүүд санаа зовж байна. Афганчуудын хувьд нөхөртөө эсвэл сүйт залуудаа доромжлогдсон эмэгтэйчүүд хамгийн адгийнд тооцогддог байна. Монтад юу болсныг хэзээ ч мартаж чадахгүй байгаа. Тэрээр зөвхөн эрүүл мэнд бус сэтгэл санаа нь мөн шархалсан байгаа юм.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш