logo
Амьгүй донорын эд эрхтнийг ар гэрийнхний зөвшөөрлөөр авна

Амьгүй донорын эд эрхтнийг ар гэрийнхний зөвшөөрлөөр авна

2012/05/18
Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ өчигдөр шийдлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар танилцуулсан юм. Энэхүү хуулиар эд, эрхтэн шилжүүлгэн суулгах, сайн дураараа эд эрхтэнээ өгөх, эд, эрхтнийг амьгүй донороос авах эрх зүйн тогтолцоог улам боловсронгуй болгоно хэмээн Эрүүл мэндийн сайд танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр, амьгүй донороос эд эрхтэн авах тухай заалт байгаа юм байна. Өмнө нь амьгүй донороос эд эрхтэн авч хүнд шилжүүлэн суулгаж байсан тохиолдол бий юу. Хүн сайн дураараа өгч болно. Гэтэл нас барсан хүнээс эд эрхтнийг нь зөвшөөрөлгүй авах нь монгол ёс заншилд харш, нөгөөтэйгүүр донор байж таарах хэн нэгнийг санаатай хөнөөх үйлдэл рүү түлхэх юм биш биз хэмээн лавласан.
Эрүүл мэндийн сайдын тайлбарласнаар Донорын тухай хуульд нас барагчийн өөрийн гэрээслэл, төрөл садны зөвшөөрөл, шаардлагатай бол хуулийн байгууллагын зөвшөөрлөөр амьгүй донороос эд, эрхтнийг нь авах тухай заасан байдаг аж. Энэхүү хуулийг дагаж мөрдөж байгаа гэлээ. Донор гэдэг бол авлагагүй, сайн дурын үндсэн дээр цус, эд эрхтэнээ шилжүүлэх үйл явц гэж хэлсэн. Цусаа сайн дураар хандивласан донорт цай, 2500 төгрөг олгодог юм байна. Сүүлийн үед доноруудын нийгмийн асуудалд яамны зүгээс ихээхэн анхаарч байгаа талаар тэрбээр дурдсан. Тухайлбал, эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэйгээр үзүүлэх, сувилалд үнэ төлбөргүй амраах зэрэг арга хэмжээ багтаж байгаа юм байна.
Өөр асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд гишүүдийн олонхийн саналаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш