logo
Ираны эрдэмтнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан эрийг дүүжлэн хороожээ

Ираны эрдэмтнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан эрийг дүүжлэн хороожээ

2012/05/18
Ираны төрийн мэдлийн телевизийн мэдээлснээр Тегераны их сургуулийн эрдэмтнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан эрд ялын дээд хэмжээ оноожээ. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлдгээр Иран нь цаазын ялыг хамгийн ихээр хэрэгжүүлдэг улсуудын нэг юм.
Одоогоос хоёр жилийн өмнө Тегеранд цөмийн физикийн эрдэмтнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан эрийг мягмар гаригийн өглөө дүүжлэн хороосон талаар Ираны төрийн мэдлийн телевиз мэдээлжээ.
24 настай Мажид Жамали Фашиг 2010 оны нэгдүгээр сард профессор Массоуд Али Мохаммадигийн гэрийн гадна бөмбөг дэлбэлэн түүнийг хөнөөсөн хэмээн буруутгаад байсан ажээ. Фашиг түүнчлэн Израйлийн тагнуулын албаны туршуулаар ажиллаж, аллага үйлдсэнийхээ төлөө 120 мянган доллар авсан хэмээн буруутгасан байна.
Израйлийн тал энэ талаар ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Профессор Массоуд Али Мохаммади Тегераны их сургуульд ажилладаг байжээ. Сүүлийн жилүүдэд Ираны хэд хэдэн цөмийн физикчийн аминд халдсан хэргүүд гарсан. Ираны тал тэдгээр хэргүүдэд Израйль болон түүний холбоотон АНУ-ыг буруутгаж, цөмийн хөтөлбөрт нь саад тотгор учруулахаар оролдож байна хэмээн удаа дараа мэдэгдсэн байна.
Америк болон барууны улсууд Ираныг эрчим хүч гаргаж авах нэрийдлээр цөмийн зэвсэгтэй болохоор чармайж байна гэж үздэг ч Тегеран үүнийг үгүйсгэж, энхийн зорилгоор уран баяжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж мэдэгддэг.
2011 оны наймдугаар сард шүүгдсэн Фаши профессорыг хөнөөснөө хүлээж байгааг харуулсан бичлэгийг нэгдүгээр сард Ираны телевизээр дамжуулжээ. Тэрээр тухайн үед өөрийн оролцож байсан тагнуулын мэдээлэл цуглуулах ажиллагааныхаа талаар мөн дэлгэрэнгүй ярьсан гэнэ.
Харин Ираны сөрөг хүчнийхний мэдээлснээр профессор Мохаммади ерөнхийлөгч Махмуд Ахмаденижадын засгийн газрыг дэмждэггүй байсан учраас түүнийг хөнөөжээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш