logo
Н.Энхбаярын салаавч гэм буруугүйг нь нотлох юм гэнэ

Н.Энхбаярын салаавч гэм буруугүйг нь нотлох юм гэнэ

2012/05/18
Сонгууль дөхчихөөд улс орон ирэх дөрвөн жилийнхээ хувь заяаг атгуулах эрхмүүдийг томилох гээд ид ид бужигнаж байх ёстой атал сүүлийн нэг сарын турш Н.Энхбаяр гэдэг хүний баривчлагдсан, хоригдсон, өлссөн, батлан даалтанд гарсан гэх олон үйл явдлуудаар амьсгалж ирлээ. Энэ хооронд улс эх оронд олон ч үйл явдал болж өнгөрсөн ч хэн ч түүнийг анзаарах сөхөөхгүй, зөвхөн Н.Энхбаяраар л амьсгалж байлаа. Ээжүүд уйлж, аавууд жагсаж, үрээ харамлах эхийн сэтгэлийг харамгүй зориулав. Намынхан, ар гэрийнхэн нь болоод Улс төрийн холбоонд нь толгой хорогдсон хэн бүхэн л Н.Энхбаяр даргынхаа амь насанд санаа зовж, “гэм буруугүй” хүнийг улс төрийн “ялтан” болголоо гэж ирээд л олон тооны мэдэгдэл, бичиг цаасыг тал бүрт барьж гүйсэнсэн. Зарим нь бүр дуурайгаад өлсөж, амь насаараа дэнчин тавьсан шүү дээ. Тэгсээр нөгөө ертөнцөд явдгийн даваан дээр батлан даалтад гарсан, Н.Энхбаяр ерөнхийлөгч асан. Түүнтэй нь зэрэгцэн АТГ-аас Шүүхийн шийдвэр уншиж танилцуулах явцад хэрхэн дэггүйтэж, чихээ таглан аяглаж байсан бичлэгийг ил болгосон. Энэ нь түүнийг өмөөрч байсан олонд төдийлөн таалагдаагүй ч “тэгэх шалтгаан байсан” гэж ирээд л уучилж орхисон. Харин эрхэм ерөнхийлөгч асан маань 11 хоног шахам хуурай өлсчихөөд хөл дээрээ хээв нэг явж, эмнэлгийн цонхоор гараараа даллаж, эрхий хуруугаа гозойлгоод юу ч болоогүй юм шиг зогсож байлаа ш дээ. Тэрхүү үйлдэл ч ёстой анагаахын шинжлэх ухаанд нэвтэрсэн байтугай зах зухын мэдлэггүй хүмүүсийг хүртэл шоконд оруулж дөнгөсөн дөө. Тэгвэл Н.Энхбаяр ерөнхийлөгчийн бас нэг шоконд оруулсан үйлдлийн бичлэг ил боллоо. Өөрөөр хэлбэл, ШШГЕГ-аас түүний Төв аймгийн урьдчилан хорих төвд байхдаа ёс зүйгүй аашилж байсан тухай бичлэгийг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд тараав. Энэ бичлэг дээр ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хуулийн байгууллагын ажилтнуудын өмнөөс ард түмэн рүүгээ инээмсгэлэн далладаг байсан гараараа хоёр ч удаа салаавч гаргаж, төрийн хэргийг хэлэлцэж явсан амнаасаа бүдүүлэг үгсийг гамгүй унагасан нь бичигдсэн аж. Тус бичлэгт “Цагдаагийн хулгайч пизда зогсч байна. Хуцав аа чи, дахиад хэрэг үүсгэ /Ингэж хэлэхдээ тэрээр салаавч гаргав/. Яаж ч чадахгүй та нар намайг. Чи зайл, зайл чи, зайл” гэж хэлж байна. Угтаа тэр доромжлуулсан залуус хуулийн гар хөл болохоос Н.Энхбаяр ерөнийлөгч асныг хэрэгт хутгаад, өөрийг нь олон тэрбумын хөрөнгө завшихад нөлөөлөөгүй л байлтай юм. Энэхүү бичлэгийг үзсэн хүнд багагүй зүйл бодогдох янзтай байна. Тухайлбал, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн “зангиагаа засаад, гутлаа өмсөөд очих хэрэгтэй” гэдэг үг тийм ч буруу үг биш бололтой. Н.Энхбаяр гэдэг хүн МУ-ын гурав дах ерөнхийлөгч байсан, төрийн өндөр сэнтийд 10 гаруй жил сууж, дэлхий нийтэд Монголын нүүр царай болж явсан нэгэн. Тиймдээ хэзээд Монголын ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг байж, хууль цаазыг ёсчлон биелүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, хуулийн өмнө бүгд тэгш эрхээ эдэлж, шалгуулах шаардалагтай бол явж очоод шалгуулж, өөрийн буруугүйгээ нотлох баримт сэлт, тайлбараа өгөх ёстой байх. Түүнээс “би буруугүй” гээд чихээ таглаж гүйгээд, салаавч гаргаж, харааж зүхээд, өлсөж цангаж, хэвтээд, ард түмнээ нэгтгэх бус хуваан бутаргаж, хооронд нь нанчилдуулчих гээд байгаа нь нэг л хачин санагдаад байна. Гэнэн ард түмнээ хувийнхаа тоглолтын бай болгож, хийсэн хэргээ булшлах санаа агуулаад ч байгаа юм шиг, эсвэл илүү том булхайгаа илрүүлүүлчих гэж сандраад байгаа ч хүн шиг, нэг бол тэр агуу хүнийг тийм үйлдэл хийхэд нь яалт ч үгүй түлхээд байгаа үйлдлүүд болоод байгаа ч юм шиг. Ямар ч байсан Монголд шударга ёс тогтоох, хуулийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг болгох, ард түмнийг ядуурлаас гаргах, зүгээр л нэг зүлгэн дээр гэрээ бариад талхаа идээд амар тайван амьдрахаар нөхцлийг Н.Энхбаяр гэдэг энэ хүн бүрдүүлнэ гэдэгт эргэлзээ ихээхэн төрөөд байна. Ягаад гэвэл энэхүү хэрэг нэг тийг болох энэ бүхний дараа Н.Энхбаяр гэдэг хүн бидний төлөө явах чадвартай үлдэх эсэх асуудалтай санагдаад байна. Ямар ч байсан төрд гарсан томчуул салаавч гаргадаг “моод”-ыг өргөн дэлгэр хэрэглэдэг болж. Нэг нэгэндээ салаавч үзүүлж тохуурхах нь энүүхэнд болоод төрийн тэргүүн байсан хүн нь “ард түмэн”-ий төлөөлөл рүүгээ бахархалтай нь аргагүй гаргаж “хэвтэнэ”. Бид ч гэсэн хэрэг тарьчихаад салаавч гаргаж буруугүй гээд гүрийгээд байж болох юм байна. Хэн яаж чадах юм ер нь.
Э.Болор www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш