logo
Р.Раш: Би эрийг ядарч явахад араас нь өшиглөх хүн биш

Р.Раш: Би эрийг ядарч явахад араас нь өшиглөх хүн биш

2012/05/21
УИХ-ын гишүүн Р.РАШТАЙ цөөн хором ярилцлаа.
 
-Та саяхан нэгэн сонинд ярилцлага өгөхдөө Н.Энхбаяр хураасан нүглийнхээ үйлийг эдэлж байна гэж хэлсэн байсан. Яагаад ингэж байр сууриа илэрхийлэх болсон юм бэ?
- Хэдхэн хоногийн өмнө нэгэн сонины сэтгүүлч надаас Н.Энхбаярын тухай асуусан юм. Түүнд би хариулахдаа нүгэл, буян гэдэг үгийг хэрэглэсэн. Гэтэл тэр сэтгүүлч  миний хэлснийг бичихдээ хураасан буян гэснийг нь орхиод нүгэл гэдэг үгийг нь сугалж  “Н.Энхбаяр хураасан нүглийнхээ үйлийг эдэлж байна” гээд гарчиглачихсан байна лээ. Миний ярьсан зүйлийг ингээд гарчиглачихаар доторхыг нь уншаагүй хүмүүс намайг гайхаж хүлээн авч таарна. Би эрийг ядарч явахад араас нь өшиглөх хүн биш шүү дээ. Үүнийг минь олон түмэн гадарлах байх. Өмгөөлөгч О.Баасанхүүгийн ярьж байгаагаар бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тав зургаан асуудалд нэр холбогдсон юм билээ. Харин тэр асуудлуудад уул уурхайн лицензийн асуудал байхгүй. Тэр холбогдоод байгаа асуудлууд нь хуулийнхаа дагуу шийдэгдэнэ биз гэж ойлгож байгаа. Өчигдөр (уржигдар) нэгэн сонин дээр Европын холбооны хүний эрхийн өндөр хэмжээний мэргэжилтэн Н.Энхбаяртай холбоотой хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг буруутгасан зүйл ярьсан байна лээ.Мөн өнөөдөр (өчигдөр) нэг сонин дээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Монгол Улс хүний эрхийг зөрчихөө зогсоо гэж сануулсан янзтай мэдээ гарсан байна лээ. Гадаад улс орнуудаас ингэж ярьж байхад бид үйл ажиллагаагаа зөв гээд суух нь хир юм бол. Нөгөөтэйгүүр, Н.Энхбаяр төрийн гурван өндөр албан тушаал хашиж байсан хүн шүү дээ. Алдаа гаргасан л юм байх. Гэхдээ монголчууд төрөө дээдэлдэг ард түмэн гэдэг утгаараа асуудалд наанатай цаантай хандаж болоогүй юм байх даа гэх бодол төрсөн. Дутагдлыг хаацайлж ярьж байгаа юм биш шүү. Бидний хооронд ойр дотно сүрхий харилцаа байхгүй. Харин хүн ёс, хүн чанарын үүднээс л би санаа бодлоо илэрхийлсэн юм. Түүнийг минь буруу гарчигласнаас болж зарим хүмүүст буруу ойлголт өгсөн байна лээ.
 Ер нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан П.Очитрбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Бямбасүрэн, Содном, Гунгаадорж, Балхаажав, Дамдин гуай гэх мэт хүмүүсээ ашиглах хэрэгтэй юм шиг санагддаг.
-Та сая Н.Энхбаярын нэр холбогдсон асуудлууд нь хуулийнхаа дагуу явна биз гэлээ. Хүмүүс хуулийнхаа дагуу явж байгаа нь энэ гэж ойлгож байгаа байх. Харин та хуулиас гадна хүний ёсоор хандах хэрэгтэй гэсэн бодолтой байгаа юм уу?
-Хуулийг хэрэгжүүлэхдээ болхи байдлаар хэрэгжүүлж болохгүй л дээ. Гэрээс нь аваад явж байгаа нь хүмүүст эвгүй харагдсан шүү дээ. Дээр нь монголчууд чинь их өр нимгэн хүмүүс.
-Энэ асуудалтай холбоотойгоор нэр бүхий гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудал өргөн барьсан. Санал гаргасан гишүүдийн нэг нь та. Гэхдээ та сүүлд нь нэрээ татаж авсан. Харин одоо саналаасаа буцсаныхаа эсрэг мэт зүйл ярьж байгааг хүмүүс юу гэж ойлгох бол?
-Анх би санал гаргахдаа ёс зүй, хариуцлагын асуудлыг хөндсөн юм. Бидний гаргасан санал дээр сөрөг хүчнийхэн олон юм нэмж ярьсан. Би парламентын намын гишүүн хүний хувьд сөрөг хүчинтэйгээ хавсраад ярих нь зохимжгүй болсон. Намын бүлэг, Удирдах зөвлөл энэ асуудлыг олон талаас нь олон цаг нухацтай хэлэлцсэн.
-Н.Энхбаярт хүний ёсны үүднээс хандах хэрэгтэйгээ түүнийг өмгөөлсөн өнгө аястай зүйл ярьсныг уншсан танай намын удирдлагууд таныг буруугаар ойлгох юм биш биз дээ. Яагаад гэвэл танай намын гишүүд МАХН руу орсон шүү дээ?
-Н.Энхбаярыг баривчилсан нь манай намтай ямарч хамаагүй асуудал. Энэ асуудалд зүгээр л хүн ёсны үүднээс хандаж байгаа юм. Эцэст нь хэлэхэд нөхөр Н.Энхбаярт эрүүл мэндээ бодох хэрэгтэй гэдгийг зөвлөмөөр байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш