logo
Италид хүчтэй газар хөдлөлт болж, хүний амь үрэгдлээ

Италид хүчтэй газар хөдлөлт болж, хүний амь үрэгдлээ

2012/05/22
Италийн хойд нутагт өчигдөр 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлж долоон хүн амиа алдаж, 50 гаруй хүн бэртлээ гэж албаныхан мэдэгджээ. Газар хөдлөлт Сант Агостино ди Феррара хотод хүчтэй мэдрэгдсэн байна. Тэнд үйлдвэрийн барилга нурсны улмаас ажилчид дарагдан амиа алдсан. Харин Понте Родини ди Бондено хотод гурван хүн амиа алджээ. Тэдний дунд 106 настай эмээ газар хөдлөлтийн улмаас зүрх нь зогсож нас барсан аж. Бологна хотод нэг хүн дарагдсан байна. Газар хөдлөлт өчигдөр орон нутгийн цагаар 04.00 цагт Бологна хотоос хойд зүгт 35.3 км-ийн зайд Модена, Мантова хотын хооронд болсон гэж АНУ-ын Геологийн хүрээлэнгээс мэдээлжээ. Европын агентлагуудын мэдээлснээр газар хөдлөлтийн чичиргээний улмаас Феррара хотод байдаг XIV зууны үед баригдсан Эстенси цамхагийн ханын зарим хэсэг цуурч, хуучны зарим барилга нурж автомашинуудыг дарсан. Италийн Сан Фелече хотын дарга Альберто Сильвестри “Бид түүхийн ач холбогдолтой барилга байгууламжаа бараг алдсан. Үүнд сүм, цамхаг болон эртний загвартай орон сууцны барилга багтаж байгаа” гэжээ. Тус улсын Л’Акуйла хотын орчимд 2009 онд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 300 орчим хүн амиа алдаж байв. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш