logo
Америк эрдэмтэд оюун санаагаараа удирддаг робот бүтээжээ

Америк эрдэмтэд оюун санаагаараа удирддаг робот бүтээжээ

2012/05/22
Америкийн Роуд Айланд мужийн хүний тархины чиглэлээр судалгаа явуулдаг нэгэн институтын эрдэмтэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах зорилгоор гар хөлний хөдөлгөөнийг удирддаг тархины эсүүдийг тусгай роботтой холбох туршилт хийж байна. Учир хүмүүс нуруундаа гэмтэл авах, эсвэл цус харвасан тохиолдолд хүний хөдөлгөөнийг удирддаг тархины эсүүд гэмтдэг. Энэ үед хүн хөдөлж байна гэж боддог ч булчингуудаа удирдаж чадахгүй болдгоос гараа хөлөө хөдөлгөж чаддаггүй байна. Уг шинжлэх ухааны институтын захирал Жон Донохугийн ярьж байгаагаар тархины хөдөлгөөнийг удирддаг эсүүдээс ирсэн дохиог компьютерийн тусламжтайгаар хүлээн авч роботонд дамжуулна. Ингэснээр хүн хийх зүйлээ тархиндаа бодоход л түүний хүссэнээр робот хөдөлгөөн хийнэ. 15 жил тархины гэмтлээс болж үе мөчөө хөдөлгөж чадахгүй болсон эмэгтэй дээр тархины туршилтыг явуулж үзсэн байна. Эмэгтэй аягатай кофег өөр лүүгээ дөхүүлмээр байна гэж бодоход л мэдээлэл роботонд очиж кофег дөхүүлнэ. Одоогоор уг робот аягатай цай хоол дөхүүлэх зэргийг л хийж чадах болохоос төгөлдөр хуур дарах гэх мэт нарийн түвэгтэй хөдөлгөөн орсон үйлдлийг хийх боломжгүй юм байна. Гэхдээ ухаалаг гар утас болон бусад компьютер технологи хөгжиж байгаа учир яваандаа илүү чадварлаг робот бүтээх боломжтой юм байна. Мөн роботын уян хатан байдлыг сайжруулж илүү хүний хөдөлгөөн шиг үйлдэл хийдэг болгох боломж байгаа юм байна. Ямартай ч нуруу нугасны гэмтэлтэй болон цус харваж, тархины эд эсүүдийн гэмтэл авсан хүмүүс хүссэн зүйлээ хийж чадах цаг ойртож байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш