logo
Л.Гүндалай гишүүн хүн зодсон гэсэн мэдээлэл гүтгэлэг гэж мэдэгдлээ

Л.Гүндалай гишүүн хүн зодсон гэсэн мэдээлэл гүтгэлэг гэж мэдэгдлээ

2012/05/22
УИХ-ын гишүүн Л.Гүндалай өчигдөр Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийж хоёр зүйлийн мэдээлэл хийлээ.
Нэгдүгээрт, өөрийнх нь тухайд Оюунгэрэл гэдэг эмэгтэйг зодлоо хэмээн сүүлийн гурван хоногийн турш хэвлэл мэдээллийн нэлээд олон хэрэгслээр цацсаныг сонгууль дөхсөнтэй холбогдуулан нэг талыг барьсан ор үндэсгүй гүтгэлэг хэмээн мэдэгдэв. Хэн нэгэн хүний утсаар өгсөн яриаг үндэслэн бодит байдлыг нягтлан шалгалгүйгээр, үгүйдээ өөрөөс нь утсаар лавлалгүйгээр хэвлэлээр ийнхүү шууд цацсан нь улс төрийн захиалгатай, урьдаас зохион байгуулсан зориудын гүтгэлэг гэж тэрбээр үзэж байгаа аж. Тухайн үед өөрөө Хөвсгөл аймгийн Мөрөн хотод байсан учраас аймгийн АН-ын эмэгтэйчүүдийн чуулган болсон үеийг далимдуулан тараасан энэхүү гүтгэлэгт няцаалт өгч чадаагүй, тэгээд ч энэ явдлыг үнэн зөвөөр нь гэрчлэх 200 гаруй төлөөлөгч байгаа тул ийм мэдээлэл тараах нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх ард түмний итгэл үнэмшил, хэвлэл мэдээллийн нэр хүндэд ч сөргөөр нөлөөлнө гэж тэрбээр ярилаа. “Дөрвөн жилийн өмнө мөн л сонгуулийн үеэр дэд сайд эмэгтэйг зодлоо гэж гүтгэсэн яриа гарч байсан. Эмэгтэй хүн зодно гэдэг байж боломгүй зүйл, тэгээд ч би ер нь хүн зоддог хүн биш” гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.
Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хорооны хурлаар түүнийг даргаас нь огцруулж, Батцогт гэдэг хүнийг оронд нь сонгосон гэсэн мэдээлэл үнэн эсэхийг сэтгүүлчид түүнээс асуухад тэрбээр эрс үгүйсгэж “Энэ бол олонхийн төлөөлөлгүй, цөөн хэдэн хүн хуралдаад гаргасан хууль бус шийдвэр, Хөвсгөлийн ардчиллыг тэдгээр цөөн хүнээр тоглуулмааргүй байна” гэж хариулав.
Түүний хийсэн хоёр дахь мэдээлэл нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт тавьсан асуулттай нь холбоотой аж. Тэрбээр “Хөдөө орон нутагт явж байхад иргэд 5000 төгрөгөөр данс нээлгэх нь зөв үү, буруу юу гэж оллонтаа асуудаг. Энэ талаар Засгийн газраас асуухаар хариу өгдөггүй, тийм учраас Ч.Хүрэлбаатар даргад асуулт тавьж байгаа юм" гээд “Тавантолгойн нэг сая төгрөгийн хувьцааг ард иргэддээ үнэгүй эзэмшүүлнэ гэсэн. Амлалтын 1,5 сая төгрөгийг ямар нэгэн шимтгэл, хураамжгүйгээр иргэдэд бүрэн олгох ёстой атал сар бүр олгож буй 21 мянган төгрөгөөс банк 230-300 төгрөгийн хураамж авч байсныг хууль зөрчсөн явдал хэмээн таслан зогсоосон. Одоо нэг сая төгрөгийн хувьцааны данс нээж өгснийхөө төлөө 5000 төгрөг хураан авч байгаа нь хуульд нийцэж буй ариун явдал мөн үү?” хэмээн асууж, хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлэх, холбогдох Байнгын хорооны хуралдаанд сонсгох”-ыг хүслээ.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш