logo
Сайд өөрийгөө хамгаалах гэж санаатай худал мэдээлэл өгсөн хэмээн Р.Гончигдорж гишүүн мэдээллээ

Сайд өөрийгөө хамгаалах гэж санаатай худал мэдээлэл өгсөн хэмээн Р.Гончигдорж гишүүн мэдээллээ

2012/05/23
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяртай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Батлан хамгаалахын сайд төрийн нууц задруулсан гэсэн үндэслэлээр огцруулах саналыг өргөн барьж байсан билээ. Тэрбээр энэ удаагийн мэдээлэлдээ Батлан хамгаалахын сайд өөрийгөө хамгаалах зорилгоор УИХ дахь МАН-ын бүлэг, АБГББХ-ны гишүүдэд худал мэдээлэл өгсөн хэмээн буруутгаж буйгаа мэдэгдсэн. Түүнчлэн түүнийг улсын нууц задруулсан гэж үзсэн нь үндэслэлтэй гэдгээ мөн дахин тайлбарлалаа.
Зэвсэгт хүчний анги дээр мэргэн буудагчдыг бэлтгэж буй мэдээллийн талаар МАН-ын бүлгийн хуралдаанд доорх тайлбарыг өгсөн хэмээн Р.Гончигдорж гишүүн хэлсэн юм. Тэрбээр, “Сайд Ж.Энхбаяр ЗХЖШ шийдвэр гарган энхний ээлжинд 2011 оны 11 дүгээр сард 015 дугаар анги дээр 60 хүнийг мэргэн буудагчаар бэлтгэсэн бөгөөд энэ оны гуравдугаар сард дараагийн ээлжийг бэлтгэхээр АНУ-аас тусгай анги салбарын мэргэжлийн мэргэн буучид ирэх гэж байгаа хэмээн нээлттэй мэдээлсэн. Энэ мэдээлэл маргааш өдрийнх нь сонинд нийтлэгдсэнээс гадна, мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдэд гэсэн хаягтай тараагдан тэр өдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдсэн. Дээрх бичгийг ишлэл болгон Төрийн нууцын тухай хуулийн холбогдох заалтыг энэ хүн зөрчсөн гэж үзэн зохих арга хэмжээг авч өгнө үү гэсэн асуудлыг Ерөнхий сайдад тавьсан юм.
Үүний хариуд ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатараас хариу ирсэн. Уг бичигт, ЗХЖШ-ын даргын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А-664 тоот ил тушаалын дагуу мэргэн буудагчдыг бэлтгэх дамжаа төлөвлөгөөний дагуу явагдсан учир нууцын зэрэгт хамаарахгүй арга хэмжээ байсан хэмээгээд тушаалыг хавсаргасан байсан. Түүнчлэн мэргэн буудагчдыг бэлтгэх талаар АНУ-тай байгуулсан ямар нэг гэрээ, хэлэлцээр байхгүй гэж мэдэгджээ.
Тэгэхээр мэргэн буудагч бэлтгэх сургалтыг АНУ-тай хамтран хийхээр бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл нь худал болж таарч байгаа юм. Энэ асуудал нь олон талт болон 2 талын харилцаанд сэв суулгаж болзошгүй байсан учир бид ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд АНУ-тай хамтран мэргэн буудагч бэлтгэх асуудлаар лавлагаа авсан. Үүний дараа Энхтүвшин АНУ-ын Элчин сайдтай холбогдсон юм билээ. Харин АНУ-ын Элчин сайд дээрх мэдээллийг үгүйсгэсэн хариу ирүүлсэн байдаг” хэмээн гишүүдэд мэдээллээ.
Түүнчлэн Ж.Энхбаяр сайдын хийсэн мэдээлэл төрийн нууцад хамаарах эсэх асуудлаар ТЕГ-аас лавлахад Батлан хамгаалахын сургалтын бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөө нь байгууллагын дотоод нууцад хамаарч байна. Гэсэн хариуг өгсөн аж. Тэгэхээр байгууллагын нууцад хамаарна гэдгийг мэдсээр байж түүнийг дэлгэсэн нь нууц задруулсан үйл ажиллагаа мөн гэж эрхэм гишүүн үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Тэрбээр ийм зохисгүй үйлдэл гаргасан хүнтэй хариуцлага тооцдог тогтолцоог бий болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа ч мэдэгдсэн юм.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш