logo
Ирэх онд хүн ам 2 хувиар өсч, ажилгүйдлийн түвшин 6.1 хувьтай байхаар тооцжээ

Ирэх онд хүн ам 2 хувиар өсч, ажилгүйдлийн түвшин 6.1 хувьтай байхаар тооцжээ

2012/05/23
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсантай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Буд, ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун нар өнөөдөр Төрийн ордны Г танхимд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ Монгол Улсын 2013 оны эдийн засгийн бодит өсөлтийг 19.0 хувь байхаар баталлаа хэмээн Р.Буд гишүүн хэлсэн.
Эдийн засгийн гол тэнцлүүд болох төсөв, гадаад худалдаа, төлбөрийн тэнцлүүд эерэг гарч, макро эдийн засгийн тэнцвэртэй байдал хадгалагдахаар тогтоож өгчээ. Гэвч эрэлтийн хурдтай өсөлтийг дагаад инфляцийн түвшин нэмэгдэж болзошгүй байгаа бөгөөд мөн валютын дотогшлох урсгалын нөлөөгөөр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарах хандлага байгааг анхаарч үзсэн ажээ.
Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд инфяцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах бодлогыг 2013 онд авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Тэрбээр, “2013 онд Улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл, тусламж, төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: Тавантолгой-Сайншандын төмөр замын барилгын ажлын дийлэнхийг, Тавантолгой-Гашуунсухайт, Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн төмөр замыг барилгын ажлын 30 хувийг хийж гүйцэтгэнэ.Таван толгойн нүүрсний ордыг түшиглэн 400 MBт-аас дээш хүчин чадалтай цахилгаан станц, Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Чойр-Цагаан-Суврагын 220 кВт-ын ЦДАШ, дэд станцын барилгын ажлыг 2013 онд эхлүүлэхээр төлөвлөж байна.
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих хүрээнд Төв аймаг, Сайншандад 50-52 МВт-ын хүчин чадалтай салхин паркыг байгуулж, Сэлэнгэ мөрний ай савд 300-350 МВт чадлын УЦС барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
“100 000 айлын оронсууц хөтөлбөр”-ийн хүрээнд баригдах хорооллуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор Улаанбаатарын Их тойруу дамжуулах сүлжээнд ЦДАШ, дэд станцуудыг байгуулна.
Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд 2013 онд 1400 км хатуу хучилттай авто замыг шинээр барьж, Улаанбаатар хотод 100 км хатуу хучилттай авто замыг өргөтгөж, сайжруулахаар төлөвлөлөө” гэлээ.
Үндсэн чиглэлд 2013 онд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ эдийн засгийн өндөр өсөлт нь иргэддээ өгөөжтэй байхад онцгой анхаарч ажиллах ажээ. Эдийн засгийн өсөлтийн үр дүнд бий болох баялгийг ард иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, аж байдлыг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах замаар монгол хүний хөгжлийг тэтгэх, ялангуяа нийгмийн дундаж давхаргын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
Үндсэн чиглэлд тусгагдсан арга, хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр 2013 онд эдийн засгийн бодит өсөлт 19 хувь болж, Оны үнээр тооцсон ДНБ-ий хэмжээ 19 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцжээ. Түүнчлэн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4900 ам доллар болон гадаад валютын цэвэр албан нөөц 4,1 тэрбум ам доллар болно гэжтөлөвлөжээ. Ирэх онд хүн ам 2.0 хувиар өсч, ажилгүйдлийн түвшин 6.1 хувьтай байхаар байгаа ажээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш